Спорт өдөрлөг болж байна

Хуучирсан мэдээ: 2017.10.07-нд нийтлэгдсэн

Спорт өдөрлөг болж байна

Өвөрхангайн тойрогт АН-аас нэр дэвшигч Г.Батхүү, Д.Зоригт нараар УИХ-ын тангараг өргүүлэх гэсэн үйл ажиллагаанаас улбаатай МАН-ын эрхэм гишүүдийн суулт үргэлжилж байна.

“Би жүдо бөхийн спортоор долоон жил хичээллэж байна. Улсын аварга, хот, дүүргийн нэрэмжит тэмцээнд чамгүй амжилттай оролцож байгаа. Өнөөдрийн спорт өдөрлөгт Хан-Уул дүүргийн Биеийн тамир спортын хороогоо төлөөлөн багаараа тав дахь жилдээ оролцож байна” хэмээн “Чандмань” цогцолбор сургуулийн 12 дугаар ангийн сурагч Ц. Амин-Эрдэнэ ярилаа.

Ийн найман настай балчираас наян настай буурлууд өнөөдөр /2017.10.07/ Сүхбаатарын талбайд болж буй спорт өдөрлөгт оролцохоор ирсэн харагдана. Ахмад тамирчдын хувьд төв талбайгаас Үндэсний цэцэрлэгт хүрээлэн хүртэл алхалт хийхээр бэлтгэлээ хангаж байв. 

Нийслэл хотын 378 жилийн ойн өдрийг тэмдэглэн зохион байгуулж байгаа спорт өдөрлөгт нийт 70 гаруй байгууллагын тамирчид оролцож байна. Мөн нээлтийн ёслолын үеэр “Дуулиан-2020” сурагчдын хөлбөмбөгийн 12 дахь удаагийн тэмцээний гарааны ёслолын ажиллагаа болсон юм.

“Иргэдийн хувьд нийслэл хот үүсгэн байгуулагдсан өдрийг өргөн дэлгэр тэмдэглэдэг. Энэ өдрийн хүрээнд олон арга хэмжээг зохион байгуулдаг. Үүний нэг нь “UB-SPORT 2017” спорт өдөрлөг юм. Энэ өдөрлөгөөр спортын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг байгууллагууд идэвхтэй оролцож, иргэдэд усан бассейн, фитнесс клубт хичээллэх хөнгөлөлттэй эрхийг олгож байгаа”  талаар нийслэлийн Биеийн тамир, спортын газрын дарга Ж.Ганболд танилцууллаа.

Спорт өдөрлөгийн үеэр иргэдийн дунд дугуй, сагсан бөмбөг, хөлбөмбөг, экстрим, шатар, даам, шагайн наадгай, ширээний теннис, буухиа, олс таталт зэрэг тэмцээнийг зохион байгуулж байв. 

Дүүргүүдийн Биеийн тамир спортын хороод өөрсдийн үйл ажиллагаагаа сурталчилж, экстрим, ширээний теннис, хийн дасгал, спининг фитнесс, хөлбөмбөг, дугуйн үзүүлбэрүүдийг төв талбайд олон нийтэд сонирхуулах гэнэ. 

 

 

 

 

 

А.Сүрэн
 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж