Шинэ засаг ийм бүтэцтэй байна

Хуучирсан мэдээ: 2017.10.10-нд нийтлэгдсэн

Шинэ Засгийн газар

Шинэ засаг ийм бүтэцтэй байна

МАН-ын хоёр “бүлэг” өчигдөр шөнө дөл болтол хуралдаж, Засгийн газрын сайд нарынхаа томилгоог тус тусдаа хэлэлцжээ. Хэдийгээр 65-ын бүлэг хоёр хуваагдсан ч Засгийн газраа 65 гишүүн дотроосоо томилно. Ингэхдээ Засгийн газрыг огцруулах санал гаргасан тал есөн сайд, огцруулахгүй гэсэн тал нь зургаан сайд авахаар тохиролцжээ. Хоёр талаас өөр өөрсдийн сайд нарын нэрсийг өчигдөр шөнө дөл болтол хуралдсан хуралдаанаас гаргаж, өнөөдөр МАН-ын Удирдах зөвлөл болон бүлгийн хуралдаанд оруулахаар ярилцжээ. Гэвч нэгэнт талууд тохиролцсон учраас Удирдах зөвлөл, бүлгийн хуралдаанаар оролцуулахгүй шууд Ерөнхийлөгчтэй зөвшилцөн, УИХ-д өргөн барина гэсэн мэдээлэл ч байна.

У.Хүрэлсүх ес, М.Энхболд зургаан сайд томилохоор тохиролцжээ

У.Хүрэлсүхийн тал Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга, Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Гадаад харилцааны яам, Сангийн яам, Хууль зүй, дотоод хэргийн яам, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Эрчим хүчний яамыг авахаар болжээ. Харин Засгийн газрыг огцруулахаар гарын үсэг зураагүй талаас Эрүүл мэндийн яам, Зам, тээврийн яам, Боловсрол, соёл, шинжлэх ухаан спортын яам, Барилга, хот байгуулалтын яам, Батлан хамгаалах яам, Шадар сайдыг тус тус томилохоор хүмүүсээ дэвшүүлээд байгаа аж. Ардчилсан нам болон Ерөнхийлөгчийн зүгээс яамдын тоог дөрвөөр нэмэх саналыг Ерөнхий сайдад тавьсан. Гэвч Ерөнхий сайдын хувьд одоогийн бүтцийг өөрчлөхгүй гэсэн учраас хоёр сайд Ерөнхийлөгч болон АН-д очиж байгаа гэх таамаг бий. Тодруулбал, Уул уурхайн хүнд, үйлдвэрийн сайд, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн  сайдын суудал авахаар тохиролцсон гэх таамаг ч улс төрийн хүрээнд гараад буй.

Сайд нарын нэрсийг өнөөдөр өргөн барих уу?

Сайд нарыг томилох асуудал гарын үсэг зурсан болон зураагүй МАН-ын хоёр “бүлэг”-ийг дунд нь талцуулсан. Засгийн газрыг огцруулахыг дэмжихгүй байсан гишүүд дунд шинэ Ерөнхий сайдад тал засан, 32-ын бүлгийг нь 45 болгож, гурван сайдын суудал авах санал тавьсан гэх бор шувуу ч Тусгаар тогтнолын ордон дотор жиргэнэ лээ. Ямартай ч өөр өөрсдийн талаас сайд нарын нэрсээ Удирдах зөвлөл, УИХ дахь МАН-ын бүлгээр хэлэлцүүлсний дараа Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгатай зөвшилцөх ёстой. Түүний дараа УИХ-д Засгийн газрын сайд нарыг өргөн барьж, энэ долоо хоногт Засгийн газрын гишүүдээ томилох нь зөв гэдэг дээр “хоёр” тал санал нэгдэж байгаа гэнэ. Шинэ Засгийн газрыг 2018 оны төсөв өргөн барих, өвөлжилт, цалин тэтгэвэр нэмэх, ОУВС-тай тохиролцох, бондын өрөө хэрхэн төлөх гээд маш олон чухал асуудал хүлээж байгаа учраас ийнхүү яаравчлах нь ч зөв болов уу.

Я.Содбаатар, Ж.Энхбаяр нар МАН-ын бүлгийн даргад өрсөлдөнө

Сайд нарын томилгооноос гадна УИХ дахь МАН-ын бүлгийн даргыг өөрчлөх талаар МАН-ынхан ярилцжээ. Бүлгийн даргад УИХ-ын гишүүн Я.Содбаатар, Ж.Энхбаяр нар өрсөлдөнө гэсэн мэдээлэл байна. Цаашид МАН-ын бүлгийг зангидах, удирдах энэ албан тушаалд санаархах хүмүүс бүлэг дотор бий гэнэ. Гэвч одоогоор Я.Содбаатар, Ж.Энхбаяр хоёр Засгийн газарт орохгүйгээр 65-ын бүлгээ удирдах сунгаанд бэлтгэгдэж байгаа аж. Тэдний хувьд хэн хэн нь УИХ-д хоёр, гурав дахь удаагаа сонгогдон ажиллаж байгаа гишүүд юм. 
 

Шинэ Засгийн газРЫГ ийм бүтэцтэй байхаар ярилцжээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж