Жүжигчин Р.Анхнямтай ярилцлаа. Амаржсанаасаа хойш нам гүмхэн болоод байсан жүжигчин маань “Чингисийн хүүхдүүд ” уран сайхны кинонд тоглоод амжжээ.
-Одоо охин нь хэдтэй вэ. Хүүхдээ харангаа уран бүтээлээ хийгээд байна уу?
-Охин маань дөнгөж ой хүрч байна. Гэхдээ энэ хугацаанд зүгээр суусангүй ээ. Ажлаа хийнгээ хүүхдээ өсгөж байна. “Монгол контент” компани болон “Анхням кастинг агентлаг” хамтран зохиолч Б.Шүүдэрцэцэгийн “Үүлэн хээтэй орчлон” романаас сэдэвлэсэн уран сайхны кино хийж байгаа. Ерөнхийдөө киноны маань зураг авалт төгсгөлийнхөө шатандаа орсон. Улирлын зураг авалттай учраас хүлээгдээд байж байна. Мөн Оскарт өрсөлдөх албан ёсны эрх авсан “Чингисийн хүүхдүүд” киногоороо олон улсын кино наадмуудад оролцоно. Миний хувьд буцаад уран бүтээлийнхээ ажилд орсон.
-Таныг “Чингисийн хүүхдүүд” уран сайхны кинонд жирэмсэн байхдаа тоглосон гэж дуулсан. Төрөх хугацаа дөхөх тусам киноны зураг авалтад оролцох амаргүй биз?
-“Чингисийн хүүхдүүд” уран сайхны киноны зураг авалтыг өнгөрсөн жил наймдугаар сарын сүүлчээр Архангай аймгийн Цэнхэр суманд авсан. Тухайн үед би төрөх дөхчихсөн жирэмсэн байсан юм. Эхлээд дөрөв, тав хоногийн зураг авалттай гэж байгаад сүүлдээ хур бороо ороод сунжирч, 10 гаруй хоног болсон. Энэ кинонд хурдан морины унаач их хөөрхөн гурван жаалын ээж болж тоглосон доо. Монгол ёс заншлыг харуулсан энэ киног хотод амьдарч буй хүүхдүүд эцэг, эхтэйгээ ирж үзээсэй гэж бодож байна. Хүүхдүүд маань хөдөө амьдарч буй хүүхдүүд юу хүсэж мөрөөдөж байна вэ гэх мэт олон зүйлийг “Чингисийн хүүхдүүд” уран сайхны киноноос ойлгох болно. Өөрсдийнхөө ялгааг ч олж харна.
-Жирэмсэн байсан учраас энэ кинонд тоглохоос татгалзаж болох байсан уу?
-Миний гэдэс томроогүй байхад энэ кинонд тоглох санал ирсэн. Киноны шат шатны үйл явц удаан үргэлжилсэн болохоор төрөх хугацаа маань дөхсөн. Татгалзах боломж байсан л байх. Гэхдээ найруулагч Д.Золбаяр, зураач Ганзориг ах нар маань намайг жүжигчин болж байхад анх хүмүүжүүлсэн хүмүүс л дээ. Анх кино гэж юу байдаг вэ гэдгийг заасан хайртай ах нар минь учраас надад татгалзах эрх байгаагүй. Яадаг ч байсан ах нарынхаа кинонд тусална гээд очиж тоглосон. Кинондоо тоглож ирээд 10 хоноод л төрсөн дөө.
-Та өмнө нь Франц, Хятадын уран бүтээлчдийн хамтын бүтээл “Чонон сүлд” уран сайхны кинонд тоглосон. Гэхдээ энэ кино маань Оскарт өрсөлдөх эрхээ авч чадаагүй?
-Тийм. Миний өмнө нь тоглож байсан “Чонон сүлд” уран сайхны кино 100 хувь хятадын уран бүтээлчдийн хийсэн кино биш гэдэг шалтгаанаар Оскарт өрсөлдөх эрхээ авч чадаагүй. Харин монголын уран бүтээлчид маань Оскарын наадамд өрсөлдөх эрхийг авсанд туйлын их баяртай байна. Энэ бол маш том алхам шүү дээ. Монгол кино маш хурдацтай хөгжиж байна. Бүх юм шат шатандаа журмынхаа дагуу явдаг болсон байна. Тиймээс ард түмэн маань монголынхоо уран бүтээлчдийг сайн дэмжээсэй. Хулгайн киног нууцаар үзэхээ болиод, кино театрт нь очоод үздэг болоосой. Тэгж байж Оскарын кино наадамд оролцох эрхийг өрсөлдөх эрх болгож чадна шүү дээ.
-Гадны уран бүтээлчдээс хамтран ажиллах санал хэр ирж байна вэ?
-Одоогоор гадны хэд, хэдэн уран бүтээлчдээс хамтран ажиллах санал ирээд байгаа. Гэхдээ охин маань нялх байгаа учраас удаан хугацаагаар орхиж явах хүсэлгүй байна.
– “Анхням кастинг агентлаг”-ийнхаа талаар ярихгүй юу. Хэзээ өөрийн агентлагаа байгуулав?
-Монголынхоо уран бүтээлчдийг гадны зах зээлд гаргах зорилгоор анх агентлагаа байгуулсан. Одоо агентлагийн маань үйл ажиллагаа төдийлөн сайн жигдрээгүй байна. Ихийг хийх хүсэлтэй, чадварлаг уран бүтээлчид тэр болгон жижиг зах зээлтэй газар хүссэнийхээ хэмжээгээр уран бүтээлд ажиллаад байж чаддаггүй. Тийм учраас миний туйлын хүсэл бол уран бүтээлчдээ гадны сайн уран бүтээлд ажиллуулъя гэдэг үүднээс агентлагаа байгуулсан.
А.сүрэн
Гэрэл зургийг Ц.Ариунболд