ХБНГУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд Штефан Дуппел, Хөдөлмөр халамжийн үйлчилгээний ерөнхий газрын дарга Б.Нямдаваа, УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва нар өнөөдөр /2017.10.09/ Барилгын политехникийн сургууль дээр зочилж, үйл ажиллагаатай нь танилцлаа. Тус сургууль нь Германы олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэгээс хэрэгжүүлж буй “Ашиг малтмалын салбар дахь түншлэлд суурилсан мэргэжлийн боловсрол, сургалт” төслийг хамтран хэрэгжүүлээд дөрөв дэх жилтэйгээ золгож байгаа аж. Барилгын политехник коллеж дээр хэрэгжиж буй төслийн хүрээнд нийт 300 гаруй мэргэжилтэй ажилтан бэлтгэж, 70 орчим хувь нь ажлын байраар хангагджээ. Төсвийн хүрээнд Германы олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэгээс нийт Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн 12 сургууль тус бүрт хоёр сургагч багш ажиллуулахаас гадна шаардлагатай тоног төхөөрөмжөөр хангаж ажиллаж байгаа юм байна.
ХБНГУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд Штефан Дуппел сургуулийн үйл ажиллагаатай танилцах үеэр “Улс орны эдийн засгийн тулгуур болох бүтээн байгуулалтын төлөө цаг үетэйгээ нийцсэн мэргэжилтэй боловсон хүчин бэлтгэх зайлшгүй шаардлага тулгарч байна. Ийм цаг үед Монгол Улс, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамтай хамтран мэргэжлийн боловсролын чиглэлд хамтран ажиллаж, дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн мэргэжилтэй боловсон хүчин бэлтгэх хамтын ажиллагаа амжилттай хэрэгжиж байна. Хүн бүр их, дээд боловсрол эзэмших хүсэл эрмэлзлэлтэй болсон энэ цаг үед мэргэжлийн боловсрол эзэмших залуучуудын тоог нэмэгдүүлэх, улс орны хөгжилд хувь нэмэр оруулахад нь туслахын тулд дадлага сургуулилт хийх, шаардлагатай тоног төхөөрөмжөөр хангах нь нэн чухал асуудал. Тиймээс ч бид хамтын ажиллагааны хүрээнд Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн 12 төвийг дадлагажих тоног төхөөрөмжөөр тусламж үзүүлэн ажиллаж байна. Цаашид ч олон сургалт мэргэжлийн сургуулиудын сургалтын үйл ажиллагааг сайжруулахад хамтран ажиллаж Монголын ирээдүй болсон чадварлаг мэргэжилтэн бэлтгэхэд хувь нэмрээ оруулж ажиллана” гэлээ.
Энэ жил Монгол Улсыг төлөөлж зургаан сурагч Дэлхийн ур чадварын тэмцээнд оролцож байгаа. Эдгээр сурагчдыг дэмжих, зөвлөгөө өгөхөөр Германы хамтын ажиллагааны нийгэмлэгээс зөвлөгч багш нарыг тусгайлан томилсон байна. Мөн зарим суралцагчдыг Герман улсад дадлагажуулж, техник, тоног төхөөрөмжөөр хангаж ажиллажээ. Дэлхийн ур чадварын тэмцээнд оролцох баг маргааш Арабын Абу Даби хотыг зорьж, зургаан төрлөөн хүч сорих юм байна.
Монголын залуучуудын 70 хувь нь дээд боловсрол, 30 хувь нь мэргэжлийн боловсрол эзэмшихээр суралцаж байна. Гэтэл амьдрал дээр дээд боловсролтой залуучуудын 70 хувь нь ажилгүй, мэргэжлийн боловсрол эзэмшигчдийн 70 хувь нь ажилтай байдаг гэсэн судалгаа бий. Тиймээс цаашид дипломтой ажилгүй иргэн бэлтгэхээс илүү ажлын байртай мэргэжилтэн бэлтгэх нь чухал гэдгийг Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын дарга Б.Нямдаваа онцолсон. Мөн сүүлийн жилүүдэд Ерөнхий боловсролын сургууль төгсөгчдийн дунд их, дээд сургууль төгсөхөөс илүү мэргэжлийн боловсрол эзэмшиж, ажлын байртай болох нь чухал гэдгийг ойлгож байгаа нь МСҮТ-д суралцагчдын тоо жил ирэх бүр нэмэгдэж байгаагаас харж болно гэв. ХБНГУ-ын хувьд хосолсон сургалтаараа дэлхийд тэргүүлдэг. Тус улс нь мэргэжилтэй боловсон хүчин бэлтгэхийн тулд улсынхаа аж ахуй нэгж, компаниудтай хамтран ажилладаг юм байна. Мэргэжил сургалтын төвд суралцагч нь хичээллэж байх хугацаандаа аж ахуй нэгж, компаниудад дадлагажих, төгссөнийхөө дараа дадлага хийсэн компанидаа шууд ажилд орох нөхцөлийг бүрдүүлдэг юм байна. Тиймээс ч төгсөгчид нь бүгд ажлын байртай байдаг жишгийг Монгол Улс ч гэсэн авч хэрэгжүүлэх нь зүйтэй гэдгийг талууд онцолж байсан юм.
Монгол Улсад Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн 63 төв үйл ажиллагаа явуулдаг. Гагнуурчин, өрлөгчин, барилгачин, сантехникч, авто машины засварчин, барилга угсралтын техникч, барилгын материалын үйлдвэрийн техник технологич зэрэг 20 орчим мэргэжлээр элсэлт авч, 1,5-2,5 жилийн сургалтаар элсэлт авч, үйл ажиллагаа явуулж байна.
Ш.ЧИМЭГ