‘Хархорин’ худалдааны төвийн гадна талбайд худалдаа эрхэлдэг байсан иргэн С.Мэшэгээ өнөөдөр /2017.10.09/ ‘Хангарьд’ ордны үүдэнд нүцгэлж эсэргүүцлээ илэрхийллээ. Тэрбээр НИТХ-ын тэргүүлэгчидтэй уулзахаар ирсэн ч түүнийг оруулаагүйн улмаас ийнхүү нэг цаг орчим нүцгэлжээ.
С.Мэшэгээ “Бид наймдугаар сарын 16-ны өдөр гудамжинд худалдаа эрхлээд зогсож байсан. Гудамжинд худалдаа эрхэлж байсан нь бидний буруу л даа. Гэхдээ бид зохион байгуулалтад ороод улсад татвараа төлөөд албан ёсны зөвшөөрөлтэй зогсох гэж сүүлийн хоёр жил явж байгаа. Гэтэл наймдугаар сарын 16-ны өдөр ‘Хархорин’ худалдааны төвийн түрээслэгчид гарч ирээд ална гэж дарамталсан. Тэр өдрөө дүүргийн Засаг дарга С.Одонтуяатай уулзсан. Уулзахад С.Одонтуяа “Та нарыг зохион байгуулалтад оруулах боломж байгаа. Гэхдээ нийслэл дэмжихгүй байна” гэсэн. Үүний дараа есдүгээр сарын 6-ны өдөр хотын захирагч С.Батболд Баянгол дүүргийн Засаг даргад “Ажлын байраар хангасугай” гэсэн үүрэг өгсөн байдаг. Гэтэл С.Одонтуяа “Журманд өөрчлөлт оруулж байж зөвшөөрнө” гэсэн. Иймээс бид есдүгээр сарын 19-ны өдөр суулт, 25-ны өдөр өлсгөлөн зарласан. НИТХ-ын даргаа хурдан томилоод бидний асуудлыг анхааралдаа аваач ээ” гэв.
Тэрбээр ‘Хархорин’ худалдааны төвийн гадна худалдаа эрхэлж байсан 100 гаруй наймаачныг төлөөлж байгаагаа хэлсэн юм.
Г.ТҮШИГ
Гэрэл зургийг Э.Энхбат