Хуучирсан мэдээ: 2017.10.09-нд нийтлэгдсэн

Хотын даргын НЭГ ЖИЛ

Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга Ц.Болдод холбогдох хэргийг Нийслэлийн прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж, энэ аравдугаар сардаа багтаан харьяаллын дагуу шүүхэд шилжүүлэхээр болсон байна.

Нийслэл Улаанбаатар хотын 378 жилийн ой тун удахгүй тохионо.  Аравдугаар сарын 29-ний өдөр тохиох “Нийслэлийн өдөр”-ийн босгон дээр өнгөрсөн нэг жилийн хугацаанд нийслэлд өрнөсөн бүтээн байгуулалт, хийж хэрэгжүүлсэн ажлыг дүгнэдэг жишиг бий. 

Улаанбаатар хотын 32 дахь дарга С.Батболд болоод түүний багийнхны өнгөрч буй нэг жилийн турш бүтээсэн туурвисныг энэ удаад онцолж байна.


ХҮНД, СУРТАЛ АВЛИГЫН ЭСРЭГ ХИЙСЭН АЖЛУУД

Хүмүүсийг хамгийн ихээр залхааж, төрийн албаны нэр хүндийг унагаад зогсохгүй, төр засагт итгэх итгэлийг үгүй болгодог хүнд суртал, авлигын эсрэг ажиллана гэдгээ хотын удирдлагууд анх ажил авахдаа л амлаж байсан. Амлалтаа аажим, аажмаар биелүүлж эхэлснийг доорх хэдхэн жишээгээр харуулъя.

Иргэдэд нээлттэй төрийн алба

Цагаан сарын өмнөхөн үеэс Сүхбаатарын талбай  өдөр тутам завгүй өнждөг болсныг та анзаарсан уу. Нийслэлийн харъяа алба, агентлагуудаас эхлээд улсын хэмжээний томоохон газрууд, яам тамгынхан ажлаа тайлагнаж, “Нээлттэй хаалганы өдөрлөг” зохиож заншив. Хэдийгээр цоо шинэ зүйл биш ч тууштай, дэс дараалалтайгаар зохион байгуулсан өдөрлөгийн үеэр олон иргэн тулгамдсан асуудлаа шийдэж, зарим нь шийдэх арга замаа олсон гэдэгт эргэлзэхгүй байна. Мөн нийслэлийн хэмжээнд анх удаа “Нээлттэй ажлын байр” өдөрлөг /2017.02.02/ зарласан.

Газар эзэмших гэрчилгээг 15 жилээр сунгав

Нийслэлийн Газрын албанаас иргэд, аж ахуйн нэгжүүдийн газар эзэмших эрхийн хугацааг таван жилээр сунгаж ирсэн. Үүнийг  15 жилээр сунгах захирамжийг өнгөрсөн хоёрдугаар сард хотын дарга гаргасан. Ингэснээр иргэд, ААН өөрийн эзэмшлийн газартаа үйл ажиллагаагаа тогтвор суурьшилтай, хөрөнгө оруулалтын зөв бодлого төлөвлөлт хийж,төрийн хүнд суртал, хяналт шалгалтын давхардал, дарамтгүйгээр ашиглах боломжтой болсноороо онцлог юм.  Эдийн засаг хүндхэн байгаа хэдий ч амины орон сууц барих гэж буй иргэд, үйлдвэр, оффисоо бүтээн байгуулж буй ААН-үүд цөөнгүй. Тэдний хувьд барилгаа дуусгаж амжаагүй байтал газар эзэмших хугацаа өндөрлөх нь эрсдэлтэй. Тиймээс газраа урт хугацаагаар эзэмших эрх олгосон нь амьдралын, бизнесийн баталгаа болсон юм. Цаашдаа Улаанбаатар хотод  Газрын биржийг байгуулж, газрыг нээлттэйгээр, илүү зөв менежменттэйгээр иргэд, аж ахуй нэгжид олгох , эзэмшүүлнэ гэж хотын удирдлагууд төлөвлөж байна. Түүнчлэн хотын дарга  “Улаанбаатар хотын хорооллын дундах ногоон байгууламжийг нэмэгдүүлэх, оршин суугчдын амрах болон хүүхдийн тоглоомын талбай барихаас бусад буюу орон сууц, конторын /оффис/ барилга барих зориулалтаар газар шинээр олгохгүй байх” захирамж гаргасан юм. Цаашлаад орон сууцны цонхыг таглан нарны гэрэл хааж барилга бариулахгүй байхаар захирамжлав. 

Иргэний үнэмлэхийг нотариатаар батлуулахаа больсон

Иргэний үнэмлэх, компанийн гэрчилгээ зэрэг баталгаатай, албан ёсны бичиг баримтыг нотариатаар батлуулдаг гажиг тогтолцоог халсан нь хүнд суртлыг болиулсан сонгодог шийдвэр байв. Энэ оны наймдугаар сарын 21-ний өдрөөс эхлэн  иргэд дээрх шалтгаанаар нотариатыг зорихоо больсон юм.

Нийслэлийн төр, захиргааны байгууллагуудаар үйлчлүүлэх иргэн, хуулийн этгээд:

  1. Иргэний үнэмлэх,
  2. Улсын бүртгэлийн гэрчилгээ
  3. Холбогдох бусад албан бичгийг эх хувиар нь авчирсан тохиолдолд хуулбарыг нотариатаар баталгаажуулахыг шаардах явдлыг таслан зогсоохыг Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвүүд, Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг, харьяа байгууллага, дүүргүүдийн Засаг даргын Тамгын газар, холбогдох байгууллагуудад хотын дарга үүрэг болгосон.

Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвөөс иргэдэд 182 төрлийн үйлчилгээ авч байгаагаас  29 нь бичиг баримтынхаа хуулбарыг нотариатаар баталгаажуулахыг шаарддаг байсан юм.

Гэр хорооллын дахин төлөвлөлт гоё нэртэй төслийн улмаас хохирсон  64 өрхөд батламж гардуулан өгч, амьдралыг нь баталгаатай болгосны дээр цахилгаан авто машиныг дугаарын хязгаарлалт, авто зам ашигласны төлбөрөөс чөлөөлсөн, эзэмшил газраа хуулийн хугацаанд ашиглаагүй 219 иргэн, хуулийн этгээдийн газар эзэмших эрхийг цуцалж, хууль зөрчин олгосон захирамжуудыг хүчингүй болгосон гэхчилэн хүнд суртал, авлигын сэжмийг хаасан олон шийдвэрүүд  өнгөрсөн нэг жилийн хугацаанд гарчээ.   Нийслэлийн тендерийн үйл ажиллагаатай холбоотой бүхий л мэдээллийг шилэн болгох, хүссэн иргэн, аж ахуйн нэгж, бүтээн байгуулалтын болон худалдан авах ажиллагааны явцад шууд хяналтаа тавьж, дуу хоолойгоо хүргэх боломжийг олгох үүднээс “Шилэн тендерийн журам”-ыг ч батлан гаргав.

ТОХИЖИЛТ, ДЭД БҮТЭЦ, БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫН АЖЛУУД
 

Хүмүүсийн нүдэнд үзэгдэж, гарт баригддаг ажил бол тохижилт, бүтээн байгуулалт байдаг. Ялангуяа нийслэл хотын хувьд хаана шинэ бүтээн байгуулалт бий болж, барилга байшин сүндэрлэж байгааг хотын иргэд анддаггүй. Тиймээс ч энэ төрлийн ажилд хэдий хэрийн хөрөнгө мөнгө, цаг хугацаа зарцуулсныг нэг бүрчлэн тоочвол их хугацаа шаардана.  Товч, тодорхой мэдээллийг тоймлон хүргэе.

  • 2017.04.03 Олон жил яригдаж байгаач шийдэгдээгүй байсан Яармагийн гүүрийн барилгын ажлыг эхлүүллээ.
  • 2017.04.10 Дахин төлөвлөлтөөр 60 айл орон сууцтай боллоо. Зогсонги байдалд орсон дахин төлөвлөлтийн ажлыг шинэчлэн, хэрэгжүүлж эхэллээ.
  • 2017.05.02 П.Н Шастины нэрэмжит улсын III төв эмнэлгийн үүдний хэсгийн 818 м.кв талбайн тохижилтыг хийж, хүлээлгэн өгөв.
  • 2017.06.05 Санхүүгийн хүндрэлтэй цаг үе тохиож байгаа ч Улаанбаатар хотын 4 томоохон гүүрийн бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлж чадлаа. Нийслэлийн удирдлагын шинэ баг БНХАУ-ын Засгийн газрын хөнгөлөлттэй зээлийн тусламжтайгаар Улаанбаатар хотод гүүрэн байгууламжуудыг шинэчлэх, засварлах, өргөтгөх төслүүдийг хэрэгжүүлж байна. Туул гол дээгүүрх Баянзүрхийн 321 метр урт гүүр,  Сонсголонгийн 289.4 метр урт төмөр бетон гүүрийг шинээр барихын сацуу  Сонсголонгийн 289.4 метр урт  гүүрийн бүтээн байгуулалтыг хийж байна.
  • 2017.06.09 Зүүн хойд азийн Аялал жуулчлалын төв болох зорилтын хүрээнд Монгол Улсад анх удаа “Шөнийн гудамж”-ийг нээж жуулчид, их хотын залууст бэлэг барилаа.Шөнийн гудамж зуны турш олны хөлд дарагдаж өнжсөн бөгөөд энэ сарын эхээр түр хаасан юм.
  • 2017.06.15 Төрийн үйлчилгээ иргэдэд илүү ойртлоо. Нийслэлийн Үйлчилгээний Нэгдсэн төвийн дөрөв дэх салбарыг Сүхбаатар дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэр “Оргил 6 буудал” худалдаа, үйлчилгээний төвд нээлээ.
  • 2017.06.29 Сүхбаатарын талбайн өмнөх 200 автомашины зогсоол байгуулж, ашиглалтад орууллаа.
  • 2017.06.29 Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас 2017 оны тохижилтын хүрээнд эмнэлгүүдийн гаднах талбайн тохижилт, автозамыг өргөтгөх ажлыг шат дараатайгаар хийж байна. Энэхүү тохижилтын ажлын хүрээнд Сонгинохайрхан дүүргийн Нэгдсэн эмнэлгийн гаднах тохижилтыг хийж дуусгалаа.
  • 2016-08-25  Олон жил яригдсан ч шийдэгдээгүй байсан Тусгай замын автобус буюу BRT төслийг бэлтгэл ажлыг бүрэн хангаж 2018 онд ашиглалтад оруулахаар шийдвэрлэлээ.

НИЙСЛЭЛИЙН ЭРХЗҮЙН БАЙДЛЫГ  ДЭЭШЛҮҮЛЭХ  ЧИГЛЭЛЭЭР
ХИЙСЭН АЖЛУУД 

 

2017 оныг нийслэлийн хэмжээнд “Иргэдийн оролцоотой эрх зүйн шинэтгэлийн жил” болгон зарлах шийдвэрийг хотын удирдлагууд шинэ оны ажлын анхны өдөр /2017.01.02/ гаргажээ. Энэ хүрээнд хийж хэрэгжүүлсэн ажлыг багцлан тоймлоё.

Нийслэлийн Засаг дарга А/690 дүгээр захирамжаараа нийслэлийн хөрөнгө оруулагчдын хууль ёсны эрх ашгийг хамгаалах Зөвлөл байгуулж, ажиллах журмыг баталлаа. Тус зөвлөл нь хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангах замаар хөрөнгө оруулалтын таатай орчинг бүрдүүлэх, нийслэлийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа хөрөнгө оруулагчдын хууль ёсны эрх, ашиг сонирхлыг хамгаалах чиг үүрэгтэйгээр ажиллаж байна.

Хот хуулиа иргэдээрээ хэлэлцүүлж, УИХ-д өргөн барив

Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хууль 1994 онд анх батлагдсан байдаг. Өнөөдөр Монгол Улсын нийт хүн амын 46 хувь нь байнга оршин сууж, үндэсний нийт бүтээгдэхүүний 64,5 хувийг үйлдвэрлэж, улсын хэмжээнд бүртгэлтэй аж ахуйн нэгжүүдийн 68 хувь нь төвлөрсөн нийслэл хотын хөгжлийн үзэл баримтлалыг шинээр тодорхойлох, түүнд нийцүүлэн, эрх зүйн шинэ орчин бүрдүүлэх шаардлага тулгарч байгаа юм. Энэхүү хэрэгцээ, шаардлагыг харгалзан, хотын дарга С.Батболд өнгөрсөн хугацаанд уг хуулийн төслийг санаачлан боловсруулсан юм.  Хуулийг төгөлдөржүүлэх үүднээс нийслэлийн иргэдээрээ хэлэлцүүлсэн нь бас нэгэн шинэлэг алхам байлаа.  Улаанбаатар хот 1,5 сая хүн амтай дэлхийн 400 гаруй метрополис хотын нэгэн адил тогтвортой үзэл баримтлалтай,  эрүүл, аюулгүй орчинтой, олон төвт суурьшлын тогтолцоонд суурилсан, иргэд, олон нийтийн оролцоонд тулгуурласан, сайн засаглалтай, олон улсад өрсөлдөх чадвартай томоохон төв болох эрх зүйн орчин бүрдэнэ гэсэн хүлээлт нийгэмд байна. Энэ оны зургадугаар сарын 20-ны өдөр өргөн барьсан “Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулга”-ыг УИХ намрын чуулганаар хэлэлцэх юм.

67 жилийн дараах шийдвэр

Монгол Улс, ОХУ-ын Засгийн газрын хоорондын 1949 онд хийсэн хэлэлцээрийн дагуу Манай улсын Засгийн газар Улаанбаатар төмөр замын обьектуудын газрыг баталгаажуулах үүрэг хүлээсэн байдаг. Энэ оны зургадугаар сарын 21-нийг хүртэл 67 жилийн турш УБТЗ-ын удирдах газраас авахуулаад бусад обьектын газар баталгаажаагүй, эзэмших гэрчилгээгүй байсныг хотын дарга захирамж гаргаж шийдвэрлэсэн юм. Монгол-Оросын хувь нийлүүлсэн Улаанбаатар төмөр замын зурвас газрын хэмжээ, хил заагийг тогтоох, харьяа байгууллагуудын газрыг гэрчилгээжүүлэхээр болсон байна. Захирамжийн дагуу Улаанбаатар төмөр замын удирдах газар, Вокзал, Соёлын ордон, Тээврийн дээд сургууль, Зүтгүүрийн депо, Ган зам зочид буудал, Улаанбаатар төмөр замын “Улаанбаатар худалдааны төв”, Гал унтраах анги, Улаанбаатар төмөр замын Ногоон зоорь, Авто тээвэр үйлчилгээний төв, Улаанбаатар төмөр замын эмнэлэг зэрэг 11 байршилд газар эзэмших 15 гэрчилгээ олголоо.

Ийнхүү “Иргэдийн оролцоотой эрх зүйн шинэтгэлийн жил”-ийн хүрээнд хийж хэрэгжүүлсэн эрхзүйн шинэтгэлээс гадна хөрөнгө оруулалтын чиглэлээр чамгүй зүйлийг бүтээжээ. Тухайлбал, нийслэлийн түргэн тусламжийн төвийг иж бүрэн тоноглосон 10 автомашин /2016-10-27/ -тай болгосны сацуу  ХСҮТ-д нэг тэрбум төгрөгийн тоног төхөөрөмж /2016-12-14/, цэцэрлэгүүдэд агаар цэвэршүүлэгч төхөөрөмж, сурагчдад амны хаалт /2016-12-21/ зэргээр хувийн хэвшлийн болон бусад салбараас хөрөнгө татаж, нийслэлийнхний ая тухыг хангахад анхаарч иржээ.

БАЙГАЛЬ ЭКОЛОГИ, НОГООН БАЙГУУЛАМЖИЙН ЧИГЛЭЛЭЭР ХИЙСЭН АЖЛУУД
 

Улаанбаатарыг Утаанбаатар гэх муу нэрээс салгахын тулд өнгөрч буй нэг жилийн хугацаанд хотын удирдлагууд чамгүй ажил өрнүүлсэн. Тэдгээрээс онцлууштай, урьд өмнө нь зориглон хийгээгүйг эргэн сануулъя.

Шилжилт хөдөлгөөний хязгаарлалт ба агаарын чанарын бүс

Одоогоос яг 10 сарын өмнө буюу 2017 оны нэгдүгээр сарын 9-ний өдөр Агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр нийслэлийн Засаг дарга хэд хэдэн захирамж гаргасан байдаг. Энэ захирамжаар нийслэл рүү чиглэсэн шилжих хөдөлгөөнийг 2018 он хүртэл хязгаарлаж, нийслэлийн суурьшлын бүс болон агаарын чанарын дөрвөн бүсийг тодорхойлсон. Энэ бол эсэргүүцэл ихтэй ч олонхын төлөө цөөнхийн эрх ашгийг хөндөхөөс аргагүй гэдгийг харуулсан шийдвэр байлаа. Өнгөрсөн 10 сарын хугацаанд Улаанбаатар хотыг зорин ирэгсдийн тоо 40,9 хувиар буурсан гэдгийг албаныхан онцолж буй.

Нөгөөтэйгүүр хотын даргын шилжилт хөдөлгөөнийг хязгаарласан захирамжийг  Үндэсний аюулгүй байдлын зөвлөл дэмжсэн төдийгүй хугацааг нь сунгах эсэхийг тухайн үед шийдэхийг зөвлөж байжээ. Улаанбаатарын уугуул иргэдийн хувьд ч хамтдаа угаартаж байснаас хөдөө, орон нутгаа хөгжүүлж, тэндээ суурьшихыг найрсгаар зөвлөж байгааг үгүйсгэх аргагүй. 

Агаарын чанарын  байдлыг харгалзан нийслэлд агаарын бохирдлын дөрвөн бүсчлэлийг тогтоосон. Агаарын бохирдол хэмжигчээс ирсэн мэдээллийг үндэслэсэн тогтоосон ногоон бүсэд орон сууц, байшин хорооллыг багтаасан юм. Уг бүст ямар ч тохиолдолд яндангаас утаа гаргах ёсгүй. Харин шар, цайвар улаан, тод улаан бүсэд тодорхой заагтайгаар аль хэсэгт нь цахилгаан халаагуур, аль хэсэгт нь сайжруулсан түлш хэрэглэх вэ гэдэг асуудлыг захирамжилж өгсөн.  Тод улаанаар тэмдэглэсэн хэсэг нь нийслэлийн хамгийн их агаарын бохирдолтой хэсэг аж. Мөн агаарын бохирдлыг бууруулах хөтөлбөрийг үр дүнтэй хэрэгжүүлэх, бүсчлэлээс хамааран төрийн бодлого зохицуулалт, утааг багасгах арга хэмжээ төслүүдийг хэрэгжүүлэхээр төлөвлөсөн нь шинэлэг ажил байсан. Бүсчилэл хойшид ч мөрдөгдөнө.

Орон сууцны урьдчилгааг “Гэр хорооллыг хөгжүүлэх сан”-гаас олгож байна

Энэ оны нэгдүгээр сард бий болгосон агаарын бүсчилэлийн дагуу нийслэлийг орон сууцжуулах, иргэдийг  хөнгөлөлттэй нөхцөлөөр орон сууцтай болгох үүднээс “Нийслэлийн орон сууцны сан”-г өнгөрсөн зургадугаар сард байгуулав.  Мөн долдугаар сард хотын даргын санаачилгаар “Гэр хорооллыг хөгжүүлэх сан” байгуулж, Улаанбаатар хотын агаарын чанарыг сайжруулах 1, 2 дугаар бүсийн оршин суугчид орон сууцны ипотекийн зээлийн урьдчилгаа 30 хувийн төлбөрөө  уг сангаас төлүүлэх боломж бий болсон билээ.

Улаанбаатар хотод 216 мянган өрх орон сууцаар хангагдаагүй, эрүүл ахуйн эрсдэлтэй орчинд амьдарч байна. Эдгээр айл өрхүүд агаарын бохирдлын 70 хувийг бий болгохын зэрэгцээ, зуны цагт хөрсний бохирдол үүсгэж байдаг. Тиймээс хамгийн бохир агаартай 1,2-р бүсийн нутаг дэвсгэрт байрлах 182.616 өрх ипотекийн зээлд хамрагдахдаа урьдчилгаа төлбөрөө  дээрх сангаас авах боломжтойг  хотын дарга онцолж байсан юм.

Хэдий эдийн засгийн хүндрэлтэй үе тохиож байгаа ч уг санг бий болгож, иргэдэд хөнгөлөлттэй нөхцөл санал болгоод зогсохгүй, байр орон сууцтай холбоотой бүхий л мэдээллийг нэг цэгт төвлөрүүлж эхэлсэн юм. Агаарын бохирдолтой зөвхөн өвөл биш бүтэн жилийн турш уйгагүй тэмцэж байж бид бодитой үр дүн гарна гэдгийн баталгаа зуны сарын шинэлэг шийдвэр байлаа.

68 уурын зуух утаа үйлдвэрлэхээ зогсоожээ

Улаанбаатар хотын 68 халаалтын зуухыг зогсоож, төвлөрсөн дулаанд холбожээ. Ингэснээр дээрх уурын зуухууд энэ өвлөөс эхлэн утаа үйлдвэрлэхээ больсон гэсэн үг.  Эхний ээлжинд нийслэлийн Яармаг орчмын долоон зуухнаас хангагддаг Хан-Уул дүүргийн 80 ортой нэгдсэн эмнэлэг, 320 хүүхдийн 63 дугаар тусгай дунд сургууль, 620 хүүхдийн 34 дүгээр сургууль, 210 хүүхдийн 12 дугаар цэцэрлэг, Нийслэлийн яаралтай түргэн тусламжийн Хан-Уул салбар, Хан-Уул дүүргийн 4 дүгээр хорооны өрхийн эмнэлэг, Цагдаагийн барилга зэргийг төвлөрсөн дулаанаар хангахаар болсон юм. Энэ ажил хойшид ч үргэлжилнэ.

Туул голоос хайрга олборлохыг хориглов

2017 оны гуравдугаар сарын 29-ний өдрийн Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболдын гаргасан захирамжийг байгаль хамгаалах чиглэлд гаргасан онцлох шийдвэрийн нэгээр нэрлэж байна. Захирамж гарсан өдрөөс эхлэн нийслэлийн бүтээн байгуулалтад голын хайрга биш, уулын дайрга ашиглахаар шийдвэрлэсэн нь нийслэлчүүдийн талархлыг хүлээсэн шийдвэр болсон юм.

 Улаанбаатар хотын барилга, авто замын бүтээн байгуулалтад ашиглагдаж байгаа хайрга, дайргыг 100 хувь нийслэлийн нутаг дэвсгэрээс бэлтгэдэг.  Аж ахуйн нэгжүүд олборлох зардал багатайгаар нь Туул голын сав газраас хайргыг ихээр олборлож байгаагаас үүдэн энэхүү шийдвэрийг гаргасан юм.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд  түүний багийнхны байгаль хамгаалах,  экологийн чиглэлд хийж хэрэгжүүлсэн ажлуудаас цөөн хэдийг тоймлоход ийм байна.  Өнгөрсөн хугацаанд Толгойтоос Амгалан өртөө хүртэл 8000 улиас,  хоёрдугаар эмнэлгийн урд талбайд 90 гаруй нарс тарьж,  олон жил шийдэгдээгүй авто захуудыг хотоос гаргах ажлыг эхлүүлж, “Авто худалдааны цогцолбор”-ын үйл ажиллагааг хэдийнээ эхлүүлээд байна.  Магад эсэргүүцэлтэй тулгарч мэдэх ч их, дээд сургуулиудыг хотоос гаргах эхлэлийг тавина гэдгээ хотын мэр өгүүлж байна.

Дүгнэлт

Улсын нийслэл гэдэг их айл, манай улсын хувьд улс доторх улс ч гэж нэрлэж болно. Хүн амынх нь 40 гаруй хувь нь нийслэлдээ аж төрж, ирээ очоо зочдоо нэмбэл ачааны тэнгийн тал хувь нь нийслэлийн удирдлагуудын нуруун дээр буудаг. Ачаа их байхын хэрээр асуудал ч арвин. Тэр бүгдийг нэгэн амьсгаагаар шийдэх боломжгүй гэдгийг мэдсэн хэр нь биелүүлэхийн төлөө зүтгэдэг дарга томилогдсон нь өнгөрсөн нэг жилийн тайлангаас харагдаж буй юм.

Нийслэлчүүд бид өнгөрсөн нэг жилд хууль эрхзүйдээ  салхи оруулж, орчин цагтай хөл нийлэн алхах боломжит хувилбарыг боловсруулан УИХ-д өргөн барьсан төдийгүй олон жил хүнд суртал, авлигын үүд болсон зарим шийдвэрийг буцааж амжив. Цөөнхийг эрхийг хөндөж буй ч олон эрийг илүүд үзэж болдог гэдгийг нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболдын зоримог шийдвэр харууллаа. Эдийн засаг хямарч, хөрөнгө мөнгө хомсдсон жил байсан хэдий ч Улаанбаатар т бүтээн байгуулалт зогсоогүй. Цаашид ч зогсоохгүй үргэлжлүүлэх зориг, урам нэгэнт бүрдсэн гэдгийг хотын удирдлагууд харуулсаар байна.

Н.УРТНАСТ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж