Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх яг одоо УИХ дахь 33-ын “бүлэг”-тэйгээ зөвшилцөж байгаа аж.
Дээрх уулзалтыг хийхийн өмнө Ерөнхий сайд Мэргэжлийн Засгийн газрын танхимын гишүүдтэй уулзжээ. Энэ үеэр Ерөнхий сайд УИХ дахь 32-ын “бүлэг”-т Эрүүл мэнд, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спорт, Батлан хамгаалах, Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэр, Зам тээвэр, хөгжлийн яамдыг өгье гэх санал гаргасан аж. Харин 32-ын бүлэг зөвшөөрөөгүй гэх мэдээлэл байна.
Мөн Мэргэжлийн Засгийн газрын 2-3 сайдыг шинээр байгуулагдах Засгийн газарт орж ажиллах саналыг Ерөнхий сайд У.Хүрэлсүх гаргасан байдаг. Гэвч Мэргэжлийн Засгийн газрын сайд нар өөрсдөө ажиллахгүй гэх хариуг өгчээ.
Иймээс шинээр байгуулагдах Засгийн газарт хуучин сайд нар орж ажиллахгүй нь гэж ойлгож болох нь.
Үүнээс гадна Засгийн газрын хэрэг эрхлэх газрын даргад УИХ-ын гишүүн Н.Энхболдыг, Зам тээвэр, хөгжлийн сайдад УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан нарыг сойж байгаа гэх мэдээлэл үгүйсгэгдлээ. Эдгээр гишүүд сайдад нэр дэвшихгүй гэдгээ албан ёсоор мэдэгджээ.
Гэхдээ УИХ-ын гишүүн Ө.Энхтүвшинг Засгийн газрын хэрэг эрхлэх газрын даргаар тавих тулгалтыг МАН-ын дарга, УИХ-ын дарга М.Энхболд хийж буй бол Ерөнхийлөгч Х.Баттулга хоёр яаманд хүнээ нэр дэвшүүлэхээ У.Хүрэлсүхэд тулгасан гэх мэдээлэл ч улс төрийн хүрээнээс сонсогдож байна.
Г.ДАРЬ