Говийн бүсийн залуучууд чууллаа

Хуучирсан мэдээ: 2017.10.10-нд нийтлэгдсэн

Говийн бүсийн залуучууд чууллаа

Говийн бүсийн залуучууд чууллаа

Говийн бүсийн залуучуудын чуулган энэ сарын 6,7-ны өдрүүдэд Өмнөговь аймгийн “Буянт хотхон” хүүхдийн зусланд “Эрхээ идэвхжүүлье: Залуучуудын оролцоо” уриан дор зохион байгуулагдлаа. Говийн бүсийн залуучуудын чуулганд МЗХ-ны Ерөнхийлөгч А.Мөнхбат, МЗХ-ны Ерөнхий Нарийн Бичгийн Дарга Б.Бэлгүтэй, Монголын эмэгтэйчүүдийн холбооны Ерөнхийлөгч Б.Эрдэнэчимэг, Өмнөговь аймгийн Залуучуудын холбооны тэргүүн Р.Сэддорж болон Өмнөговь, Дорноговь, Дундговь, Говь-Сүмбэр аймгийн төлөөлөл болсон 100 гаруй залуус, “Монголын Эмэгтэйчүүдийн Холбоо”-ны 10 гаруй эмэгтэйчүүд оролцлоо. 

Чуулганы үйл ажиллагааг нээж Өмнөговь аймгийн Залуучуудын Холбооны тэргүүн Р.Сэддорж үг хэлсэн юм. Тэрээр “Говийн бүсийн залуучуудын чуулганыг манай аймагт зохион байгуулах эрхийг олгосон МЗХ-ны удирдлагууддаа талархал илэрхийлье. Залуус бид оролцоотой, идэвхтэй байх нь чухал. Энэхүү чуулган энэ зүгт чиглэж байгаад баяртай байна. Чуулганы үйл ажиллагаанд амжилт хүсье” хэмээн хэлсэн юм. 

МЗХ-ны Ерөнхийлөгч А.Мөнхбат хэлэхдээ “Эрхээ идэвхжүүлье: Залуучуудын оролцоо чуулган 2016 оноос эхлэн хэрэгжиж эхэлсэн. Энэхүү төсөл хөтөлбөр хэрэгжсэнээр залуус сонгууль болон нийгмийн үйл ажиллагаанд оролцох оролцоо нь эрс нэмэгдсэн. Говийн бүсийн залуучууд чуулгандаа идэвхтэй оролцож байгаад талархалтай байна.” хэмээсэн.

Чуулганы эхний өдөр “Залуучуудын оролцоо, хөгжил”, “Эмэгтэйчүүдийн оролцоо, манлайлал” гэсэн хоёр үндсэн сэдвийн хүрээнд болсон. МЗХ-ны дэргэдэх сургалт судалгааны Полиси төвийн гүйцэтгэх захирал, Нийгмийн удирдлагын докторант сургагч багш Б.Цэвэлмаа “Залуучуудын оролцоо, хөгжил” сэдвээр илтгэл тавьж, шийдвэр гаргах төвшинд залуучуудын утга учиртай оролцоог нэмэгдүүлэх, залуучуудын хөгжил сэдвээр сургалтыг орсон юм. Жэндерийн үндэсний шинжээч, Ж.Занаа “Залуу эмэгтэйчүүдэд зориулсан эмэгтэйчүүдийн эрх, манлайлал, шийдвэр гаргах төвшинд эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэх” зэрэг сэдвээр илтгэл тавьж, практик сургалтыг явуулсан.

Дараагийн өдөр МЗХ-ны Ерөнхийлөгчийн онол бодлогын зөвлөх, “Их Монгол Язгууртан” ТББ-ийн Удирдах зөвлөлийн дарга Ө.Баяраа “Монгол Залуу Хүний Оролцоо”, “Бизнес Нэгдлийн дээд зөвлөл”-ийн тэргүүн А.Лхагвасүндэв “Иргэний оролцоо”, “Их Монгол Язгууртан “ТББ-ын Ерөнхийлөгч Г.Энх-Амгалан “Иргэний оролцоо: Оюуны хамтын ажиллагаа” сэдвээр илтгэл тавьж, сургалтыг явууллаа.

Мөн дөрвөн аймгийн төлөөлөл болсон залуус өөрийн аймгийн залууст тулгамдаж буй асуудал, хийж хэрэгжүүлж болох төсөл хөтөлбөр, цаашид хэрхэн хамтарч ажиллах талаараа санал солилцсон юм. Сургалтын үйл ажиллагаанаас гадна залуус дартс, олс таталт, караоке тэмцээнүүдээр хоорондоо өрсөлдсөн. Энэ үеэр манлайлагч тэргүүний залуусаа шагнаж, урамшуулсан билээ. Ийнхүү говийн бүсийн дөрвөн аймгийн залуус нэгдэн нийлж, биенээсээ суралцаж, туршлага судлан, шинэ шинэлэг санаагаа солилцон нэгэн цул болж чуулганы үйл ажиллагаанд сэтгэл хангалуун буцлаа. 

Эх сурвалж: МЗХ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж