“Цэций” салхин цахилгаан станц ажиллаж эхэллээ

Хуучирсан мэдээ: 2017.10.08-нд нийтлэгдсэн

“Цэций” салхин цахилгаан станц ажиллаж эхэллээ

Монголын хүүхэд бүрийн авьяас чадварыг нээн хөгжүүлэх “Авьяас” хөтөлбөр нээлтээ хийлээ.

Монгол Улсын эдийн засгийн тогтвортой хөгжлийн өсөлтийг дэмжих төсөл, “Клин Энержи Ази” ХХК болон mүүний хувьцаа эзэмшигчид болох “Ньюком” ХХК, “СофтБанк Энержи” корпораци нь Японы Олон улсын хамтын ажиллагааны агентлаг (цаашид “ЖАЙКА” гэх) болон Европын Сэргээн босголт, хөгжлийн банк (цаашид “ЕСБХБ” гэх)-тай хамтран Монгол Улсын өмнөд бүсэд 50 Мегаваттын чадалтай салхин цахилгаан станцыг барьж байгуулах төслийн ажлыг амжилттай дуусган 2017 оны аравдугаар сарын 6-ны өдөр нээлтээ хийлээ.

“Клин Энержи Ази” ХХК нь “Цэций” салхин цахилгаан станцын барилга угсралтын ажлыг төслийн талбарт 2016 оны есдүгээр сард эхлүүлснээс хойш яг нэг жилийн дараа 25 салхин турбины угсралт, суурилуулалт, “Цэций” дэд станц болон тус станцыг Монгол Улсын төвийн бүсийн нэгдсэн сүлжээнд холбох 32 км гаруй урттай цахилгаан дамжуулах агаарын шугамын барилга угсралтын ажлыг дуусгаж, ашиглалтад оруулах туршилтыг амжилттай гүйцэтгэн нээлтээ хийсэн томоохон үйл явдал боллоо. Энэ оны есдүгээр сард барилга угсралтын ажлыг 900,000 хүн цаг аваар осолгүй ажилласан амжилттайгаар “Цэций” станцын нээлтийг хийв.

Тус төслийн хувьд барилга угсралтын ажил нь анх төлөвлөсөн хугацаанаас даруй гурван сарын өмнө дууссан төдийгүй барилга угсралтын ажлын явцад ойролцоогоор 500 орчим хүн ажилласнаас 95% нь монгол ажилтнууд байлаа.

“Клин Энержи Ази” ХХК нь 2012 онд байгуулагдсан бөгөөд (Захиргаа орших газар: Улаанбаатар хот, Гүйцэтгэх захирал: Энхцэцэгийн Орчлон, цаашид “Клин Энержи Ази” гэх) тус компанийн хувьцаа эзэмшигчид нь Монголын “Ньюком” ХХК (харилцаа холбоо, эрчим хүчний групп компани) болон Японы “Софтбанк Групп” Корпораци (харилцаа холбоо, технологийн групп компани)-ийн охин компани болох “СБ Энержи” Корпораци болно.

Монгол Улс нь дэлхийд хүн амын нягтаршлаараа хамгийн багад тооцогддог улсын нэг бөгөөд хахир хатуу өвлийн улиралтай тул хүн ардаа, нэн ялангуяа хөдөө орон нутагт амьдарч буй оршин суугчдыг цахилгаан, дулаанаар хангахад ихээхэн хүчин чармайлт гаргах шаардлагатай байдаг. Хэдий тийм боловч Монгол Улс нь салхины эрчим хүчээр цахилгаан гаргах томоохон үйлдвэрлэгч болох боломжтой бөгөөд 1,100 Гегаватт гаруй чадлыг суурилуулах (эх сурвалж: Эрчим Хүчний Яам, Монгол Улс, 2016) бололцоотой бөгөөд Монгол орны өмнөд болон зүүн бүс нутагт салхины эрчим хүчний нөөц ихтэй. Тухайлбал, 13 аймгийн нутагт дэвсгэрт 20,000 Мегаваттаас дээш мөн есөн аймгийн нутаг дэвсгэрт 50,000 Мегаваттаас дээш салхины эрчим хүчний нөөцтэй байдаг бол Өмнөговь аймгийн нутагт дэвсгэр дангаараа 300,000 Мегаваттын салхин эрчим хүчний нөөцтэй.

“Цэций” салхин цахилгаан станц нь Монгол Улсын хувийн хөрөнгө оруулалттай хоёр дахь салхин цахилгаан станц болж байгаа бөгөөд Монгол Улс дахь цахилгааны эрэлт хэрэгцээг Монгол орны байгаль экологид ээлтэй, шавхагдашгүй, цэвэр эрчим хүчний нөөцөөр хангахад хувь нэмрээ оруулах юм. 50 Мегаваттын чадалтай “Цэций” станцын төслийг ЖАЙКА болон ЕСБХБ- ын зээлээр санхүүжүүлсэн. Энэхүү төсөл нь ЖАЙКА-гийн хувьд хилийн чанадад хувийн хэвшилд зээл олгон хэрэгжүүлсэн сэргээгдэх эрчим хүчний анхны төсөл нь болж байгаагаараа онцлогтой юм.

“Клин Энержи Ази” ХХК нь 2014 онд Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ (ЦДҮС)-тэй хамтран цахилгаан эрчим хүч худалдах, худалдан авах гэрээг байгуулсан. Уг гэрээ болон Монгол Улсын Их Хурлаас 2007 онд баталсан Сэргээгдэх эрчим хүчний тухай хууль, 2015 онд баталсан Төрөөс Эрчим хүчний талаар баримтлах бодлого нь “Клин Энержи Ази” ХХК-н хувьд “Цэций” станцын төслийг амжилттай хэрэгжүүлж дуусгах гол хүчин зүйл болсон юм.

“Цэций” станц нь импортоор авч буй цахилгааны хэмжээг бууруулах төдийгүй уур амьсгалын өөрчлөлтөд үзүүлж буй нөлөөллийг бууруулах замаар эдийн засгийн тогтвортой өсөлтийг хангахад дэмжлэг үзүүлэх болно. Тухайлбал, тус төслийг хэрэгжүүлснээр хүлэмжийн хийн ялгарлыг жилд ойролцоогоор 230,000 тонноор бууруулж, жилд 180,000 тонн нүүрс, 1.2 сая тонн ус хэмнэх болохыг тооцож тогтоосон байна.

Монгол Улсын өмнөд бүс нутагт орших “Цэций” станц ашиглалтад орсноор мөн улсын болон орон нутгийн чанартай авто зам, төмөр зам, эрчим хүчний дэд бүтцийг цаашид хөгжүүлэх ажилд тодорхой хувь нэмэр оруулах юм.

Салхин цахилгаан станцын талаарх товч мэдээлэл Байршил Монгол Улс, Өмнөговь аймаг, Цогтцэций сум Хүчин чадал 50 Мегаватт: тус бүр нь 2.0 Мегаваттын чадалтай 25ш салхин турбин генератор.

 Дэлгэрэнгүй мэдээллийг www.cea.mn, www.newcom.mn веб сайтаас авна уу.

О.ГЭЛЭГ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж