Нийслэлийн иргэдийн тэргүүлэгчид өнөөдөр хуралдаж, шинэ даргаа тодруулна. Ерөнхийлөгчийн сонгуульд хотын дүүрэгт МАН ялагдсан хариуцлагыг хүлээж, НИТХ-ын дарга Ц.Сандуй албан тушаалаасаа чөлөөлөгдөх хүсэлтийг хүлээж авсан. Түүний нэр 60 тэрбумын гэх асуудалд орооцолдсон бөгөөд намынхных нь зүгээс ажлаа өгөхийг Ерөнхийлөгчийн сонгуулиас хойш шахаж, шаардаж эхэлсэн билээ. Өөрөөр хэлбэл, НИТХ дахь МАН-ын нэр бүхий гишүүд огцруулах бичиг өргөн барьсан. Харин Ц.Сандуй албан тушаалаасаа огцрох өргөдлөө өөрөө гаргаж, түүний хүсэлтийг олонх дэмжсэн юм.
Ц.Сандуйгийн орыг хэн залгамжлах вэ гэдэг олон нийтийн анхаарлын төвд байна. Өмнө нь НИТХ-ын дарга хэн болохыг хэн ч тоодоггүй байсан бол энэ удаад эрх баригч намынхан дунд өрсөлдөөн ширүүн байгаа юм.
НИТХ дахь МАН-ын бүлгээс Б.Баярсайханыг, заалнаас С.Амарсайханыг нэр дэвшүүлж, саналын тоо тэнцсэн. Саналын тоо тэнцсэн учраас НИТХ дахь МАН-ын бүлэг хоёр удаа ажлын тав хоногоор завсарлага авсан бөгөөд өнгөрсөн тав дахь өдөр хоёр дахь завсарлагын хугацаа нь дууссан. Тиймээс өнөөдөр хоёр нэр дэвшигчдийн саналын тоо дахин тэнцвэл холбогдох журмын дагуу шинээр нэр дэвшигч тодруулах учиртай.
Д.Баярсайхан
Нийслэлийн 28 дугаар дунд сургуулийг 1976 онд төгссөн. Дархан хотын Политехникумыг технологич мэргэжлээр 1979 онд төгссөн. МУИС-ийг эдийн засагч мэргэжлээр 1987 онд төгссөн. Удирдлагын академийг 2001 онд төрийн удирдлагын арга зүйч зохион байгуулагч мэргэжлээр төгссөн. Удирдлагын академийг 2002 онд төрийн удирдахуйн ухааны магистр.
1979 оноос 1982 он Мах консервийн комбинатад нормчин, 1985 оноос 1989 он Цэргийн худалдааны трестэд мэргэжилтэн, орлогч дарга, 1989-1991 он Худалдааны 4-р конторт бригадын дарга, дэлгүүрийн дарга, 1991 оноос Их баян нуур ХХК-ийн захирал, 2000 оноос СХД-ийн Засаг даргын орлогч 2004 оноос ИТХ-ын дарга, 2008 оноос нийслэлийн ЖДҮ-ийн төвийн даргын албыг өнөөдрийг хүртэл хашиж ирсэн.
С.Амарсайхан
Налайх дүүрэгт төрсөн. Тус дүүргийн найман жилийн дунд сургуулийг 1989 онд, ТМС-ийн мэргэжлийн дипломыг 1991 онд, Los Angeles city college 1998 онд, АНУ-ын SW их сургуульд 2000 онд магистр зэрэг хамгаалсан байна. Эрхэлсэн албан тушаалын хувьд American Trade Development inc менежер 2000-2001 онд, Бээжин Монгол Улсын консулын ажилтан 2001-2004 онд, “Оюуны Ундраа” группийн гүйцэтгэх захирлаар 2004-2007 онд, 2007 оноос хойш “Оюуны Ундраа” группийн Ерөнхийлөгчийн албыг хашиж буй.
Ж.ЭРХЭС