Төсөв сайжирсан, сайжраагүй

Хуучирсан мэдээ: 2017.10.11-нд нийтлэгдсэн

VS

Төсөв сайжирсан, сайжраагүй

Төсөв сайжирсан, сайжраагүй

УИХ 2017 оны төсвийн тодотголыг хэлэлцэж эхэлснээр төсвийн үзүүлэлт сайжирсан, сайжраагүй гэх маргааныг дагуулаад байна.

Үндэсний статистикийн хорооны мэдээллээр энэ оны эхний найман сарын байдлаар төсвийн орлого 900 тэрбум төгрөгөөр давж биелсэн бол Азийн хөгжлийн банк 2017 онд Монгол Улсын эдийн засгийн өсөлт 4 хувьтай гарна гэсэн прогноз гаргасан.

Эдийн засаг өсөлттэй гарахад нүүрсний экспортын орлого, татварын орлого хэд, хэдэн төрөл дээр нэмэгдэж, төсвийн үзүүлэлтийг ч сайжруулсан тухай эдийн засагчид онцолж байгаа.

Иймээс энэ долоо хоногийн “VS” буландаа Монгол Улсын 2017 оны төсвийн үзүүлэлт сайжирсан эсэх асуудлаар УИХ-ын гишүүн Ч.Улаан, Л.Энх-Амгалан нарын байр суурийг онцоллоо.

Ч.Улаан

Л.Энх-Амгалан

Ний нуугүй хэлэхэд бид бий болоогүй орлогыг хуваах гэж энд мунгинаж сууна. Төсвийн орлого 900 тэрбумаар давлаа гэлээ, төсвийн алдагдал 2.7 их наяд төгрөг байна. Тулчихсан гадаад зээлийн өр төлбөр хэд билээ. Хэрвээ ухаалаг схемтэй байсан бол автоматаар орлого, зарлагадаа суутгагдаад таарна.

Бид өөрсдийгөө хуураад сууж байна. Ямар хүний дотор саруулхан гэдэг билээ. Сайрхсан, тайвшруулсан мэдээлэл өгөөд байх хортой. Юмны учир гадарладаг улс биднээс “Та нар яаж төсөв сайжруулсан гэж хэлж чадаж байна аа” гэж асуувал би хариулж чадахгүй.

Арав орчим хувийн алдагдал сайн үзүүлэлт мөн үү, 2.7 их наядын алдагдал сайн үзүүлэлт мөн үү. Монгол Улсын түүхэнд байгаагүй л өндөр алдагдал. Төлбөрийн баланс алдагдалтай болчихсон. Тэгэхэд сайжирлаа гээд яриад сууж байгааг юу гэж ойлгох вэ.

 

Олон жил бид орлого нь биелдэггүй, зарлага нь давчихсан, алдагдал нь өсчихсөн төсөв ярьдаг байсан. Өнөөдөр анх удаа төсвийн орлого нь нэмэгдсэн, баавгайгаа алчихаад арьсаа хуваах асуудал ярьж байна.

Нэг жилийн хугацаа богино боловч Мэргэжлийн Засгийн газар өр зээлэндээ баригдчихсан, дампуурсан эдийн засгийг босгож болдог юм байна гэдгийг харууллаа. Олон улсын валютын сантай хөтөлбөрөө тохирч чадвал асар богино хугацаанд эерэг үр дүн гарч болдог юм байна.

Манай эдийн засаг бол жижиг эдийн засаг, 10 тэрбум ам. долларын л эдийн засаг. Эдийн засгийн өсөлтийг нэг хувьд хүргэхэд ямар их боломж гарч байгааг хүүхдийн мөнгийг өгч болдог юм байна гэдгээс харж болно.

Харамсалтай нь, улстөрчид өөрсдөө эдийн засгаа боомилдог. Эдийн засгийн өсөлтийг нэмэх төслүүдээ боомилдог.

Г.ХОРОЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж