“Оюутолгой” ХХК 100 кг-аас дээш жинтэй хүнийг ажилд авахыг дотоод журмаараа хориглосон нь хүний эрх зөрчсөн үйлдэл гэж Хүний эрхийн үндэсний комисс /ХЭҮК/ үзжээ.
Биеийн жингээсээ болоод ажилд орж чадаагүй нэгэн залууд дараах зүйлс тохиолджээ.
Энэ оны дөрөвдүгээр сард ‘Аюулгүй ажиллагааны зааварчилгааны сургагч’ буюу оффисын ажилд орохоор өргөдөл гаргаж, дөрвөн шатны шалгалтад тэнцсэн, 33 настай Ц.Чинбатыг “хэт тарган” гэсэн үндэслэлээр “Оюутолгой” компани ажилд аваагүй байна.
Тэрбээр өөрийгөө ур чадвар, боловсрол, туршлага болоод эрүүл мэндийн үзлэгт тэнцсэн байсан ч компанийн зүгээс “Эрүүл мэндийн шалтгаанаар ажилд авах боломжгүй” гэж цахим шуудангаар мэдэгдсэн тухай ярив. Ц.Чинбат ажилд орох хүсэлт гаргасан компанийн татгалзсан хариуд гомдолтой байсан тул хөдөлмөрлөх эрхийг нь зөрчсөн гэж үзэн, ХЭҮК-т ханджээ.
Хүний эрхийн комисс түүний гомдлыг судалж үзээд, “Хөдөлмөрийн харилцаанд ялгаварлан гадуурхалт бий болгож, хүний эрхийг зөрчсөн шийдвэр” гэж дүгнэн, биеийн жин заасан хэсгийг хүчингүй болгохыг шаардсан албан бичгийг “Оюутолгой” компанийн ерөнхий захирал Армандо Торрестод 2017 оны долдугаар сарын 22-ны өдөр хүргүүлсэн байна.
Энэ тухай комиссын Гомдол, хяналт шалгалтын хэлтсийн дарга Т.Ихтамир “Хүний эрхийн түгээмэл тунхаглалын долдугаар зүйлд “Хүн бүр хуулийн өмнө адил тэгш бөгөөд ямар ч алагчлалгүйгээр хуулиар адилхан хамгаалуулах эрхтэй”, Монгол Улс 1969 онд баталсан Олон улсын хөдөлмөрийн байгууллагын “Ялгаварлан гадуурхахгүй байх тухай”, Монгол Улсын Үндсэн хуулийн 14.2 дахь хэсэгт заасан “Хүнийг үндэс угсаа, хэл, арьсны өнгө, нас, хүйс, нийгмийн гарал, байдал, хөрөнгө чинээ, эрхэлсэн ажил, албан тушаал, боловсрол шашин шүтлэг, үзэл бодлоор нь ялгаварлах, хязгаарлах, давуу байдал тогтоохыг хориглоно” гэсэн заалтуудыг зөрчсөн” гэж тайлбарласан юм.
ОЮУТОЛГОЙ: ДОТООД ЖУРМАА ӨӨРЧЛӨХ БОЛОМЖГҮЙ
Хүний эрхийн комиссоос биеийн жин заасан хэсгийг журмаасаа хасах бичгийг “Оюутолгой” компанид илгээсэн ч тэдний зүгээс “Оффисын О3 ангиллын ажлын байранд ажиллах иргэн нь 100 кг-аас бага биеийн жинтэй байх” гэсэн заалтыг байгууллага дотроо мөрддөг дотоод журмаасаа хасах боломжгүй гэдгээ наймдугаар сарын 1-ний өдөр хариу мэдэгджээ. Тодруулбал, “Оюутолгой” компани зөвхөн далд уурхайн ажлын байрандаа бус оффисын ажлын байрандаа ч биеийн жингийн стандарт тавьсан хэвээр байна гэсэн байр суурийг илэрхийлсэн байна.
БИЕИЙН ЖИНГЭЭР ЯЛГАВАРЛАСАН МАРГААН ШҮҮХЭД ОЧЖЭЭ
Иргэн Ц.Чинбат энэ бүхний эцэст шүүхэд ханджээ. Иргэн, компани хоёрын хооронд үүссэн “Хүний эрх зөрчсөн” гэх маргааныг шүүх эцэслэн шийдвэрлэх ба Ц.Чинбат Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд гомдол гаргасан аж.
Түүнээс өөрөөс нь тодруулснаар Ц.Чинбат 2017 оны тавдугаар сараас хойших хугацааны цалинтай тэнцэх мөнгийг “Оюутолгой” компаниас нэхэмжилсэн байна. Мөн тэрбээр компанийн хүсэлтээр эмнэлгийн шинжилгээний дүгнэлт гаргадаг “Sos Medica Mongolia” эмнэлгийн эмчийг хэргийн хариуцагчаар татах болсон тухай ярив. Тус эмнэлэг нь 2017 оны тавдугаар сард “Оюутолгой” компанид ажилд орохоор шалгалтад тэнцсэн иргэдийн эрүүл мэндийн шинжилгээг хариуцаж байсан ба тухайн үед Ц.Чинбатад эрүүл мэндийн үзлэг хийсэн эмч Т гэгч өөрт нь бүх шинжилгээний хариугаар эрүүл мэндийн сөрөг үзүүлэлт илрээгүй талаар хэлж байжээ.
Гэрэл зургийг Н.БАТМӨНХ