Хөгжлийн банкны гүйцэтгэх захирал Б.Батбаяраас дараах тодруулгыг авлаа.
-Хөгжлийн банкнаас зээл авсан гурван компанийн асуудлыг танайхаас шүүхэд шилжүүлсэн байна. Энэ талаар мэдээлэл өгөхгүй юу?
-Компанитай холбоотой байгууллагын нууцыг бид задруулах эрх байхгүй.
-Тэгвэл дээрх гурван компани нийт хэдэн төгрөгийн зээл авсан юм бэ?
-Дээрх гурван компанийн зээлийг Ардчилсан нам эрх барьж байх үед олгосон байсан. Нийт 200 орчим сая ам.долларын асуудал яригдаж байгаа. Бид Эрсдлийн сан байгуулснаас гадна мөн хуулийн байгууллагад хандсан. Гурван компанийн хувьд хугацаандаа зээлээ төлөөгүй, зарим нь зориулалтын бус ашигласан гэх асуудлаар шалгагдаж байна.
-Хөгжлийн банкны чанаргүй зээлийн хэмжээ таван хувиар буурсан байна. Энэ нь Эрсдлийн сан байгуулсны үр дүн үү?
-Чанаргүй зээлийн хэмжээ буурсан нь хоёр шалтгаантай. Нэгдүгээрт, хугацаандаа төлөгдөөгүй зээлийг төлүүлэх арга хэмжээ авна. Тухайн компанийг хуулийн байгууллагад шилжүүлснээр зарим компани “өөр эх үүсвэрээс зээлээ төлье” гэдэг. Ингэснээр чанаргүй зээлийн хувь хэмжээ буурна. Хоёрдугаарт, ган гачиг, гадаад дотоод зах зээлийн нөхцөл байдлыг харгалзан нэг удаа зээлийн хугацааг сунгах эрх байдаг. Тухайлбал, шүлхий гарсантай холбоотой махны экспорт буурах, ган гачиг тохиох, гадна талд түүхий эдийн зах зээл хаагдах гэх мэт тухайн компаниас шалтгаалахгүй гадаад хүчин зүйл нь бодитой байвал зээлийн хугацааг сунгаж болно. Энэ тохиолдолд чанаргүй зээлийн хэмжээ буурна.
Хөгжлийн банкны гол зорилго бол гадаад валютын нөөцийг нэмэгдүүлэх, ажлын байр бий болгох юм. Түүнээс биш тухайн компанийн тоног төхөөрөмжийг хурааж авах нь нэг номерын зорилт биш.
-Ирэх онд Монгол Улсын Засгийн газар 660 сая ам.долларын зээл төлнө. Үүнийг төлөх боломж хэр байна?
-Засгийн газар хэд хэдэн хувилбар боловсруулах байх. Дотоод валютын нөөцөөс гаргах эсвэл өндөр хүүтэй зээлийг бага хүүтэй зээлээр сунгах гэх мэт хэд хэдэн хувилбараас Засгийн газар сонголтоо хийнэ. Магадгүй Засгийн газраас гаргасан бондыг манай банк худалдаж авахыг үгүйсгэхгүй. Гэхдээ аль хувилбар нь Монгол Улсад ашигтай байна вэ гэж бонд гаргагч шийдвэр гаргавал бид дэмжиж ажиллана.
-Хөгжлийн банкны гүйцэтгэх захирал 50 тэрбум хүртэлх хөрөнгийн гүйлгээг өөрөө шийдэх эрхтэй гэх мэдээлэл цацагдсан, энэ үнэн үү?
-Энэ жил дөрвөн салбарт 225 тэрбум төгрөгийн зээл олгосон. Ингэхдээ зургаан тэрбумаас доош зээлийг манай банкны Зээлийн хороо шийддэг. Харин Хөгжлийн банкны өөрийн хөрөнгийн 0,6 хувь буюу зургаан тэрбумаас дээш зээлийн асуудлыг заавал ТУЗ шийднэ гэж дүрэмд заасан байдаг. Тухайн зээл 6-50 тэрбум бол ТУЗ-ийн шийдвэр тэмдэглэл хэлбэрээр, 50 тэрбумаас дээш бол тогтоол хэлбэрээр гардаг. Энэ бол гүйцэтгэх захиралд эрх олгосон зохицуулалт биш.