Шинэ Засгийн газрын танхимд багтаж ажиллах сайд нарын нэрс хараахан эцэслээгүй байна.
УИХ дахь МАН-ын 32-ын бүлэг урьд шөнөжин ярилцсаны эцэст зургаан хүнийг сайдад нэр дэвшүүлсэн. Эх сурвалжийн мэдээгээр Шадар сайдад УИХ-ын гишүүн, УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны дарга Л.Энх-Амгаланг, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдад УИХ-ын гишүүн О.Содбилэг хоёрыг нэр дэвшүүлсэн ч Ерөнхий сайд У.Хүрэлсүх татгалзсан байна. Тэрбээр дээрх хоёр гишүүнийг уул уурхай, бизнесийн ашиг сонирхлын зөрчилтэй гэж үзэн, татгалзжээ.
УИХ дахь МАН-ын бүлэг одоо хуралдаж байгаа. Иймээс бүлгээр энэ асуудал яригдаж, тэднийг чигээр нь зүтгүүлэх үү, эсвэл дахин өөр хүн сойх уу гэдэг асуудал яригдах болж байх шиг байна.
Гэхдээ Ерөнхий сайдын хувьд 32-ын “бүлэг” доторх гишүүдээс өөрөө сонголт хийж, хоёр сайдыг тодруулна гэх яриа Төрийн ордонд дуулдаж байна.
УИХ дахь МАН-ын 33-ын “бүлэг”-ээс сайдад нэр дэвшүүлсэн хүмүүсийн тухайд одоогоор тодорхой мэдээлэлгүй байна.
Г.ХОРОЛ