Зоогийн газар, кино театр, автобусны буудал гээд хаа сайгүй утасгүй интернет буюу Wi-Fi сүлжээ нэвтэрчээ. Автобусанд хүртэл үнэгүй интернет бэлэн байна. Хэдийгээр технологийн дэвшил, өдөр тутмын амьдрал, мэдээлэл авах хурд гээд олон давуу талтай ч эрдэмтэд Wi-Fi сүлжээг хүүхэд, жирэмсэн эмэгтэйчүүдэд хортой нөлөө үзүүлдгийг анхааруулах болжээ. Түүнчлэн мэдрэл, нөхөн үржихүйн байдалд сөргөөр нөлөөлж, тархины үйл ажиллагааг удаашруулах эрсдэлийг нэмэгдүүлдэг гэжээ.
Сөрөг нөлөөтэй гэдгийг нь мэддэг ч гар утас нэхэж уйлах хүүхдэдээ хатуу зан гаргах зоригтой эцэг, эхчүүд төдийлөн олон биш байна. Өдөрт дөрвөн цагаас дээш хугацаагаар гар утас, таблет зэргээр тоглуулах нь 3-5 насны хүүхдүүдийн хувьд өсөлт хөгжил нь удаашрах, тархины хөгжлийг саатуулах зэрэг олон сөрөг нөлөөтэй. Ядаж л шөнө унтахдаа Wi-Fi төхөөрөмжөө унтраадаг айл бодит байдал дээр маш цөөхөн байдаг.
Wi-Fi төхөөрөмжийг яагаад унтраах ёстой вэ?
Нойр хулжаана
Унтахынхаа өмнө гар утсаар тоглох, Wi-Fi орчинд интернет хэрэглэх зэрэг нь нойргүйдэлд хүргэдгийг 2007 онд эрдэмтэд баталжээ. Ялангуяа Wi-Fi сүлжээний цахилгаан соронзон цацрагийг салгалгүйгээр шөнөжин асаалттай байлгах нь хүний тархинд асар их дарамт үүсгэдэг байна.
Урагт муугаар нөлөөлнө
Wi-Fi сүлжээний цацрагт өртөх нь хэвийн эсийн хөгжил, ялангуяа ургийн хөгжилд саад болдог байна. Тиймээс жирэмсэн эхчүүдэд онцгой хор нөлөөтэйг сэрэмжлүүлжээ.
Эсийн өсөлтийг удаашруулдаг
Данийн ахлах ангийн сурагчид нэгэн сонирхолтой судалгаа хийжээ. Тэд утасгүй интернетийн сүлжээ бүхий өрөөнд ургамал тавьж, мөн яг ижилхэн ургамлыг ямар ч сүлжээгүй өрөөнд байлгасан байна. Арав хоногийн дараа WiFi бүхий өрөөнд байсан нь хатаж хорчийсон бол эрүүл өрөөнд үлдээсэн цэцэг сагсайтлаа ургасан байжээ. Wi-Fi сүлжээ эсийн хөгшрөлтийг түргэсгэдэг гэдгийг эндээс харж болно.
Тархины үйл ажиллагааг удаашруулдаг
Данийн сурагчдын хийсэн туршилтын дараа эрдэмтэд Wi-Fi сүлжээний цацрагийн хор нөлөөг судалж эхэлжээ. Эрдэмтэд арав гаруй жил утасгүй интернетийн сүлжээг идэвхтэй ашигласан хүмүүсийн тархины хорт хавдраар өвчлөх эрсдэл хоёр дахин их байгааг тогтоосон байна.
Үргүйдэлд хүрэх эрсдэлийг нэмэгдүүлдэг
Зөвхөн гар утас, компьютер гэлтгүй Wi-Fi сүлжээний орчин өөрөө эр бэлгийн эсийг саармагжуулдаг болох нь туршилтаар батлагджээ
Төрөлтөд нөлөөлнө
Зохиомлоор үр суулгасан хулганыг 45 хоногийн турш WIFi орчинд байлгахад стрессийн төвшин хоёр дахин нэмэгдэж, зулбажээ.
Хорт хавдар үүсгэх магадлалтай
Цахилгаан соронзон орон, цацраг идэвхт туяа хорт хавдрын эрсдэлийг нэмэгдүүлж болохыг амьтан дээр хийсэн судалгаагаар баталсан туршилт олон. 21 настай нэгэн эмэгтэй утсаа байнга энгэрийнхээ халаасанд хийж явдгаас болж хөхний хорт хавдар туссан жишээ бас байдаг аж.
Эрдэс бодисын дутагдалд оруулдаг
Wi-Fi сүлжээ нь хүнийг эрдэс бодисын дутагдалд, оруулж, таргалуулах сөрөг талтай байж болно. Хүний аз жаргалын гормоныг багасгаж, тэжээлийн дутагдалд оруулдаг гэж гадны хэвлэлүүд
судалгааны үндсэн дээр бичсэн байдаг.
Wi-Fi сүлжээний хэрэглээгээ хянах, зохицуулах талаар бид хэр мэдээлэлтэй байдаг вэ? Энэ талаар зарим хүмүүсээс хариулт авлаа.
-Унтахдаа төхөөрөмжөө унтраадаг. Хүний биед сөргөөр нөлөөлдөг гэж сонссоноос хойш байнга унтраадаг болсон. Интернет хэрэглэх нь өдөр тутмын хэрэгцээ ч унтахаасаа өмнө сүлжээг бүрэн салгаж хэвших нь чухал байх.
-Төхөөрөмжөө унтраадаггүй.
-Нэг мэдэхэд мартаад унтчихсан байдаг. Төхөөрөмжөө унтраая гэж боддог ч ихэнхдээ асаалттай байдаг.
Энэ асуултад хариулсан иргэдийн ихэнх нь зургаа даруулахаас татгалзаж, харин асуултад хариулахыг зөвшөөрсөн тул төлөөлөл болгон, дээрх гурван эмэгтэйг онцоллоо. Гэхдээ асуулт тавьсан хүмүүсийн бараг 90-ээд хувь нь “Унтаж амрахдаа Wi-Fi сүлжээний төхөөрөмжөө унтраадаггүй” гэсэн хариулт өгч байлаа. Зарим нэг нь “Унтраагаад унтахаар хүүхдүүд асаачихдаг” гэсэн нь бас л бодох асуудал. Иргэдийн цөөнгүй нь Wi-Fi сүлжээний хэрэглээг зохицуулахгүй бол эрүүл мэндэд сөрөг нөлөөтэй гэдгийг бүр огт сонсож байгаагүй хүмүүс ч байсан.
Хэдийгээр бидний зайлшгүй хэрэглээ ч гэлээ ядаж бага насны хүүхдүүдээ Wi-Fi сүлжээтэй орчинд өдөр, шөнөгүй байлгахаас татгалздаг баймаар юм.
Танд бас дээрх асуултыг тавья, Та унтаж амрахдаа Wi-Fi төхөөрөмжөө унтраадаг уу?
Холбоотой мэдээ