Ү-тэй монголчууд, Ү-гүй оросууд

Хуучирсан мэдээ: 2017.10.08-нд нийтлэгдсэн

Ү-тэй монголчууд, Ү-гүй оросууд

Өнөөдөр Төрийн ордонд “Сэргээн засалтын тусламж, үйлчилгээний анхдугаар чуулган” болж өнгөрлөө.

Энэ бол “Егөөтэй ерэн есөн тайлбар”-ын 1058 үгтэй хамгийн урт өгүүллэг. Өнөөг хүртэл  800 үгтэй “Христийн номлогч Кирил аавтай монгол цагаан толгой” өгүүллэг эхний байранд байсан юм. Гадныхныг дуурайгаад илүү, дутуу үсэгтэй “но”-той цагаан толгойгоо түмэн олондоо таниулах гэсээр байгаад тэр л дээ. “Но”-той тэр цагаан толгойгоор харь хэлний үгийг зөв бичих “но”-той дүрмийг тайлбарлаж, хоёр “но”-г давхцуулсан учир энэхүү өгүүллэг ийм урт болсонд эрхэм танаас хүлцэл өчье. Та төвөгшөөлгүй уншиж, харь хэлний үгийг бичих “но”-той дүрэм, түүнийг хөнгөн хялбар болгох шаардлагын талаарх тайлбарыг минь ухан ойлгоорой…

…Мэддэггүй шахуу бас нэг гоё дүрэм нь  “магистер, бакалавар, продакшин, констракшин” гэж бичих заалт. Яагаад гэхээр “магистр, бакалавр, продакшн, констракшн” гэсэн 2-3 давхар гийгүүлэгчтэй үгэнд “-д,-т” залгахаар “магистрТ, бакалаврТ, продакшнд, констракшнД” гээд 3-4 гийгүүлэгч давхардаж, монгол хэлний дүрмийг зөрчихөөс хамгаалсан хэрэг. Монгол хүний амнаас гурав дөрвөн гийгүүлэгч зай завсаргүй гардаггүй заяамал дуудлагыг зохиомол дүрмээр тунхаглаж эх хэлээ хамгаалсан их сайхан заалт байна. “Зөөлний тэмдэг(Ь)”-ээр төгссөн “баррель, дизель, туннель, стиль” гэсэн  үгсийг бүгдийг нь “баррел, дизел, туннел, стил”гэж “зөөлний тэмдэг(ь)”-гүй бичнэ гэдэг бараг л мартсан нэгэн дүрмийг сануулъя. “Эссе, граш” мэт монгол дуудлагатай зарим харь үгийг монгол үг шиг нь бичнэ гэнэ ээ. Гэвч зарим нь гадаад гэж бодож “эссе, граш” гэж байхад зарим нь монголжсон гээд “эсээ, гарааж” гээд байгаа нь тэдний буруу биш. “Төрийн хэлний зөвлөл” энэ бүхнийг журамлаад олон түмэнд түгээж зарлахгүй бол хүн бүр ингэж өөрийнхөөрөө хэлж, бичээд байна аа. Монгол хэлийг харийн хэлэнд нөлөөтөхөөс хамгаалсан гоё заалтуудыг ярилаа…

Одоо харин “Гадааханд л таалагдаж байвал манайхан ч яамай. Толгой нь эргээд явж л байг. Гадаадаараа л алдаагүй бичнэ шүү.” гэсэн муухай дүрмүүдээ тайлбарлая.

“Эр эгшиг орсон буюу А, О, У үсэгтэй үгсэд “ацетоны, брокероос” мэтээр монгол хэл шиг эр нөхцөл залгана. Гэхдээ “Орос хэлний У-г Ү гэж бодоод “клубийн, курсээс, рублээр” гэж эм үгийн нөхцөл залгаарай.” гэсэн өмнөхөө үгүйсгэсэн нэг дүрэм бий. Угаасаа орос хэлний У манай У биш, харин Ү-тэй илүү дөхүү болохоор тэр. Тийм л юм бол Ү-тэй монголчууд Ү-гүй орсууд шиг   Ү-г У-аар орлуулж “клуб, курс, рубль” гэх ямар хэрэг байна аа. Байгаа юмаараа баярхаж “клүб, күрс, рүбл” гэхэд буруудах юм ер байхгүй. Тэр байтугай үг давхар гийгүүлэгчээр эхэлдэггүй, эгшиг, гийгүүгүүлэгч нь ээлжилдэг эх хэлний  уугуул шинждээ урвуулаад “күлүүб, күүрс, үрүүбэл” гэсэн ч болохгүй юм ер байхгүй. Гадаадаар ганц ч алдалгүй бичээд сурчихсан хүмүүст л хачин харагдах байх. Гадаадад дассан хүмүүс дотооддоо бүүр ч хурдан дасчихна гэж бодож байгаа шүү…

“Егөөтэй 99 тайлбар” номын ““Но”-той юм их тайлбар нэхэх юм аа” өгүүллийн хэсгээс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж