Оскарт өрсөлдөх монгол кино

Хуучирсан мэдээ: 2017.10.10-нд нийтлэгдсэн

Оскарт өрсөлдөх монгол кино

Поп хатагтай Б.Сарантуяа энэ сарын 26-29-нд Америкт “Unforgettable evening” буюу “Сэтгэл догдлуулсан орой” аялан тоглолтоо хийхээр болсон билээ.

…Бямбаа хүү сумынхаа наадмаар хурдан морь унаж уралдах хүсэлтэй. Гэвч аав нь морь уядаггүй учраас өөрөө морио уяхаар шийднэ. Төд удалгүй нутагт нь НҮБ-ын ажилтан Сара морь унаач хүүхдүүдэд хамгаалалтын хувцас тараахаар ирж, Бямбаатай танилцсанаар хурдан морины унаач хүүхдүүдийн тухай өгүүлэх “Чингисийн хүүхдүүд” уран сайхны кино цааш өрнөх аж.

Монгол ёс заншил, уламжлалыг дэлхийд сурталчлах “Чингисийн хүүхдүүд” уран сайхны кино Академийн дээд шагнал гардуулах 90 дэх удаагийн Оскарт Монгол Улсыг төлөөлөн анх удаа өрсөлдөх эрх авсан тухай баярт мэдээг өнөөдөр /2017.10.10/ киноны уран бүтээлчид нь дуулгалаа.

"Чингисийн хүүхдүүд" уран сайхны киноны зөвлөх продюсер Д.Цэнгэл

Д.Цэнгэл: Оскарт нэр дэвшсэн гэж ойлгож болохгүй

“Чингисийн хүүхдүүд” уран сайхны киноны олон улсын харилцааг хариуцан ажилладаг, зөвлөх продюсер Д.Цэнгэл ярихдаа “Чингисийн хүүхдүүд” уран сайхны кино 90 дэх удаагийн Академийн дээд шагнал болох Оскарын “Гадаад хэл дээрх кино”-ны төрөлд Монгол Улсыг төлөөлөн анх удаа албан ёсоор өрсөлдөх эрх авсан. Энэ удаа наадамд өрсөлдөх эрхийг авсан болохоос нэр дэвшсэн гэж ойлгож болохгүй. Оскарт өрсөлдөхөөр 92 улс бүртгэгдсэний дунд Монгол Улс багтсан. Оскарын есөн гишүүнтэй сайн дурын гишүүд цуглаж, эдгээр улсын киног үзэж, шалгаруулалтыг эхлүүлнэ. Одооноос эхлэн дэлхийн 92 улсын кино хоорондоо өрсөлдөх ба ирэх нэгдүгээр сарын 10-нд дүнг танилцуулна. Аль улсын уран сайхны кино олон улсын кино наадмуудад уригдаж, кампанат ажлаа хүчтэй явуулсан байна гэдгийг харгалзан Оскарт нэр дэвших шилдэг таван улсыг сонгоно гэсэн үг. Монголын уран бүтээлчид кино ‘олимп’-д оролцох эрхтэй болсон ч нэр дэвшихийн тулд хөрөнгө хүч болон хүний нөөцийн маш их дэмжлэг шаардлагатай байгаа. Тиймээс уран бүтээлчдээ дэмжиж, “Чингисийн хүүхдүүд”-ээ зорин үзэхийг урьж байна” гэв. 
 

"Чингисийн хүүхдүүд" уран сайхны киноны ерөнхий зураглаач Д.Ангараг

“Чингисийн хүүхдүүд” үндсэн гурван шалгуурыг давж чадсан
 

“Оскарын кино наадамд өрсөлдөх эрхийг авахын тулд “Чингисийн хүүхдүүд” уран сайхны кино гурван үндсэн шалгуурыг хангасан. Нэгдүгээрт, уран бүтээлчдийн 90-ээс дээш хувь нь монгол уран бүтээлчид ажилласан байх ёстой. Хоёрдугаарт, тухайн улсдаа нээлтээ хийсэн байх ёстой. Гуравдугаарт , тухайн улсад үзэж буй үзэгчдийн тоо нэлээд хөшүүрэг болж өгдөг. Бид монголдоо киноныхоо нээлтийг амжилттай хийж чадвал олон улсад хийгдэх сурталчилгаанд их дэм болох юм. Ирэх сараас эхлэн Америкийн хоёр компанитай хамтран “Чингисийн хүүхдүүд” уран сайхны киноны пи-ар, маркетенгийн ажлыг эхлүүлнэ” гэж “Чингисийн хүүхдүүд” уран сайхны киноны зураглаач Д.Ангараг ярив.
 

“Чингисийн хүүхдүүд” уран сайхны киноны зураг авалтыг 2016 оны дөрөвдүгээр сард Архангай аймгийн Цэнхэр суманд хийжээ. Морины унаач хүүхдүүдийн дүрд нэг айлын ах дүү гурван хүү тоглосон гэнэ. Энэхүү дэлгэцийн уран бүтээлийн нээлт өнөөдөр болох ба “Улаанбаатар” олон улсын кино наадмыг нээж байгаагаараа онцлог юм. 

“Чингисийн хүүхдүүд” кино нь 2017 оны гуравдугаар сарын 23-ны өдөр АНУ-ын Кино ассоциацаас АНУ-д гарах лиценз болох “Бүх насныхан” ангиллыг албан ёсоор авсан Монголын анхны кино гэдгийг уран бүтээлчид мөн тодотгов.

Одоогоор “Чингисийн хүүхдүүд” уран сайхны кино 10 гаруй олон улсын кино наадамд амжилттай оролцоод байгаа бөгөөд ирэх онд ч гэсэн Нью-Йорк, Сочигийн кино наадам зэрэг 10 олон улсын наадамд оролцох урилгаа хүлээн аваад байгаа гэнэ. Уг уран сайхны киног жил гаруй хугацаанд бүтээхдээ нэг тэрбум 200 сая төгрөгийн хөрөнгө зарцуулжээ.

 

А.Цээсүрэн

Гэрэл зургийг Ц.Ариунболд

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж