Сүүлийн үед Хойд Солонгос АНУ-ын хооронд цөмийн дайн ч дэгдэж болзошгүй эгзэгтэй байдалд хүрээд байгаа тухай элдэв дуулиан хэвлэл мэдээллээр тасралтгүй шахам цацагдаж дэлхийн олон нийтийг түгшээх боллоо.
Үй олноор хөнөөх зэвсэг (ҮОХЗ), түүний дотор цөмийн зэвсэг гэдэг бол хэн хүний хэнэггүй оролдох “тоглоом” биш гэдгийг мэргэжлийн хүний хувьд илэрхийлж, цөмийн зэвсэг ямар их аюултай болохыг уншигч олондоо товчхон боловч тайлбарлахыг хичээе.
ҮОХЗ-ийн ангилалд цөм, хими, бактериологи (биологи)-ийн зэвсэг багтдаг. Шинжлэх ухаанд нэгэнт хэвшиж тогтсон нэр томъёоны хувьд, “Хүнд элементүүдийн цөмийн хуваагдах гинжин урвал, хөнгөн элементүүдийн халуун цөмийн синтезийн урвалын үр дүнд ялгарах асар их энергид хөнөөх хүчин зүйл нь үндэслэгдсэн зэвсгийг цөмийн зэвсэг“ гэнэ.
Одоо НҮБ-ын Аюулгүйн зөвлөлөөс цөмийн зэвсэгтэй гэж хүлээн зөвшөөрөгдсөн 5 улс (Англи, АНУ, БНХАУ, ОХУ, Франц), цөмийн зэвсэгтэй боловч хүлээн зөвшөөрөгдөөгүй 4 улс (Израил, Пакистан, БНАСАУ, БНЭУ), ойрын 5-10 жилд цөмийн зэвсэгтэй болж болзошгүй 6 улс (Бразил, Египет, Иран, Канад, Саудын Арави, Япон) байна. Цөмийн зэвсгийн нийт нөөц ойролцоогоор 5496-5711 (Англид 106, АНУ-д 1597, БНХАУ-д 200-400, ОХУ-д 1582, Францад 360, Израилд 80, Пакистанд 100, БНАСАУ-д 12, БНЭУ-д 35-50) нэгж байна.
Цөмийн зэвсгийн хүчин чадлыг “тротилын эквивалент”-ээр жишиж илэрхийлдэг. “Тротил” гэдэг нь өргөн тархмал тэсрэх бодис бөгөөд химийн томъёо нь С6H2CH3(NO2)3 , химийн нэршил нь 2,4,6-тринитрометилбензол, товчилсон нэр нь “TNT“ (Trinitrotoluol). “Тротилын эквивалент” гэдэг нь төрөл бүрийн тэсрэх бодисын дэлбэрэлтийн үед ялгарах энергийг энэхүү ТНТ-ийн дэлбэрэлтийн үед ялгарах энергитэй харьцуулан жишсэн ойлголт юм. Өөрөөр хэлбэл, 1 грамм ТНТ дэлбэрэхэд 1000 калори буюу 4184 жоуль энерги ялгардаг. Үүнийг цөмийн зэвсгийн хүчин чадлыг харьцуулан хэмжих нэгж буюу “Тротилын эквивалент” болгон авсан байдаг. Жишээлбэл, 1 тонн-ын хүчин чадалтай цөмийн цэнэг дэлбэрэхэд 1 тэрбум калори буюу 4,184·109 жоуль энери ялгарна гэсэн үг юм. Тротилын эквивалентыг грамм, килограмм, тонн, килотонн (1000 тонн), мегатонн (1 сая тонн)-оор илэрхийлж хэмжинэ. Цөмийн зэвсгийг сүйрэл учруулах хүчин чадлаар нь хэт бага (1 кт хүртэл), бага (1-10 кт), дунд (10-100 кт), их (100 кт- 1мт), хэт их (1мт-оос дээш) хүчин чадлын гэж 5 ангилна.
Цөмийн зэвсгийг артиллери (их буу), пуужин, нисэх онгоцоор хэрэглэж болох бөгөөд цохилт өгөх бай (цель)-наас хамаарч цөмийн зэвсгийн дэлбэрэлтийг агаарын буюу өндрийн, газрын буюу газар дээрхи, газар доорхи буюу усан доорхи дэлбэрэлт гэж ерөнхийд нь 3 ангилдаг.
Цөмийн зэвсгийн дэлбэрэлтийн үед 5 төрлийн үндсэн хөнөөх хүчин зүйл үүснэ. Үүнд 1. Гэрлийн цацраг, 2. Цохих долгион, 3. Цахилгаан соронзон импульс, 4. Нэвтрэх радиаци, 5. Цацраг идэвхит хордолт. Эдгээр хөнөөх хүчин зүйл тус бүр өөр өөрийн өвөрмөц онцлог, хөнөөл сүйрэл учруулах цар хэмжээтэй байдаг. Жишээлбэл, газрын хөрсөн дээр цөмийн дэлбэрэлт болоход цохилтын төв (эпицентр)-д өртсөн юм бүхэн тэр дороо хайлан ууршиж, эргэн тойрных нь байшин барилга эвдрэн нурж, цахилгаан соронзон импульс, цацраг идэвхит туяа (нэвтрэх радиаци) амьд бүхэнд нэвчин хордуулж, газрын хөрснөөс хэмжээлшгүй их тоос шороо хуу хамагдан асар өндөрт шидэгдэж, цацраг идэвхит бодистой холилдсон их утаа үнс тоос агаарын урсгалын чиглэлд тархан байгаль орчинд цацагдаж, дэлбэрэлтийн төвд их хэмжээний гал түймэр дэгдэж, тухайн орчинд ямар ч хүн амьтан амьд үлдэх нөхцөлгүй болно.
Нэгэнт дэлбэрсэн цөмийн цэнэгийг зогсоох ямар ч арга, мэдээж, байхгүйгээр барахгүй түүний хөнөөх хүчин зүйлүүдээс хүн амьтан, байгаль орчинг бүхэлд нь хамгаалах боломж нөхцөл ч бас байдаггүй гэдгийг 1945 онд Японд АНУ-ын хэрэглэсэн атомын хоёр бөмбөгийн хөнөөлийн одоо ч бүрэн арилаагүй байгаа хор уршиг гэрчилдэг. Үүн дээр нэмж жишээ болгон дурьдахад, 1986 онд Украины Чернобылийн Атомын цахилгаан станцд, 2011 онд Японы Фукушимагийн атомын цахилгаан станцд болсон сүйрлээс үүдэлтэй цацраг идэвхит хордолтын хор уршиг цөмийн дэлбэрэлтээр үүсдэг ионжуулагч цацрагийн хордолттой зүйрлэм хөнөөлтэй зүйл байдаг гэдгийг хүн төрөлхтөнд бодитой харуулсан гашуун сургамж болсон билээ.
1945 онд Хирошимад хэрэглэсэн атомын ганц бөмбөг уг хотыг бараг бүрэн сүйтгэж, түүний хөнөөлд 140 000 хүний амь сүйдсэн тоо баримт байдаг. Тэр үед Японд 1945 оны 8-р сарын 6, 9-нд АНУ-ын хэрэглэсэн атомын бөмбөгийн хүчин чадал ойролцоогоор 18-21 кт байсан бол янз бүрийн судалгааны материалаас үзэхэд, дэлхийд одоо хуримтлагдаад байгаа цөмийн зэвсгийн нийт хүчин чадал түүнээс даруй 250 000 дахин их буюу 5000 мегатонн-оос хол давжээ. Эдгээрийг хэрэглэсэн цөмийн дайн хэрэв гарвал (хүн төрөлхтөн арай ч тэгж “амиа егүүтгэхгүй” биз) дэлхий тэр аяараа сүйрч хар нүүрс болон хувирна гэдэг нь эрүүл ухаантай хүн бүрт тодорхой байна.
АНУ Умарт Солонгосыг зэвсгийн хүчээр, түүний дотор цөмийн зэвсгээр дарж бүрмөсөн устгана, эсвэл Умарт Солонгосын харвасан цөмийн цэнэгт хошуутай пуужинг Японы нутаг дэвсгэрээс, эсвэл АНУ-ын эзэмшил газрын хаа нэгтэйгээс амдан сөнөөнө гэж бардамнаж байгаа нь амьдралд огт нийцэшгүй, үл гүйцэлдэх зүйл юм. Яагаад гэвэл, хэрэв АНУ Умарт Солонгост түрүүлж цөмийн цохилт өгвөл дээр дурьдсан аймшигт сүйрлийн хөнөөл зөвхөн тэр улсын нутаг дэвсгэрт биш, салхины чиглэлд тархаж зэргэлдээх улс орнуудын, тухайлбал эх газрын БНСУ, ОХУ, БНХАУ, арлын Японы болон номхон далайн улс орнуудын нутаг дэвсгэрт сүйрэл учруулна. Нөгөөтэйгүүр, БНАСАУ-ын нутаг дэвсгэрээс Японы нутаг дэвсгэрийн урд хэсэг дээгүүр давуулж АНУ-ын Гуамын арал руу хөөргөсөн цөмийн цэнэгт хошуутай пуужинг замаас нь амжиж амдан сөнөөж чадлаа гэхэд тухайн тэр цэгт (агаарт) цөмийн дэлбэрэлт болж түүнээс үүдэлтэй аймшигт сүйрэл мөн л бий болох нь дамжиггүй. Тэгэхдээ тийм дэлбэрэлт нь бүр Японы нутаг дэвсгэрийн агаарын хилд буюу түүний орчимд болох магадлал маш өндөр байх нь эргэлзээгүй. Учир нь, БНАСАУ-ын нутаг дэвсгэрээс пуужин (“Мусудан”) харвах тэр мөчийг алдалгүй мэдэж, Японы нутаг дэвсгэрээс амдан сөнөөх пуужинг амжиж өмнөөс нь харвалаа гэхэд хоёр талаас өөд өөдөөсөө асар өндөр хурдтай (дунджаар 4-6 км/сек) ниссэн хоёр пуужингийн мөргөлдөж дэлбэрэх “цэг” нь яалт ч үгүй Японы нутаг дэвсгэрийн (эсвэл тэр орчмын) агаарын хилд болох нь ойлгомжтой байгаа юм.
Иймд хэн хэнийгээ цөмийн зэвсгээр далайлгана гэдэг бол маш болчимгүй хэрэг. Саяхан, 2017 оны 9-р сард болсон НҮБ-ын Ерөнхий ассамблейн чуулганы индэр дээрээс АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трампын: “… АНУ аугаа хүчирхэг бас тэвчээртэй. Гэхдээ, хэрэв бид өөрийгөө болон холбоотнуудаа хамгаалахаас өөр аргагүйд хүрвэл Умард Солонгосыг бүхэлд нь устгахаас өөр сонголт бидэнд байхгүй…” гэж хэлсэн болчимгүй үгийг тэнд оролцож байсан бусад улс орнуудын төлөөлөгчид ихэд цочирдон хүлээж авсан нь зүйн хэрэг юм. Учир нь, цөмийн зэвсэг улс төрийн сөргөлдөөнийг хүчээр шийдвэрлэх хэрэгсэл хэрэв болвол ялагч ялагдагч гэж байхгүй, харин дэлхийг бүхэлд нь сүйрэхэд л хүргэнэ, өөр үр дүн байхгүй. Цөмийн зэвсэг улс төрийн “тоглоом” биш.
Үүнийг сөргөлдөж байгаа дээрхи хоёр гүрний удирдагчид холбогдох мэргэжилтэн, эрдэмтдийнхээ үг, зөвлөгөөнөөс эрх биш ойлгож байгаа байлгүй дээ гэж найдах л үлдэж байна.
Цэргийн ухааны доктор (Ph.D), цэргийн химич,
бэлтгэлд байгаа бригадын генерал Монтойн Хүрлээ