Хойд Солонгосын удирдагч Ким Чен Ун тэргүүн хатагтайгаас ч илүү улсдаа нэр хүндтэй гэгддэг охин дүүгийнхээ эрх мэдлийг нэмэгдүүллээ. Тэрбээр Ким Юү-жуныг БНАСАУ-ын Хөдөлмөрийн намын Улс төрийн товчооны гишүүнээр томилжээ. Ингэснээр Ким Чен Ирийн бага охин Ким Юү-жун авга ахынхаа оронд намын удирдах, шийдвэр гаргах түвшинд ажиллах болж байна.
Өдгөө 30 настай Ким хатагтай гурван жилийн өмнөөс намын өндөр албан тушаал хаших болсон юм. Олон нийтийн арга хэмжээ, тэмдэглэлт үйл явдалд ахыгаа дагалдан яваа нь харагддаг тэрбээр Хөдөлмөрийн намын Суртал ухуулгын хэлтсийн орлогч даргаар ажиллаж, ахынхаа ажил хэргийн уулзалтын хөтөлбөр, чиглэлийг зохицуулж, арын албанд ажилладаг, ойрын хүн нь ажээ.
Түүний талаар Лондонд Элчин сайдаар ажиллаж байгаад Өмнөд Солонгос руу дүрвэн зугтсан умардын дипломатч Тэ Юн-Хо “Залуу Ким бүсгүй Хойд Солонгосын телевизээр тогтмол гардаг, намын VII их хуралд ч оролцож байсан. Тэр төрийн арга хэмжээнд үргэлж ахыгаа дагалдан явдаг. Гэхдээ үзэл бодол, эрдэм боловсролын хувьд Ким овогтын дэглэмийг сохроор дагахаас хэтрэхгүй” хэмээсэн байдаг.
Ким Юү-жуныг өнгөрсөн бямба гаригт Хөдөлмөрийн намын өндөр дээд албан тушаалд томилсон аж. Түүний хамт Гадаад хэргийн сайд Ри Юн-хог мөн Улс төрийн товчооны гишүүнээр сонгосон байна. Тэрбээр өнгөрсөн сард НҮБ-ын индрээс АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трампыг “сэтгэцийн өөрчлөлттэй нэгэн” хэмээн цоллосон билээ.
С.ЦЭЛМЭГ