Нүцгэн эрийн сүрдүүлгээс нийтийн эрх нэгдүгээрт

Хуучирсан мэдээ: 2017.10.10-нд нийтлэгдсэн

Нүцгэн эрийн сүрдүүлгээс нийтийн эрх нэгдүгээрт

Төрийн нэг цэгийн үйлчилгээг иргэдэд хөнгөн, шуурхай хүргэх цогцолбор барилга шинээр үүд хаалгаа нээлээ.

Гар дээрээс зарахгүй бараа алга. Тамхи, бохь, ундаа, ус, савласан цай, кофе ширхэглэн худалдаж эхэлсэн наймаачид өдгөө жимс жимсгэнэ, печень чихэр,  оймс, дотуур хувцас хүртэл гар дээрээс худалдаалж байна. Зарж, ашиг олж  болох бүхнийг гар дээрээс наймаалах болжээ. Чанарын баталгаагүй хүнс, өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүнийг, тав тухгүй орчинд наймаалсаар Хархорин захын гадна талд болон III, IV хороололд зам дагуу бүхэл бүтэн зах үүсэн бий болсныг саяхан татан буулгасан. Улсад нэг ч төгрөгийн татвар төлөхгүйгээр ашиг олохын дээр орчныг хог хаягдлаар бохирдуулдаг гар дээрх наймааг зогсоосон нь зөвөөс зөв шийдвэр гэж би хувьдаа харж байна.

Алийн болгон бид гудамжнаас хооллож, ундаалж, олон сар жилээр онгож гандсан хувцсаар гоёх ёстой вэ. Гар дээрх наймаанд хэн баталгаа өгөх вэ. Хэнээс ч зөвшөөрөл аваагүй, хэн гэдгийг нь ч танихгүй хүнээс худалдаа хийснээс болж найман настай охиноо алдсан нэгэн гэр бүлийн уй гуниг арилаагүй байна. Төв аймгийн Батсүмбэрээс ирсэн гэр бүлийнхэн энэ оны дөрөвдүгээр сард хүүхдүүдээ хотоор зугаалуулаад буцахдаа Нарантуулаас чанасан өндөг авч өгсөн нь хөөрхий охиных нь аминд хүрчихнэ гэж хэн санах билээ.  Гэтэл тэдний гунигт түүх давтагдахгүй гэх баталгаа алга.

Гар дээрх арилжаа наймааг зогсоох шийдвэрийг хүлээн зөвшөөрөөгүй хүмүүс эсэргүүцэл үзүүлж, жагсаал цуглаан хийж, өлсгөлөн зарлан сүрдүүлж байна.  Өнгөрсөн долоо хоногт Хархорин захын гадна наймаа эрхэлж байсан хүмүүс Хангарьд ордонд жагсаал хийсэн бол ердөө өчигдөр наймаачин эр гудамжинд нүцгэлэн эсэргүүцлээ илэрхийллээ. Гар дээрээс худалдаа наймаа эрхлэгчдийн эрх ашгийг хамгаалах нийгэмлэг байгуулахдаа тултал тэд хүчирхэгжжээ. Зөвхөн Хархорин зах орчимд гар дээрх наймаа эрхэлдэг 100 гаруй хүн байна гээд бод доо. “Хөөрхий ядарсан л хүмүүс гар дээрээс наймаа эрхэлж байгаа шүү дээ. Өдрийн хоолны мөнгөө олж л байг” гэх хүмүүс бий. Хэрэгцээ шаардлага хаана байна, тэнд нийлүүлэлт үүснэ гэсэн дүгнэлтээр гар дээрээс наймаа хийж буй нь ч цөөнгүй.

Зам дагуу хир тоос, утаа униарт идэгдсэн бүтээгдэхүүнийг хэн худалдан авдаг вэ? Яарч сандарсан ганц нэг хүмүүс ширхгийн тамхи, бохь тэргүүтнийг л худалдан авахаас  хэтрэхгүй. Харин учир мэдэхгүй балчир хүүхдүүд, хөдөөнөөс хотод орж ирсэн хүмүүс голчлон үйлчлүүлдэг. Ойролцоо дэлгүүр хоршоо, зах, худалдааны төв байгааг мэдэхгүйгээс гадна хүнсний аюулгүй байдлын тухай огтхон ч ойлголтгүй хүүхэд багачууд, гэнэн цайлган хүмүүсийг эргүүлдэн, наймаа эрхэлдэг үйлдлийг хэдий болтол нүдэн балай, чихэн дүлий хараагүй мэт явах вэ. Цангаагаа тайлах ундааны мөнгө хүүхдэдээ өгөхдөө зам дагуу зарж буй өдөржин наранд халсан ундааг бүү аваарай гэж хэлж үзсэн үү? Зам зуурт таарсан, эхэлж нүдэнд харагдсанаа л авчихдаг нь хүүхдүүдийн зан. Хажууханд нь дэлгүүр байсан ч тийш зүглэхгүй. Түргэн үйлчилгээний цэг /ТҮЦ/ гэх сайхан нэртэй ч хүнсний бүтээгдэхүүний хадгалалт, хамгаалалтгүй үйлчилгээний газрууд ч гар дээрх наймаанаас нэг их ялгарахгүй. Өдөржин арилжаа, наймаа эрхлэхдээ бүтээгдэхүүний чанар аюулгүй байдалд анхаарах нь байтугай хувийн ариун цэвэр сахидаг  эсэх нь эргэлзээтэй. “Би л худалдаж авахгүйгээс хойш арилжаа хийх эсэх нь хамаагүй” гэсэн аминчхан үзлээс үүдээд гар дээрх наймаа улам бүр цэцэглэсэн.

Ганц нэгээрээ худалдаа хийж байсан хүмүүс олуулаа болж, тэр хэрээр зах худалдааны төвүүдэд байр, лангуу түрээслэн, улсад татвар төлж буй хүмүүсийн ашиг орлогыг бууруулж, эрх ашгийг хөндөхөд хүрчээ. Чухам тиймээс Хархорин захын наймаачид гар дээрх худалдаа эрхлэгчдийг болиулахыг шаардаж эхэлжээ. Захын удирдлагууд ч арилжаа эрхлэгчдийнхээ шаардлагын дагуу харъяа дүүргийнхээ засаг захиргаанд хандаж, дүүргийн эрх мэдэл бүхий хүмүүс зөвшөөрөлгүйгээр ил задгай наймаа эрхлэхийг хориглосон хэрэг. III, IV хорооллын өргөн чөлөөнд байрлаж байсан майхант худалдааг ойр орчмын байранд оршин суугчдын шаардлагаар татан буулгасан. Цагтаа хүүхэд багачууд тоглож, хөгшид амардаг байсан өргөн чөлөөнд хэний ч зөвшөөрөлгүйгээр майхан барьж, гутал хувцас, ойр зуурын хэрэгцээт бараа бүтээгдэхүүн худалдаалах болсноос үймээн шуугиан тасрахаа байж, хог шороо нь ч дийлдэхээ больжээ. Тиймээс л дүүргийнхээ удирдлагуудад хандаж, захыг буулгасан байна.

Харин цаашдаа гаргасан шийдвэрээ баттай хамгаалаарай гэж захимаар байна. Ил задгай, эрүүл ахуйн наад захын шаардлага хангаагүй орчинд чанарын баталгаагүй бараа бүтээгдэхүүн,  тэр дундаа хүнс худалдаалахыг хориглосон шийдвэрийг тань  эсэргүүцэгчээсээ дэмжигч нь олон гэдэгт итгээрэй. Гар дээрх наймаагаа үгүйлсэн хүмүүс уйлж орилж, жагсаж, цуглаж, нүцгэлж, өлсгөлөн зарлаж л байг. Нийтийн эрх ашиг, олонхийн сайн сайхны төлөө хэсэг бүлэг хүмүүсийн, цөөнхийн эрх ашиг хязгаарлагддаг нь ардчиллын зарчим. Гэтэл шат шатны удирдах албан тушаалтнууд дунд гаргасан шийдвэрийнхээ үр дүнг үзэлгүй эргэж буцдаг, хэн нэгний дарамт шахалтаас залхдаг буруу жишиг тогтоод буй. Эргэж буцах байсан юм бол шийдвэр гаргахын хэрэг юун. Олон нийтийн сүлжээгээр дайрч доромжлох, нэр хүндэд халдах, нийтийг турхирч худал мэдээлэл цацах, жагсах, суулт, өлсгөлөн зарлах бүрийд айж сандран шийдвэрээ цуцлаад байх юм бол нэг л өдөр таныг суудлаа надад өг гээд өлсөх вий.

Нөгөөтэйгүүр нийтээрээ дагаж мөрдөх журам дүрэм, олонхийн эрх ашгийг дээдлэх зарчмаас гажиж гар дээрээс наймаа хиймээр санагдаад байгаа хүмүүс ааг омгоо дарж, гар хөлөө хөдөлгөж, тархи толгойгоо ажиллуулан, ажил хөдөлмөр эрхэлж, мөнгө олж болно гэдгийг бас сануулъя.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж