Монгол Улсын 30 дахь Ерөнхий сайд томилогдоод долоо дахь өдөртэйгөө золгож байна. У.Хүрэлсүх Ерөнхий сайдаар томилогдсон цагаас хойш Засгийн газарт ямар хүмүүс багтах вэ гэдэг асуулт олон нийтийн анхаарлын төвд байсаар байна. Гэвч 65 гишүүнтэй дангаараа эрх барьж буй МАН 15 сайд томилох гэж өдөр, шөнөгүй хуралдаж, хэлэлцэж, тохиролцсоор саналаа нэгтгэж чадахгүй байсаар өдий хүрэв.
МАН-ын бүлэг өчигдөр Төрийн ордонд хуралдаж, Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн оруулж ирсэн багийн танилцуулгыг сонсч, үдэш болгов. Ерөнхий сайдын зүгээс 15 сайдын нэрийг бүлэгт танилцуулж, дөрвөн сайдыг ашиг сонирхлын зөрчилтэй хэмээн үзэж, сайдаар томилохгүй гэдгээ хэлсэн. Тодруулбал, Шадар сайдад нэрийг нь дэвшүүлсэн Л.Энх-Амгалан, Батлан хамгаалахын сайдад нэрийг нь дэвшүүлсэн Н.Цэрэнбат, Байгаль, орчин, ногоон хөгжлийн сайдад нэрийг нь дэвшүүлсэн О.Содбилэг, Барилга, хот байгуулалтын сайдад нэрийг нь дэвшүүлсэн Х.Баделхан нараас Ерөнхий сайд татгалзсан юм.
Тиймээс Засгийн газрыг огцруулахыг дэмжээгүй буюу 32-ын бүлгийхэн дөрвөн сайдынхаа нэрийг өөрчилж оруулж ирэхээр дахин хуралдсан.
Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн зүгээс УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэгийг Шадар сайдад, УИХ-ын гишүүн Н.Энхболдыг Батлан хамгаалахын сайдаар томилуулах хүсэлтэйгээ илэрхийлжээ.
УИХ дахь 32-ын бүлгээс Ерөнхий сайдын тавьсан саналыг байж болох хувилбар гэж үзжээ. Ингэхдээ Н.Цэрэнбатыг Байгаль орчин, ногоон хөгжлийн сайдаар, Х.Баделханыг Барилга хот байгуулалтын сайдаар нь хэвээр үлдээх саналыг гаргасан аж.
Удирдах зөвлөлийн хурлыг өнөөдөр зарлахаар болсон. Тус хуралдаанаар сайдад нэр дэвшигчдийг дэмжвэл УИХ дахь МАН-ын бүлэг дахин хуралдах аж.
Хууль зүй, дотоод хэргийн сайдаар Ц.Нямдорж томилогдоно
Засгийн газрыг огцруулахыг дэмжсэн 33-ын бүлгээс томилох сайд нарын нэрс өөрчлөгдөхгүй гэж байсан ч Хууль зүй, дотоод хэргийн сайдаар Ц.Нямдоржийг томилохоор болжээ. Бусад сайд нарын хувьд нэрс нь өөрчлөгдөхгүй гэдгийг эх сурвалжууд хэлж байгаа юм.
- Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга Г.Занданшатар
- Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар
- Уул, уурхай хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар
- Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн
- Сангийн сайд Ч.Хүрэлбаатар
- Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж
- Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Б.Батзориг
- Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг
- Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл
Засгийн газрыг огцруулахыг дэмжээгүй 32-ын бүлгээс санал болгосон сайд нар
Засгийн газрыг огцруулахыг дэмжээгүй 32-ын бүлгээс санал болгосон сайд нар ингэж өөрчлөгдөж магадгүй. Тодруулбал, Шадар сайдад яригдаж байсан Л.Энх-Амгаланг УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэгээр, Байгаль орчин, аялал жуулчлалын сайд О.Содбилэгийг УИХ-ын гишүүн Н.Цэрэнбатаар, Батлан хамгаалахын сайдад яригдаж байсан Н.Цэрэнбатын оронд УИХ-ын гишүүн Н.Энхболд нарыг томилохоор тохиролцжээ. Гэвч шинэ сайд нарыг өнөөдөр МАН-ын бүлэг, Удирдах зөвлөлийн хурлаар эцэслэх юм.
- Монгол Улсын Шадар сайд Л.Энх-Амгалан-Ё.Баатарбилэг
- Байгаль орчин, аялал жуулчлалын сайд О.Содбилэг-Н.Цэрэнбат
- Батлан хамгаалахын сайд Н.Цэрэнбат- Н.Энхболд
- Зам, тээвэр хөгжлийн сайд Ж.Бат-Эрдэнэ
- Барилга хот байгуулалтын сайд Х.Баделхан
- БСШУС-ын сайд Ц.Цогзолмаа