Японы 500 жилийн түүхтэй “Соба” Монголд

Хуучирсан мэдээ: 2017.10.08-нд нийтлэгдсэн

Японы 500 жилийн түүхтэй “Соба” Монголд

Булган аймгийн Хангал сумын Хялганат тосгоны “Цулхар” гэдэг газар оршин суугч иргэн Б /45 настай, эрэгтэй/ халдварт боом өвчнөөр өвчилсөн болох нь тогтоогдсон.

Хүнсний аюулгүй байдал хэн бүхний сэтгэлийг түгшээх болсон. Тэгвэл хүний биед маш олон төрлийн ашиг тустай нэгэн шинэ хоолыг өнөөдөр монголчуудад танилцууллаа. Уг хоол нь Япончуудын олон зууны туршид эрүүл урт наслалтын нууцуудын нэг байжээ. Зөвхөн япончууд л хэрэглэдэг гурвалжин будаагаар хийсэн гоймон буюу “Сабо” хэмээх уг хоолыг гадны улс орнууд ч өндрөөр үнэлж 2013 онд ЮНЕСКО-ийн биет бус соёлын өвд “Вашокү” буюу Япон хоол хэмээн бүртгэж авсан байна.

Эрүүл зөв хоолоор нэрлэгдэж буй “Сабо” хоолны өдөрлөгийг Монгол Улс, Япон Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 45 жилийн ойн баярын хүрээнд зохион байгуулсан юм. Монголчуудын хоол хүнсний нэр төрлийг ийнхүү нэгэн эрүүл хоолоор баяжуулсан тус өдөрлөгийг “Монголын Агрокультур Делелопмент групп” ХХК, Япон улсын “Соба хоолны холбоо” Кронэ ресторан, ХХААХҮЯ, нийслэлийн Хүнс, хөдөө аж ахуйн газартай хамтран зохион байгуулав.

“Соба” хоолны баярт Ерөнхийлөгчийн Монгол Улс, Япон улсын хамтын ажиллагааны асуудал хариуцсан бие төлөөлөгч Д.Дагвадорж, УИХ дахь Монгол-Японы найрамдлын бүлгийн дарга Д.Сумъяабазар, Япон улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд М.Такаока, нийслэлийн Хүнс хөдөө аж ахуйн газрын Хүнсний үйлдвэрлэлийн хэлтсийн дарга А.Цэцэгээ, Японы ‘Соба’ хоолны холбооны тэргүүн Накатани Шиничи нар болон бусад зочид төлөөлөгчид оролцсон юм.

Ц.Рэнчинсэнгээ:Энэ жил 1000 орчим тонн гурвалжин будааны ургац авах урьдчилсан тооцоо бий

Бид энэхүү баярын үеэр “Монголын Агрокультур Делелопмент групп” ХХК-ийн гүйцэтгэх захирал Ц.Рэнчинсэнгээгээс дараах тодруулгыг авлаа.

-Өнөөдрийн өдөрлөгийн талаар товч мэдээлэл өгөөч?

-Монгол, Япон хоёр улс эдийн засгийн хэлэлцээрийг 2015 онд байгуулсан. Энэ хэлэлцээрийн хүрээнд бид Монголынхоо эрүүл хөрсөнд тарьж ургуулсан хөдөө аж ахуйн бүтээгдэхүүнээ Япон улс руу экспортлох зам нээгдсэн юм. 2015, 2016, 2017 онуудад гурвалжин будаагаа тариалаад өнгөрсөн жил бид Япон улс руу 300 тонн гурвалжин будаа экспортлосон. Энэхүү экспортлосон бүтээгдэхүүний маань дээж гурил болоод Японы гурвалжин будааны хоолны соёлыг анх удаагаа Монгол улсдаа зохион байгуулж байна. 

Бидний урилгыг Японы “Гурвалжин будааны хоолны холбоо” гэж байгууллага талархан хүлээж аваад өнөөдрийн энэхүү арга хэмжээг хамтран зохион байгуулж байна. Энэ холбооны гурвалжин будааны гоймон бэлтгэдэг 4,5 дугаар зэрэгтэй 39 хүн Монголд ирсэн байна. 

Монголчууд бид улаанбуудайныхаа гурилыг л мэдэхээс өөр төрлийн гурил төдийлөн сайн мэддэггүй. Тэгвэл энэ гурвалжин будааны гурилаар хийсэн гоймонг хэрхэн бэлтгэдэг вэ, энэ нь хүний биед ямар ач тустай байдаг, үндэсний хоолыг энэ төрлийн гурилаар хийж болох уу гэх зэрэг олон төрлийн асуудлыг өнөөдөр хоолны баяраараа дамжуулан монголчууддаа сурталчилан таниулж байна. 

-Гурвалжин будааг Монголд тариалахад хүндрэл гарч байна уу?

-Гурвалжин будаа нь дулаан их шаарддаг ургамал. Хоёрдугаарт ахиу ургац авна гэвэл болц жаахан удаан байдаг учраас манай нөхцөлд намрын эхний хүйтэнд нэрвэгдэх эрсдэлтэй. Тиймээс бид эхний ээлжинд богино буюу 90-100 хоногийн болцтой үрийг сонгон тариалж, өнөөдөр үр дүн маань сайн гарч байна. 

Тиймээс цаашид богино болцтой үрийг Монгол орондоо нутагшуулж, сортоор баталгаажуулаад тариаланчдынхаа тариалангийн сэлгээнд оруулахаар ажиллаж байна.

-Энэ жил хичнээн тонн гурвалжин будаа хурааж авахаар төлөвлөж байна вэ?

-Дорнод аймаг бол манай улсын хамгийн дулааны хангамжтай, жилд ордог хур тунадасны хэмжээгээрээ бусад бүс нутгаас илүү байдаг. Тиймээс бид хамгийн анхны үрийг Халх голд тарьсан. 

Тэндээс авсан туршлагаараа бид Сэлэнгэ, Орхон, Ерөө голын сав дагуу нам дор газрыг сонгож тариалсан. Нийт 2000 га-д тариалан 1000-д тонн ургац авчих болов уу гэсэн урьдчилсан дүнтэй явж байна. 

-Гурвалжин будааны гурилын үйлдвэрийг Монголд байгуулах уу?

-Энэ бол бидний ирэх жилийн зорилт юм. Яагаад гэвэл улаанбуудайг тээрэмддэг ган тээрмээр гурвалжин будааг тээрэмдэж болдоггүй. Зөвхөн чулуун тээрмээр энэ гурилыг үйлдвэрлэдэг. 

-Гурвалжин будааны гурилын ашиг тусын талаар тодруулна уу?

-Монголчууд сүүлийн жилүүдэд маш их олдмол өвчтэй болж байна. Ялангуяа хэт таргалалт, үүнээс үүдэлтэй чихрийн шижингийн өвчлөл, олон төрлийн харшил гэх зэрэг.Тэгвэл энэхүү гурвалжин будааны гурил нь хүний биед байгаа чихрийн хэмжээг багасгадаг. Таргалалтаас урьдчилан сэргийлж, харшилыг намдаадаг. 

Гурвалжин будааг зөвхөн гурил хэлбэрээр бус мөн цай болгон хэрэглэж болдог. Мөн хальсаар нь дэр хийж хүүхдэд дэрлүүлэх нь өсөлт хөгжилтөд нь сайн нөлөө үзүүлдэг юм. Үүнээс үзэхэд гурвалжин будаанд хаях юм гэж байхгүй.

Дашрамд дурдахад, гурвалжин будаа өөрөө уураг, цардуул, ислэгийн өндөр агууламжтай, наалдамхай чанар байхгүй учраас улаабуудайтай бага хувиар хольж зууран, хоолондоо хэрэглэдэг. Япончуудад гурвалжин будааны гоймон нь их алдартай үндэсний хоол нь байдаг. Бид цагаан сараар бууз баншаа хийж хүртдэг шиг, япончууд үндэсний баяраараа заавал гурвалжин будны гурилаар хийсэн гоймонг иддэг уламжлалтай. Энэхүү уламжлал нь Япон улсад 500 жилийн түүхийг элээсэн байна. 

-Хэрвээ монголчуудад гурвалжин будаа нь гурил болж хүрвэл ямар үнэ өртөгтэй байх бол?

-Гурвалжин будаа нь өөрөө га-аас авах ургацын хэмжээ нь улаанбуудайтай харьцуулахад бага байдаг. Мөн гурважин будааг хальслах гэх зэргээр олон шат дамжлага дамждаг бөгөөд энэ болгонд өртөг нь нэмэгдэж байдаг. 

Тиймээс 1кг орчим гурил ойролцоогоор 5000 орчим төгрөгөнд гарах болов уу гэсэн урьдчилсан тооцоолол байгаа гэлээ. 

Ш.Оч

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж