Долоо хоногийн ОНЦЛОХ ҮЙЛ ЯВДАЛ

Хуучирсан мэдээ: 2017.10.07-нд нийтлэгдсэн

Долоо хоногийн ОНЦЛОХ ҮЙЛ ЯВДАЛ

Долоо хоногийн ОНЦЛОХ ҮЙЛ ЯВДАЛ

ДАВАА /X.02/
 

С.Зориг агсан бусдын гарт амиа алдсанаас хойш 19 жил өнгөрчээ.

  • Улсын Их Хурлын 2017 оны намрын ээлжит чуулган 67.1 хувийн ирцтэйгээр эхэллээ. Намрын ээлжит чуулганыг нээж УИХ-ын дарга М.Энхболд болон Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга үг хэлэв.
     
  • АН-ын удирдлагууд, УИХ-ын гишүүд, Ардчилсан хувьсгалын зүтгэлтнүүд С.Зориг агсны хөшөөнд цэцэг өргөж, хүндэтгэл үзүүллээ.  Одоогоос 19 жилийн өмнөх энэ өдөр тэрбээр бусдын гарт харамсалтайгаар амиа алдсан юм. 
     
  • УИХ-ын дарга М.Энхболд Улаанбаатар хотноо зохион байгуулагдаж буй “Монгол-Оросын хамтын ажиллагаа-2017” чуулга уулзалтад оролцож буй ОХУ-ын Холбооны хурлын Холбооны зөвлөлийн Эдийн засгийн бодлогын байнгын хорооны нэгдүгээр орлогч дарга Сергей Вячеславович Калашников тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.
     
  • Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дэд даргаар Гочоосүрэнгийн Байгалмааг томилов. Г.Байгалмаа нь Шинэчлэлийн Засгийн газрын Барилга хот байгуулалтын дэд сайд, УИХ-ын дарга З.Энхболдын зөвлөхөөр, сүүлийн 10 гаруй жил Монголын Ардчилсан холбооны Ерөнхий нарийн бичгийн даргаар ажиллаж байжээ.
     
  • Нийслэлийн төр захиргааны байгууллагуудын ажлын цагийн хуваарь энэ өдрөөс эхлэн 30 минутаар хойшиллоо. Өвөл цагийн хуваарьт шилжсэнээр ажил эхлэх цаг 08.30, дуусах цаг 17.30 болов.
  • “Монгол, Оросын хамтын ажиллагаа-2017” эдийн засгийн чуулга уулзалт Улаанбаатар хотноо нээлтээ хийв.
     
  • УИХ дахь Ёс зүйн дэд хороо хуралдаж, тус хороонд ирсэн УИХ-ын гишүүн Д.Гантулгатай холбоотой гомдлыг хэлэлцлээ. “Өмгөөлөгчдийн Веритас Партнерс” ХХН-өөс гаргасан гомдол буюу УИХ-ын гишүүн хүчингийн хэрэгт холбогдож, энэ талаараа Төрийн ордонд мэдээлэл хийсэн нь ёс зүйд хэр нийцэх талаар хэлэлцэж, гишүүн Д.Гантулгаас өөрөөс нь тайлбар авахаар болжээ.
     
  • Хархорин худалдааны төв болон 32-ын тойрог орчимд  наймаа эрхэлдэг иргэд “Хангарьд” ордны 14 давхарт жагсав. Тэд нийслэлийн гудамж, талбайд гар дээрээс худалдаа эрхлэхийг хориглосон шийдвэрийг эсэргүүцжээ.

МЯГМАР /X.03/
 

Баянзүрх, Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх. Иргэн Ц.Баярцогт шүүхээс гарч яваа нь

  • Монгол Улсын Засгийн газрын ээлжит хуралдаанаас УИХ-д өргөн бариад байсан Монгол Улсын 2018 оны нэгдсэн төсвийн төслийг буцаан татах шийдвэр гаргалаа. Шинээр томилогдох Ерөнхий сайд болон Засгийн газрын гишүүдэд Монгол Улсын 2018 оны нэгдсэн төсвийн төсөлтэй танилцах, шаардлагатай нэмэлт, өөрчлөлтүүдийг оруулах боломж олгох үүднээс дээрх шийдвэрийг гаргажээ.
     
  • Төв шуудангийн уулзварт замын хөдөлгөөнийг зохицуулж байсан цагдаа Б.Отгонбаатар руу салаавч гаргаж танхайрсан Ц.Баярцогтын гомдлыг хэлэлцэх шүүх хурал Баянзүрх, Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд боллоо.
     
  • Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгад Унгар Улсаас Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Галошфаи Михай Матиаш Итгэмжлэх жуух бичиг барилаа.
     
  • Эрчим хүчний салбарын өргөтгөсөн шуурхай хуралдаан боллоо. Өөвөлжилтийн бэлтгэл ажил 91 хувьтай байна, аравдугаар сарын 20 гэхэд системийн хэмжээнд бэлтгэл ажил дуусна гэж салбарын яамнаас мэдэгдэв.
     
  • Монголын сурагчдын холбоо, Монголын эцэг, эхчүүдийн холбооноос мэдээлэл хийж, багш нарын цалин нэмэх асуудлыг бүрэн дэмжиж байгаагаа илэрхийлэв.
     
  • МҮБХ-ноос бөхчүүдийн шинэчилсэн чансааг танилцууллаа. Чансааг 2017 оны цагаан сараас эхлэн есдүгээр сарын 30-нд зохион байгуулсан Эрчим хүчний 95 жилийн ойн барилдаан хүртэлх 15 барилдаанд үзүүлсэн амжилтыг харгалзан гаргажээ. Шинэ чансааг энэ жилийн баяр наадамд зургаа давж, улсын харцага цол хүртсэн О.Хангай тэргүүлэв.
     

ЛХАГВА /X.04/
 

У.Хүрэлсүх Монгол Улсын 30 дахь Ерөнхий сайд боллоо

  • УИХ-ын чуулганы хуралдаанаар У.Хүрэлсүхийг  Ерөнхий сайдаар томилох тухай асуудлыг хэлэлцэв. Хуралдаанд 47 гишүүн оролцож, 61,8 хувийн саналаар Ухнаагийн Хүрэлсүхийг Монгол Улсын 30 дахь Ерөнхий сайдад дэмжлээ.
     
  • Монгол Улсын 30 дахь Ерөнхий сайдаар томилогдсон У.Хүрэлсүх 2017 оны 10 дугаар сарын 4-ний өдрийн морин цагт тамгаа гардаж авлаа. Засгийн газрын тамгыг Монгол Улсын Ерөнхий сайд асан Ж.Эрдэнэбат хүлээлгэн өгч баяр хүргэн ажлын амжилт хүсэв.
     
  • Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд тэргүүтэй нийслэлийн удирдлагууд Хот тохижилтын газрын 2017-2018 оны өвөлжилтийн бэлтгэл ажилтай танилцлаа.
     
  • “Эрүүл мэндийн салбарын ажилчдын цалинг 50-иас доошгүй хувиар нэмэгдүүлэхийг шаардсан цагаан жагсаал” Ялалтын талбайд боллоо. Жагсаалд 21 аймгийн 50 гаруй эрүүл мэндийн байгууллагын 10 мянган эмч, эмнэлгийн ажилчид нэгдэв.
     
  • МАХН эмч, багш нарын цалинг нэмэх ёстой гэсэн байр суурь барьж байгаа аж. Энэ талаараа МАХН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Э.Эрдэнэжамъян, С.Ганбаатар нар мэдээлэл хийв.
     
  • МУИС байгуулагдаж, үндэсний дээд боловсролтой мэргэжилтэн бэлтгэж эхэлсний 75 жилийн ой энэ өдрүүдэд тохиож байна. Энэ хүрээнд МУИС-ийн удирдлагууд Маршал Х.Чойбалсан, Ю.Цэдэнбал, Ж.Батмөнх нарын хөшөөнд хүндэтгэл үзүүллээ.
     
  • Нийслэлийн Прокурорын газраас мэдээлэл хийлээ. Тус газрааас замын цагдаа Б.Отгонбаатартай зүй бус харьцсан Ц.Баярцогтын гаргасан үйлдэл төрийн албан хаагчийн хууль ёсны үйл ажиллагааг эсэргүүцсэн, хэл амаар доромжилсон гэх зөрчил биш, харин “Олон нийтийн газар бусдыг өдөөн турхирч, танхайрсан зөрчил” гэж үзэж, цагдаагийн байгууллагаас оногдуулсан мөнгөн шийтгэлийг хүчингүй болгох дүгнэлтийг өгчээ. Ингэснээр торгуулийн шийтгэлийг хүчингүй болгож, дахин өөр шийтгэл оногдуулах аж.

ПҮРЭВ /X.05/
 

  • Дэлхийн багш нарын эрхийг хамгаалах өдөр тохиов. Энэ өдөр Монголын багш нарын онц Их хурал боллоо.
     
  • УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан болов. Хуралдаанд Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх 2017 оны төсвийн тодотголын танилцуулгыг хийлээ.
     
  • Ерөнхий сайд У.Хүрэлсүх ОУВС-гийн Монгол дахь суурин төлөөлөгч Нэйл Сакерыг хүлээн авч уулзлаа. Тэрбээр Монгол Улсад хэрэгжүүлж буй хөтөлбөрөө үргэлжлүүлэхийг хүссэн Монгол Улсын Ерөнхий сайдын албан захидлыг ноён Нейл Сакерт гардуулж, ОУВС-гийн гүйцэтгэх захирал Кристин Лагардед дамжуулж өгөхийг хүсчээ.
     

Ерөнхий боловсролын 29 дүгээр тусгай сургуулийн захирал Б.Батсайхан

  • Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдын үүрэг гүйцэтгэгч Г.Чулуунбаатарын тушаалаар Ерөнхий боловсролын 29 дүгээр тусгай сургуулийн захирал асан Б.Батсайханыг албан тушаалд нь эргүүлэн томилов.
     
  • “Оргил рашаан сувилал”-ын 115 ажилтан төрөөс мөнгөн төлбөр олгохыг шаардаж, мэдээлэл хийлээ. Сувиллыг нь 15 тэрбум 25 сая төгрөгөөр Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газар /ТӨБЗГ/-аас хувьчилсан юм.
     
  • Нийслэлийн Засаг даргын зөвлөл ээлжит бус хуралдаан хийж, Нийслэлийн эдийн засаг, нийгмийг 2018 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийг хэлэлцэн баталлаа.
     
  • Эрүүл мэндийн ажилтны үйлдвэрчний эвлэлийн Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд цалин нэмэх тухай шаардлага хүргүүлэв.
     
  • МУИС-ийн шинэ номын сангийн нээлт боллоо. Нээлтэд Ерөнхийлөгч Х.Баттулга оролцон, үг хэлж, номын анхны цахим захиалга хийв. МУИС-ийн номын сан нь 400 мянга орчим хэвлэмэл болон цахим сан хөмрөгтэй, олон улсын онлайн мэдээллийн сангуудыг ашиглах боломж бүрдүүлсэн 15 цэг салбартай.
     
  • Нийслэлийн шүүхийн 90 жилийн ойн баярын хурал болов.

 

БААСАН /X.06/

  • Монголын зохиолчдын эвлэлийн 16 дугаар Их хурал болов. Их хуралд 285 төлөөлөгч оролцсон ба гишүүдийн 100 хувийн саналаар Соёлын гавьяат зүтгэлтэн Арлааны Эрдэнэ-Очирыг Монголын зохиолчдыг эвлэлийн удирдлагаар сонгов.
     
  • УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар Төрөөс мөнгөний бодлогын талаар 2018 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай УИХ-ын тогтоолын төслийн хэлэлцэх эсэх, Монгол Улсын 2017 оны төсвийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг тус бүр хийх байсан ч АН-ын бүлэг завсарлага авснаар хуралдаан хойшиллоо.
     
  • МУИС-ийн 75 жилийн ойн “Эрдэмд түүчээлсэн 75 жил” баярын хурал Төрийн ордны Их танхимд боллоо.
     
  • Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга зарлиг гаргаж, түүхт 75 жилийн ойгоо тэмдэглэж буй МУИС-ийг Сүхбаатарын одонгоор шагналаа.
     
  • Эрчим хүчний Сайд асан М.Сономпилийг яллагдагчаар татав. Түүнийг Эрчим хүчний сайдаар ажиллаж байх хугацаандаа Эрчим хүчний яамнаас зарлагдсан худалдан авах ажиллагаа, тендер, “Амгалан” дулааны цахилгаан станц болон тус станцын санхүүжилттэй холбоотой асуудлаар шалгаж байна.
     
  • “Монголын нууц товчоо” түгээмэр эх номын Япон хэл дээрх хувийн нээлт Монголын үндэсний номын санд боллоо.
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж