Танхим компаниудыг хохироов уу?

Хуучирсан мэдээ: 2017.10.08-нд нийтлэгдсэн

Танхим компаниудыг хохироов уу?

УИХ-ын гишүүн Н.Энхболд, Су.Батболд нар өнөөдөр Төрийн албаны тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-ын дарга З.Энхболдод өргөн барилаа.

Хоёр дахь удаагаа зохион байгуулсан “Монгол-Хятадын Экспо 2017” үзэсгэлэн худалдаа есдүгээр сарын 26-30-ны хооронд Хөх хотод болсон. Мэргэжлийн хяналтын газар, Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхим /МҮХАҮТ/, Үйлдвэрлэгчдийг дэмжих холбоо, ХААХҮЯ хамтран зохион байгуулсан уг үзэсгэлэнд Монголын 30 гаруй аж ахуй нэгж оролцжээ. Тэдгээрээс махан бүтээгдэхүүн үйлдвэрлэгч 17 компанийн бүтээгдэхүүн Улаанбаатар хотоос есдүгээр сарын 22-ны өдөр Хөх хот руу ачигдсан боловч Хятадын Хорио цээрийн газраас буцаагдсан байна.

Хятадын гааль дээр 16 өдрийн турш гацсан машин өчигдөр /2017.10.08/ Улаанбаатарт буцаж иржээ. “Махан бүтээгдэхүүн ачсан машиныг өнөөдөр онгойлгоно” гэсэн мэдээллийн дагуу манай сурвалжлах баг “Техник импорт” ХХК-ийг зорилоо. Биднийг очиход Хотын гаалийн талбай дээр мах махан бүтээгдэхүүн ачсан машин ирчихсэн байлаа. Мөн компанийн төлөөллүүд нь цугларчээ. Мөн Хотын гаалийн газар, ХААХҮЯ,  МҮХАҮТ-ын төлөөлөл ирэв.  Мэргэжлийн хяналтын газар хүмүүсийг хоёр гурван цаг хүлээлгэлээ гэж хохирсон гэх аж ахуй нэгжийн төлөөллүүд ярьцгааж байлаа. Чингэлэгт байгаа  мах махан бүтээгдэхүүний хадгалах хугацаа нь дуусч, ямархуу байдалтай болсон бол гэдэгт тэд багагүй санаа зовж байгаагаа нуусангүй. Холбогдох албаны хүмүүсээс тодруулга авах гэсэн боловч “хуралтай байна” гэх товчхон бөгөөд албан хариулт өгөв. Худалдаа аж үйлдвэрийн танхимаас “Хар жагсаалтад оруулна гэж дарамталж байгаа болохоор сэтгүүлчдэд яриа өгөхгүй” гэж хохирогч компанийн зарим хүн ундууцаж байв.

Болсон явдлыг эргэн тодруулбал есдүгээр сарын 22-нд махан бүтээгдэхүүн ачсан машин Улаанбаатар хотоос гарч, Эрээн хотын гааль дээр гурав хоносон байна. “Бид  бүтээгдэхүүнээ авъя” гэсэн чинь “Шинжилгээний хариу муу гарсан” гээд үзэсгэлэнд оролцуулаагүй. Уг нь Мэргэжлийн хяналтын газарт шинжилгээ өгөөд шалгуулаад бичиг баримтаа бүрдүүлээд явсан компаниудын бүтээгдэхүүнүүд шүү дээ. Хохирлын хэмжээ хамгийн багадаа  30 сая төгрөг ба түүнээс дээш. Бид тооцож үзэхэд нийтдээ 200 сая ам.доллар болоод байгаа юм. Тэгсэн Худалдаа аж үйлдвэрийн танхимаас хэт өндөр үнээр тооцсон байна. Хиамны нөхөн төлбөрийг барагдуулна, хатаасан мах болон лаазалсан бүтээгдэхүүнийг буцаан олгоё гэсэн санал тавьсан. Чингэлэг задлахаар  муудсан муудаагүйгээр нь ялгаад муудсаныг нь устгалд оруулж нөхөн төлбөрийг барагдуулна, муудаагүй бүтээгдэхүүнийг зар гэж  шахаж байна” гэж хохирсон компанийн төлөөлөл ярьж байлаа.

Чингэлэг задлах үед бүтээгдэхүүнээ авч явахаар зарим компанийн ачааны машинууд ирсэн байв. “Нүдээр хараад гайгүй бүтээгдэхүүнийг авна даа. Энд өгч алдагдалтай ажиллаж байхаар бараагаа авна” гэж нэг хэсэг нь ярьцгааж, нөгөө хэсэг нь “Утлагатай хиам байлаа гээд чийгшилтэй, зөв горимд хадгалаагүй байхад тэр бүтээгдэхүүнийг аваад яах юм бэ.  Хүмүүсийг хордуул гэж байгаа юм уу. Авлаа гэхэд дараа нь асуудал үүсвэл хэн хариуцлагыг нь хүлээх юм” гэцгээж байв.

Гурван цаг хүлээсэн үйлдвэрлэгчид бухимдаж, хурал хийж байсан өрөөнд ороход “Мэргэжлийн хяналтаас гурван байцаагч ирсэн хорио цээрийн байцаагч нарыг  ирэхийг хүлээж  байна.  Хорио цээрийн байцаагч нар устгал хийх үгүйг нь шийддэг юм” гэж албаны хүмүүс учирлав.

Хүмүүсийг ийн ярьцгааж байх зуур Мэргэжлийн хяналтын газрын шинжээчид ирж, чингэлэг онгойлгоход шаардлагатай хүмүүс бүгд цугларлаа. “Манай байгууллагаас танай бүтээгдэхүүнүүд стандартын шаардлага хангаж байна уу гэдгийг л шалгана. Бүтээгдэхүүн муудсан эсэхийг лабораторийн шинжилгээгээр нотолсны дараа л устгадаг. Хятадын талаас шаардлага хангаагүй гэсэн дүгнэлт гарсан. Үүнээс хэдэн компанийн бүтээгдэхүүн шаардлага хангасан, хэд нь хангаагүй болохыг нотлох ёстой. Өнөөдөр амралтын өдөр учраас Улсын мал эмнэлгийн төв лаборатори ажиллахгүй. Тусгай хамгаалалтын бүс болохоор дуртай үедээ орж болохгүй байна. Маргааш бүтээгдэхүүнээс дээж авна. Хариу нь 72 цагийн дараа гарна” гэж Нийслэлийн  Мэргэжлийн хяналтын газрын мал эмнэлгийн  улсын ахлах байцаагч  Ж.Алтанзул хэлэв.

Мэргэжлийн хяналтын газар бүтээгдэхүүнээс дээж аваад 72 цагийн дараа хариу гарсны дараа чингэлгийг задална гэж байсан бол хохирсон аж ахуй нэгжүүдийн төлөөлөгчид чингэлгийг шууд задлахыг шаардаж байсан юм.

“Траст трейд” ХХК-ийн Гадаад худалдааны борлуулагч Б.Насанжаргал “40 тоннын чингэлэгт 17 компанийн бүтээгдэхүүн байна. Муудсан нь тодорхой байхад задлахгүй цаг алдаад байх юм. Хамгийн бага нь 35 сая дээд тал нь 120 сая төгрөгийн бараатай байна. Зохион байгуулагчид муу  ажилласан юм шиг санагдсан. Бичиг баримт нь дутуу байсан” гэв.

МҮХАҮТ болон Үйлвэрлэгчдийг дэмжих холбоо хоёрт дээрх 17  компани бичиг баримтаа бүрдүүлж өгсөн байна. Бүтээгдэхүүний үнэ, устгалын  зардал зэргийг тус хоёр байгууллагатай тооцно  гэдгээ  ч тэд илэрхийлж байв.

МҮХАҮТ-д Хятадын талаас бүх махан бүтээгдэхүүн шаардлага хангаагүй гэсэн хариу ирүүлсэн байна. Шинжилгээний хариу муу гарсан тохиолдолд Хөх хотод устгал хийх ёстой байсан. Гэвч хохирсон байгууллагуудын нэг нь ч буцаан татах санал тавиагүй байхад  махан бүтээгдэхүүн ачсан машин нааш ирсэн аж. Манай улсад шүлхий өвчин гараад байгаа энэ үед Хятадын талаас үзэсгэлэнд мах сүүн, бүтээгдэхүүнийг оролцуулахгүй гэдгийг өмнө нь хэлж байжээ. Гэсэн ч МҮХАҮТ-аас мах сүүн бүтээгдэхүүнийг үзэсгэлэнд оруулж болно  гэж 30 гаруй аж ахуй нэгжийнхэнд хэлжээ. Үүнээс болж 17  аж ахуй нэгж 660 гаруй сая төгрөгөөр хохирчихоод байна гэж бизнес эрхлэгчид үзэж буй юм.

Э.Сосорбурам

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж