Хэрвээ та дээрх асуултын хариултыг мэддэггүй бол санаа зовох зүйлгүй. Тантай адил олон хүн байна. Нью Йорк Таймс сонин нэгэн хачирхалтай санал асуулга явуулжээ. “Хойд Солонгос хаана байдаг вэ?” хэмээх санал асуулгын үр дүн нь бүр ч хачин гарсан гэнэ. Санал асуулгад 1746 уншигчийн 36 хувь нь зөв хариулсан бол бусад нь хариулж чадаагүй байна.
Дэлхийн өнцөг булан бүрт суугаа хүмүүсийн газар зүйн мэдлэг сайн байх нь чухал уу? Тийм бол яагаад?
Нью Йорк Таймс сонины редактор Кевин Квили “Хэрэв Америкчууд бүгдээрээ Хойд Солонгос хаана байдгийг газрын зураг дээр зааж чаддаг байсан бол дипломат харилцааг чухалчлах байсан юм. Америкчуудаас Нэгдсэн улсын засгийн газар Хойд Солонгосын талаар ямар бодлого явуулах нь зүйтэй талаар асуухад газар зүйн хэр мэдлэгтэйгээс хамааран тэдний санал хоёр хуваагдсан” гэжээ.
“Morning Consult”-аас Нью Йорк Таймс сонины уншигчдын дунд өнгөрсөн дөрөвдүгээр сард явуулсан санал асуулгын дүнгээр Хойд Солонгосыг газрын зураг дээрээс түвэггүй зааж чадсан хүмүүс Солонгосын хойгийн асуудалд газар зүйн мэдлэг тааруу хүмүүсийг бодвол цэрэг, зэвсэг хэрэглэхээс илүү дипломат арга замаар шийдэлд хүрэхийг илүүд үзсэн байна.
2014 онд Дроп, Жошуа Керцер, Томас Зейцофф нар дээрхтэй адил санал асуулга явуулсан юм. Санал асуулгаар Америкчуудаас Украиныг газрын зураг дээр заахыг хүсэж, тус улсад цэрэг оруулах нь зөв эсэхийг асуужээ. Санал асуулгад оролцогчдоос Украины талаар ямар ч ойлголтгүй хүмүүс тус улсад цэрэг оруулахыг дэмжиж байсан бол Украиныг газрын зураг дээр зөв заасан хүмүүс үүнийг тус улсын дотоодын асуудал гэж хариулсан байна.