Хуучирсан мэдээ: 2017.10.07-нд нийтлэгдсэн

Түгжрэлийг яах вэ?

Хууль зүйн сайдын тушаалаар өчигдөр Хил хамгаалах ерөнхий газрын удирдлагад зарим өөрчлөлт оруулжээ.

Авто машины түгжрэлээс болж, өглөө ажил, сургуульдаа амжиж очдоггүй, орой гэрийн бараа хардаггүй боллоо.

Ажил тарах үед Спортын төв ордны баруун талын буудлаас зорчигчоо суулгаад хөдөлсөн автобус Сүхбаатарын талбай руу баруун эргэхэд 40 минут саатаж байна. Нэг буудал ч хүрэхгүй газар гээд боддоо.

Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хорооллоос өглөөний 07.00 цагт хөдөлсөн автобус Геологийн төв лаборатори хүрэхэд мөн 40 минут зарцуулах жишээний. Ердөө гурван буудал газар явахад 40 минут зарцуулж байгаа юм.  Замын цагдаа эрээн модоо эргүүлээд л зохицуулалт хийх гэж оролдоно, ямар ч нэмэргүй.  

Удахгүй өвөл болж, цас дарахад гурван буудал газар 1 цаг явах биз.

Түгжрэлээс болж, нийслэлчүүд цаг, шатахуун хоёроороо “шатаж” байна.  Тооцоо хийж үзвэл том тоо гарах биз.

Цаашдаа түгжрэлтэйгээ эвлэрээд л явна гэвэл залуу нас түгжрэлд л өнгөрөх нь. 

Хотын дарга, замын цагдаатайгаа нийлээд шийдвэртэй арга зам эрэлхийлэх цаг нь болж… Алийн болгон хараад сууцгааж байдаг юм. Иргэд ч зохицуулалтыг нь хүндэтгээд хөдөлгөөнд орцгооё.

Хэдэн жилийн өмнө хотын дарга захирамж гаргаж, авто замын зорчих хэсгийн нэгдүгээр эгнээгээр автобус, такси зэрэг нийтийн тээврийн үйлчилгээ эрхэлдэг тээврийн хэрэгсэл хөдөлгөөнд оролцохоор зохицуулалт хийж байв. Одоо энэ зохицуулалтыг жинхэнэ утгаар нь хэрэгжүүлье.  Хамрах хүрээг нь ч өргөтгөж яагаад болдоггүй юм. 

Анх хотын даргын захирамж гарч байхад Офицеруудын ордны тойргоос Таван шарын автобусны зогсоол хооронд авто замын зорчих хэсгийн нэгдүгээр эгнээгээр зөвхөн нийтийн тээврийн үйлчилгээний том оврын автобус, троллейбус, стандартын шаардлага хангасан такси, нэгдсэн зохион байгуулалттайгаар тээвэрлэлт хийж буй хүүхдийн болон ажилчдын автобус хөдөлгөөнд оролцож байв. Анх энэ захирамж хэрэгжиж эхлэхэд автобусаар зорчсон нь хамгийн түрүүлж зорьсон газраа очдог болж, иргэд ч авто машинаа татгалзаж эхэлж байсан.

Харамсалтай нь, сар гаруйн дараагаас бахь байдалдаа шилжиж, зөвхөн нэгдүгээр эгнээгээр зорчих тээврийн хэрэгслийн зохицуулалт алдагдсан.

Одоо хаа, хаанаа захирамжийг хүндэтгээд хөдөлгөөнд оролцдог болбол авто машин унаад түгжрэлд цагаа бараад байхыг хүсэх хүн цөөрнө.

Нийтийн тээвэр ч автобусныхаа үйлчилгээг сайжруул. Хэт холын зайнд явж буй автобусаа богино эргэлттэй болго.

Хот авто машины түгжрэлийг сааруулах арга хэмжээг одооноос шийдвэртэй хэрэгжүүлэхгүй бол  ирэх жилээс сургууль, ажилдаа хүрэхгүй болох нь.

Г.ХОРОЛ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж