Хятадын "хаан"-ы төлөөх хатуу тэмцэл

Хуучирсан мэдээ: 2017.10.09-нд нийтлэгдсэн

Хятадын "хаан"-ы төлөөх хатуу тэмцэл

Монголын хүүхэд бүрийн авьяас чадварыг нээн хөгжүүлэх “Авьяас” хөтөлбөр нээлтээ хийсэн байна.

Авлига, хээл хахуулийн хэргээр албан тушаалаасаа огцорсон Чунчин хотын Коммунист намын дарга Сунь Женцай эрх мэдэл, алдар хүндийн өндөрлөгөөс гэнэт унаж, шороотой хутгалдсан гурван ч даргын хувь тавиланг дагаж буй нь Хятадын улс төр дэх танил дүр зураг юм.

Чунчин хотын КН-ын өмнөх дарга Бо Силай таван жилийн өмнө, Бээжин хотын КН-ын дарга асан Чэнь Ситун 1995 онд, Шанхай хотын КН-ын дарга  Чэнь Лянъюй нар бүгд улс төрийн эрх мэдлээ буруугаар ашиглаж, авлига, хээл хахуул авсан хэргээр шоронд хоригдсон билээ.

Тэд бүгд олон хүн амтай томоохон хотыг удирддаг намын дарга нар байснаас гадна Хятадын удирдагч болох ирээдүйтэй улстөрчид гэгдэж байсан.

Хятадын одоогийн удирдагч Си Жинпин Чунчин хотын намын даргыг шийтгэх болсон шалтгаанаа нуусангүй. Коммунист намын хурал дээр хэлсэн үгэндээ Си Жинпин “Суний коммунизмд итгэх итгэл, үнэмшил суларч, намын амин сүнс болох үзэл баримтлалаас хазайж, Хятадын ард түмэн болон КН-аас урвасан” гэжээ.

Таван жилийн өмнө ХКН-ын ерөнхий нарийн бичгийн дарга болсноосоо хойш Си Жинпин улс орныг бүхэлд нь хамарсан өргөн хүрээтэй авлигын эсрэг кампанит ажил эхлүүлж, өнгөрсөн хугацаанд өндөр албан тушаалтай олон хүн тэр дундаа Чунчин хотын намын дарга Бо Силай, УТТ-ны байнгын хорооны гишүүн Жоу Юнкань, цэргийн төв комиссын дэд дарга, генерал Гуо Босюн, Ху Жинтаогийн зөвлөх асан Лин Зихуа нарыг албан тушаалаа урвуулан ашигласан, авлига, хээл хахуулийн хэргээр шоронд хорьсон. Харин тэд Хятадын дараагийн удирдагчийн суудалд очих өндөр магадлалтай, өсөж яваа улстөрчид байсан.

Си Жинпин тэднийг бүгдийг нь “Улс төрийн хуйвалдаанд оролцсон” гэж шүүмжилсэн. Авлигын хэрэгт холбогдож дуулиан тарьсан Бо Силай Си Жинпиний хамгийн хүчтэй өрсөлдөгч гэгдэж байв. Тодруулбал, ХКН-ын XVIII их хурал дээр намын төв аппарат УТТ-ны гишүүдийн дундаас удирдагчид нэр нь яригдаж байсан хамгийн  нөлөө бүхий улстөрч нь Бо Силай байсан билээ. Харин түүнд Хятадын төрийн эрхийг атгах хувь дутсан.

Энэ сарын 18-нд эхлэх ХКН-ын XIX их хурал Си Жинпиний хоёр дахь бүрэн эрхийг зөвшөөрнө.

ХКН-ын их хурлын өмнө  УТТ залуу гишүүнээр цусаа сэлбэх нь тодорхой болсон юм. 2022 онд Си Жинпин, Ли Көцян нарын халааг авахаар замаа засаж буй залуу гишүүн бол Гуандон мужийн намын дарга 56 настай Ху Чунхуа.

Харин Чунчин хотын намын даргын Сунийн хувьд УТТ-ны гишүүнээр томилогдож, цаашдаа Хятадын ирээдүйг жолоодох удирдагч болох магадлалтай байсан ч гайтай авлигын хэрэгт холбогдоод байгаа билээ.

ХКН-д 67 нас хүрээгүй гишүүдэд хоёр дахь удаагаа бүрэн эрх хэрэгжүүлэхийг зөвшөөрдөг бичигдээгүй хууль бий. Хэрэв Сунь Женцай авлигын хэрэгт холбогдоогүй бол түүнд 2022-2032 он хүртэл бүрэн эрх хэрэгжүүлэх боломжтой байжээ.

Авлигын хэрэгт холбогдсоноор карьертаа цэг тавьсан Сунь Женцайн хэрэг ХКН-ын залгамжлагчдыг томилох систем ямар хатуу гэдгийг дахин харуулсан юм. ХКН-ын залуу, ирээдүйтэй гишүүнийг албан тушаалаас нь огцруулсан нь УТТ-ны гишүүнээр томилогдоход  зөвхөн залуу байх хангалтгүй гэдгийг нотолж байгаа юм.  

Си Жинпин 2020 он хүртэл хоёр дахь бүрэн эрхээ хэрэгжүүлэх нь нэгэнт тодорхой болсон боловч түүний халааг авах улстөрчдийн тэмцэл хөшигний ард ид өрнөж байна.

Орчуулсан Н.Энхтуяа

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж