Зур тэгээд дага буюу зурхайн нөлөө | News.MN

Зур тэгээд дага буюу зурхайн нөлөө

Хуучирсан мэдээ: 2017.10.10-нд нийтлэгдсэн

Зур тэгээд дага буюу зурхайн нөлөө

УИХ-ын гишүүн, Үйлдвэр, хүнс, хөдөө аж ахуйн сайд Х.Баттулгатай ярилцлаа.

Сүүлийн 200-гаад жил зурхай эрчээ авч, үүнд итгэдэг хүн олон болжээ

Astrologyzone.com бол сард зургаан сая гаруй хүн зочилдог, өөрсдийн тогтмол хэрэглэгчидтэй болсон томоохон сайт. Зурхайн ухааныг амьдрал, ажил төрөлдөө хэрхэн зөв хослуулахыг зааж, тайлбарладаг гээд ерөнхийд нь ойлгочихож болно. Гайхалтай нь, тус сайтаар үйлчлүүлэгчийн тоо жил ирэх тусам нэмэгдсээр байгаа аж.

“Сүүлийн үед хүмүүс зурхайн ухааныг амьдралдаа их хэрэглэх болсон. Зарим хүнд хачин сонсогдож магадгүй. Гэхдээ шинэ компани байгуулах, гэрээ хэлцэл хийх, шинэ бүтээгдэхүүн зах зээлд турших гээд бизнесийн чухал шийдвэр гаргах бүртээ зурхай хардаг хүн олон болсон” хэмээн тус сайтыг үүсгэн байгуулсан Сюзан Миллер сэтгүүлчдэд сонирхуулан ярьжээ. Зурхай бол хэдэн мянган жилийн түүхтэй шинжлэх ухаан. Хүн төрөлхтөн харанхуй бүдүүлэг байхдаа зурхайд маш их итгэдэг байсан. Харин боловсорч гэгээрэхийн хэрээр төдийлэн ойшоохоо больсон гэх бодол хэн бүхэнд бий. Гэтэл энэ бүхэн бодит амьдрал дээр харин ч эсрэгээрээ гэдгийг энэ талаар мэргэшсэн хүмүүс хэлж байна. Бүр тодруулбал, сүүлийн 200-гаад жил зурхайн ухаан улам эрчээ авч, үүнд итгэн, амьдралынхаа чухал шийдвэр гаргалтад ашигладаг хүн олон болжээ.

Жирийн иргэдээс авахуулаад томоохон бизнес эрхлэгчид, улстөрчид хүртэл өдөр тутамдаа зурхай хардаг байв. Жишээ нь, бидний сайн мэдэх Стив Жобс байна. Түүний үүсгэн байгуулсан “Apple” компанийн үйл ажиллагаа 1990-ээд оны эхээр нэг л явцгүй болоод иржээ. Энэ үед тэрбээр компанийнхаа байгуулагдсан сар, өдрийг шинжиж үзэх санаа төрсөн гэдэг. Ингээд үзэхэд “Apple” компани хонины ордынх байв.

Уг ордныхон шинийг сэтгэж санаачилдаг, бүтээлч сэтгэлгээтэй, дэврүүн бодолтой зэрэг нийтлэг төрхтэй. Үүн дээр үндэслэн шинэ бүтээгдэхүүн үйлдвэрлэж, зах зээлд нэвтрүүлсэн нь маш их амжилт олжээ. Зарим нэгний ойшоож үздэггүй зүйл заримынх нь ажил үйлсэд үлэмж хувь нэмэр оруулсан иймэрхүү жишээ олон. Тэр ч байтугай АНУ-ын 40 дэх Ерөнхийлөгч Роналд Рейган болон түүний эхнэр Нэнси нар зурхайд маш их итгэдэг байсан тул Калифорнийн нэгэн зурхайчтай байнга холбогддог байсан гэдэг. Үүнийг хожим Цагаан ордон хүлээн зөвшөөрсөн юм. Ноён Ерөнхийлөгч зурхайчаас авсан зөвлөгөөн дээрээ үндэслэн улс төрийн шийдвэр гаргаж байсан эсэх нь тодорхойгүй хэвээр үлджээ. Хамгийн гол нь хэрэглэгчид зурхайг харж сонголтоо хийх нь элбэг тул байгууллагууд үүнд нь уялдуулан үйлчилгээгээ уян хатан байлгаснаар амжилт олох магадлалтай гэдгийг зурхайг бизнестэй холбон судалдаг мэргэжилтнүүд тайлбарласан юм.

Зурхай гэдэг зүйл монголчуудын хувьд шинэ юм биш. Тэртээ XVI зууны дунд үеэс өдгөө бидний хэрэглэж буй нар, сарны хөдөлгөөнийг ажиглан шинждэг зурхай монголчуудын дунд дэлгэрснээс хойш өнөөг хүртэл хадгалагдсаар байна. Энэ нь бидний өдөр тутмын амьдралд байр сууриа баттай олж, хэн бүхэн дагаж мөрдөх болжээ. Ядаж л Цагаан сараар зүг чигээ гаргахад хүртэл зурхайд заасныг баримталж, тухайн жилийнхээ зүг мөрийг тэгшилдэг. Яваандаа дорнын зурхай жирийн иргэдийн амьдралаас нэгэнт хальж, бизнесийн орчинд ч чухал нөлөө үзүүлэх болжээ. Өнгөрсөн бямба гарагт намрын дунд сарын шинийн 17 тохиов. Жилдээ ганц тохиодог, Дашням, Балжинням давхацсан энэ өдрийг монголчууд “Асуудаггүй 17-н” гэж нэрлэдэг. Жилийн хамгийн сайн өдөр болохоор ямар ч үйл хийж болно.

Тэгвэл өнөө жилийн 17-нд Гэрлэх ёслолын ордонд 64 хос хуримаа хийж, гал голомтоо бадраав. Өглөөнөөс авахуулаад орой болтол дугаарлаж, багагүй хөл хөдөлгөөнтэй байжээ. Жирийн өдрүүдэд 30 хүрэхгүй хос үйлчлүүлдэг бол энэ өдөр даруй хоёр дахин олон хос Хуримын ордныг зүглэв. Үүнийг дагаад ресторанууд ойрд олоогүй орлогоо хийж, хурим дагасан бусад бизнес ч жам ёсоороо идэвхжлээ. Унтаа байсан зах зээлийг идэвхжүүлж, иргэдийн гар дээр байсан бэлэн мөнгийг эргэлтэд оруулсан нь шинийн 17-ны гол ач холбогдол байлаа. Бизнес эрхлэгчдийн хувьд ийм өдөр олон байгаасай гэж хүссэн байх. Монголын нөхцөлд үсчний бизнест зурхай хамгийн их нөлөөлдөг. Иргэдийн ихэнх нь муу өдөр үсээ засуулахыг хүсэхгүй. Нас богиносно гэсэн өдөр үсээ засуулахыг хэн хүсэх билээ. “Үс засахад сайн, муу өдөр бидний ажилд маш их нөлөөлдөг. Хэрэв муу өдөр таарвал орлого бараг 50 хувиар багасна. Ийм өдөр ажилчдынхаа заримыг амраах байдлаар зохицуулахаас өөр аргагүй. Сарын 30 хоногийн 15 нь сайн, 15 нь муу өдөр байдаг.

Үүнийгээ дагаад бид бараг сарын талд нь ажиллах шахуу л болж байна” хэмээн 13 дугаар хороололд үйл ажиллагаа явуулдаг “Энхжин” салоны эзэн өгүүлсэн юм. Энэ мэтээр зурхай бидний амьдралын салшгүй нэг хэсэг болжээ. Гэхдээ зурхайд сохроор итгэж, дагаж мөрдөх учиргүй гэдгийг зурхайчид сануулдаг. “Зурхайн ухаан гэдэг сав шим ертөнцийн түгээмэл холбоо хэлхээг судалдаг гэж ойлгож болно. Сав гэдэг нь гараг ертөнц, шим гэдэг нь хүн амьтан тэгээд үүний зүй тогтол, харьцааг судалдаг. Зурхай бол ерөнхий хар зургийг нь хэлж өгөөд байна шүү дээ. Түүнээс жас гараг гэхээр л бараг хоол унд идэлгүй гэртээ хэвтээд бай гэсэн үг биш. Тодорхой байдлаар ажил, амьдралд тань нөлөөлж болзошгүй өдөр байна гэж анхааруулж байгаа л хэрэг юм. Гараг, од, мэнгэ, суудлынх гээд олон мөчлөг байна.

Энэ эгзэгтэй мөчлөгүүдийг сайн анзаараад анхаарамжтай байх хэрэгтэй. “Төрсөн өдрийн төөрөг, гарсан өдрийн гараг” гэх аман яриа бий. Тэр яриаг хэтийдүүлээд “би бол ядарсан хувь тавилантай хүн” гэж боддог байж таарахгүй” хэмээн зурхайч Л.Тэрбиш тайлбарлажээ. Манай бизнес эрхлэгчид зурхайг өдөр тутмынхаа амьдралд хэрэг зэрэг хэрэглэдгийг мэдэхгүй юм. Харин улстөрчид бол зурхайчдаас байнга зөвлөгөө авна. Хэдийд нэр дэвших вэ, сурталчилгаагаа хаанаас эхлүүлэх, зарим тохиолдолд ямар шийдвэр гаргахаа хүртэл зурхайчтай зөвлөдөг гэнэ. 1990-ээд оны эхээр үзмэрч Ч.Дашцэрэн Ерөнхийлөгчийн үзмэрч гэж явдаг байв.

Зурхай жирийн амьдралаас хальж, бизнесийн орчинд ч чухал нөлөө үзүүлэх болсон

Ийм тохиолдол ганц Монголынх ч биш л дээ. Өндөр хөгжилтэй гэгддэг оронд ч зурхайчид улс төрийн шийдвэр гаргалтад нөлөөлсөн жишээ байна. Хамгийн ойрхны, хамгийн их дуулиан дэгдээсэн жишээ гэвэл Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Пак Гын Хэ-г тойрсон асуудал. Удам дамжсан улстөрч, тус улсын 18 дахь Ерөнхийлөгч Пак Гын Хэ багын найз, зурхайч Чой Сүн Шилийн үгээр олон чухал шийдвэр гаргаж байсан нь илэрч, бөөн дуулиан дэгдсэн. 1-2 сая хүнийг хамарсан олон нийтийн эсэргүүцлийн цуглаан хоёр сарын турш үргэлжилсний эцэст Солонгосын түүхэн дэх анхны эмэгтэй Ерөнхийлөгч огцроход хүрсэн билээ. Сурталчилгаа эхлүүлэх зүг чигээ асуух зэргийг байж болох асуудал гэж үзье. Харин улс төрийн чухал шийдвэр гаргахдаа зурхайчийн үгийг дагах нь байж болшгүй зүйл гэдэг нь Пак Гын Хэ-гийн хэргээс харагдана. Харин манай улстөрчид үүнээс ангид байж чаддаг болов уу.

Эх сурвалж: ‘засгийн газрын мэдээ’ сонин

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж