Яг долоо хоногийн дараагаас нийслэл хотод үйлчилдэг автомашины дугаарын хязгаарлалтад өөрчлөлт орно. НИТХ-ын Тэргүүлэгчдийн тогтоолоор баталсан хуваарийн дагуу 2017 оны аравдугаар сарын 15-ны өдрөөс эхлэн тээврийн хэрэгслийн улсын дугаарын хязгаарлалт өвлийн бүсчлэлд шилжинэ гэдгийг албан эх сурвалж мэдээлжээ.
Нийслэлийн авто замын ачааллыг бууруулах цогц арга хэмжээний хүрээнд нийслэл хотод бүсчлэл тогтоож, автомашины улсын дугаарын сүүлийн оронгоор хязгаарлаж хөдөлгөөнд оролцуулах зохицуулалт хийж байгаа. НИТХ-ын Тэргүүлэгчдийн 2014 оны 225 тоот тогтоолоор улсын дугаарын хязгаарлалтын цагийн хуваарь, замын бүсчлэлийг өвөл, зуны хуваарьт шилжүүлсэн билээ.
Энэ хуваарийн дагуу энэ сарын 15-наас эхлэн тээврийн хэрэгслийн улсын дугаарын хязгаарлалт өвлийн бүсчлэлд шилжиж, 08:00-20:00 цагийн хооронд хязгаарлалт үйлчлэхээр болжээ. Улсын дугаарын хязгаарлалтын бүсчлэл нь өвлийн улиралд хумигдаж, урин цагт тэлдэг онцлогтой.
Д.ЦЭЭЛ