“Нөөцөөсөө бондын төлбөр хийвэл ханшаа алдана”
Засгийн газар Төсвийн тухай хуульд заасны дагуу аравдугаар сарын 1-ээс урьтаж, Монгол Улсын 2018 оны төсвийн төсөл, холбогдох бусад хуулийн төслүүдийг УИХ-д өргөн мэдүүлсэн ч буцаан татсан юм. Энэ талаар Сангийн сайдын үүрэг гүйцэтгэгч Б.Чойжилсүрэнгээс тодрууллаа.
-2018 оны төсвийг яагаад буцааж татах болов?
-Засгийн газар огцорч, сайд нар үүрэг гүйцэтгэж байгаа. Төсвийн тухай хуулиар ирэх оны төсвийг тухайн жилийн аравдугаар сарын 1-ний дотор өргөн барих ёстой байдаг. Түүний дагуу 2018 оны төсвийн есдүгээр сарын 29-нд өргөн барьсан. Дараагийн Засгийн газар гарч ирээд өөрсдөө бодлого тодорхойлно. Засгийн газар төсвөөр дамжуулж, бодлогоо хэрэгжүүлдэг. Өөрөөр хэлбэл, дараагийн Засгийн газарт бодлого хэрэгжүүлэх, төсөвт суулгах боломж олгож байгаа.
–Шинэ Засгийн газар бүрдээгүй байна. Хуульд зааснаар ирэх арваннэгдүгээр сарын 15-нд 2018 оны төсөв батлах ёстой. Хугацаандаа төсөв баталж амжих уу?
-Цаг хугацааны хувьд хүндрэлтэй асуудал байгаа. 2018 оны төсөв хугацаандаа батлагдсан байх ёстой.
-2018 он гараад бондын үндсэн төлбөр төлж эхэлнэ. Энэ өрийг төлөх ямар боломж байна?
-Сангийн яамнаас хэд хэдэн хувилбар төлөвлөсөн байгаа. Нууцын зэрэглэлтэй учраас тодорхой мэдээлэл өгөх боломжгүй.
-Шинэ Ерөнхий сайд бондын өрийг бондоор төлөхгүй гэх утгатай зүйл хэлсэн. Бондын өрийг бондоор төлөхгүй бол өөр боломж бий юу?
-Шинэ Ерөнхий сайд юу бодож ярьсныг нь мэдэхгүй байна. Миний хувьд хэд хэдэн хувилбар бий. Бондыг бондоор төлөх нь нэг боломжит хувилбар мөн. Сүүлийн хоёр улирлын туршид Монголбанкны валютын нөөц 350 орчим сая ам.доллараар нэмэгдсэн. Гэхдээ бид валютын нөөцөөс бондын өрийг төлбөл буцаагаад ханшаа барьж чадахгүй байх эрсдэл үүснэ.
Ө.Энхтүвшин: Ерөнхий сайд эв нэгдлийг хангаж ажиллах ёстой
МАН доторх “зодоон” илүү хурцдаж байна. Энэхүү зодоон юунаас эхэлсэн, цаашид хэрхэн шийдэх талаар УИХ-ын гишүүн Ө.Энхтүвшингээс тодрууллаа.
-Ерөнхий сайдын томилгооны үеэр эрх баригч намын бүлгийн 28 гишүүн чуулганд орж ирээгүй нь УИХ дахь МАН-ын бүлэг зөвшилцөж чадсангүй гэсэн ойлголт төрүүлж буй. Та үүнийг хүлээн зөвшөөрөх үү?
-МАН-ын бүлэг бол парламентдаа том бүлэг юм. Бид ард түмэндээ амлалт өгсөн. Манай бүлгийн 30 орчим хүн Ардчилсан намын дэмжлэгтэйгээр өөрсдийн байгуулсан Засгийн газраа огцруулсан. Тухайн үед зөвшилцөх, ойлголцох процесс явагдаагүй. Одоо арай ч тэгэхгүй байх гэж бодож байтал бас л зөвшилцсөнгүй. Чуулган дээр шууд санал хураалт явуулаад, шийдчихлээ. Үүнд гол маргаан, эгдүүцэл байгаа юм. Цаашид бүлэг доторх эв нэгдлийг хэрхэн хангах вэ гэдэгт ямар ч хариу өгөхгүй байна. Тэгээд өнөөдөр чуулганы хуралдаанд У.Хүрэлсүхийн хэлсэн үгийг сонсоод би гайхаж байлаа. Монгол Улсын Ерөнхий сайдаар томилогдож байгаа хүн “Би амь насаа алдахаас айхгүй байна” гэлээ. Монгол Улсын Ерөнхий сайдыг хорлох, хөнөөх ямар асуудал тулгараад байгаа юм бэ. Бүлгийн 65 дотроо л ойлголцох асуудал байгаа шүү дээ. Ард түмэндээ амласан амлалтаа хэрэгжүүлэх, ажлаа зохион байгуулах хэрэгтэй. Ер нь цаашид эв нэгдлээ хангаж чадахгүй юм байна, илүү хурц зүйлийг хүсээд байна уу гэдэг бодол төрж байна.
-Цаашид МАН-ын талцал удаан үргэлжилбэл яах вэ?
-Одоо бол Ерөнхий сайдаас бүх зүйл хамаарна. Ерөнхий сайдын үгийг бид сонсох ёстой. Засгийн газарт хэн, хэн орох вэ гэдэг бол бүр дараа, дараагийн асуудал. Бараг 30 дахь асуудал. Хамгийн гол нь ямар зарчим баримтлах вэ, зарчмаа яаж барих вэ гэдгийг бид сонирхоод байгаа юм. Харамсалтай нь, Ерөнхий сайд баримтлах зарчмаа тодорхой хэлэхгүй байсаар өнөөдрийг хүрлээ. Бүлэг дотор талцал бол байна. Тэрийг нуугаад, талцаагүй гэж худлаа хэлээд яах вэ. Талцлаа зогсоож, эв нэгдлээ хангах чиглэлээр Ерөнхий сайд ажиллах ёстой.
“Илүүдэл албан тушаалыг цомхотгох санал тавьсан”
УИХ-ын гишүүн Ж.Батзандангаас цаг үеийн асуудлаар тодруулга авлаа.
-Энэ оны төсвийн тодотгол, ирэх оны төсвийн төсөл гэх мэт цаг хугацаа тулсан асуудал олон байхад УИХ-ын үйл ажиллагаа зогсонги байдалтай байна. Энэ нь юутай холбоотой вэ?
-УИХ-ын чуулган Даваа гаригт албан ёсоор нээлтээ хийсэн. Намрын чуулганаар хэлэлцэх асуудал гишүүдийн гар дээр ирж байна. УИХ-ын Дэгийн тухай хуульд байнгын хороо, чуулганы хуваарийг зохицуулсан заалт бий. Хуралдааны хуваарийг өөрчлөх эрх нь УИХ-ын даргын зөвлөлд байдаг. Нэн тэргүүнд шийдэх асуудал бол Засгийн газрын бүтэц, шинэ Ерөнхий сайдыг томилох асуудал юм. Өнгөрсөн долоо хоногт байнгын хороо хуралдаад У.Хүрэлсүхийн Ерөнхий сайдаар томилохыг дэмжсэн. Ардчилсан намын бүлэг Ерөнхий сайдад нэр дэвшигч У.Хүрэлсүхтэй уулзлаа. Цаашид эдийн засгийн болоод улс төрийн шинэчлэл хийхийг бид шаардаж байна. Өнөөдөр эдийн засаг амаргүй байна. Тиймээс үйлдвэрлэлийг дэмжих, ажилгүйдлийг бууруулах, зээлийн хүүг бууруулах зэрэг дорвитой ажил хийх шаардлага тулгарсан. Энэ саналаа ч Ерөнхий сайдад нэр дэвшигчид хэлсэн.
Монголын улс төр бол завхарсан, хариуцлага алдагдсан, авлига албан тушаалын гэмт хэрэг нэмэгдсэн байна. Тэгэхээр улс төрийн болоод намуудын шинэчлэлийг хийх, улс төрийн намуудын санхүүжилтийг ил тод болгох, улс төрийн намд тавих стандартыг шинэчлэх чиглэлээр тодорхой саналаа хүргүүллээ. Ардчилсан намын бүлгийн гишүүн бүр Ерөнхий сайдад нэр дэвшигчтэй чөлөөтэй ярилцаж, цаашид юун дээр анхаарах ёстой талаар санал солилцсон. Манай намын бүлгээс албан ёсны 16 саналыг хүргүүлсэн.
-Ардчилсан намын бүлэг У.Хүрэлсүхийг багаар нь дэмжинэ гэдгээ илэрхийллээ. Гэтэл өмнөх Засгийн газрын зарим сайд танхимдаа үлдсэн ч дэмжинэ гэсэн үг үү?
-Засгийн газрын бүтэцтэй холбоотой гурван саналыг шинэ Ерөнхий сайдад хүргүүлж байгаа. Нэгдүгээрт, Засгийн газрынхаа бүрэлдэхүүнийг оруулж ирэхдээ аль болох давхар дээлгүй байлгах. Хоёрдугаарт, ашиг сонирхлын зөрчилгүй сайдтай болох. Өөрөөр хэлбэл, Худалдааны сайд нь тамхины бизнесгүй, Боловсролын сайд нь хувийн сургуульгүй, Уул уурхайн сайд нь ашигт малтмалын лицензгүй байвал сайн байна. Гуравдугаарт, төсөвт дарам учруулсан дэд сайд гэх мэт илүүдэл албан тушаалыг цомхотгох санал тавьсан.
Өмнөх Засгийн газрын огцорсон алдааг битгий давтаасай гэж хүсч байгаа.
Б.Баярдаваа: Эхлээд инфляцыг тогтворжуулна
Ирэх онд Төрөөс баримтлах мөнгөний бодлогын Үндсэн чиглэлийг Монголбанк өргөн барьсан. Энэхүү төслийг талаар Монголбанкны Мөнгөний бодлогын газрын захирал Б.Баярдаваагаас тодрууллаа.
-Ирэх жилийн мөнгөний бодлогын үндсэн чиглэлийг танилцуулахгүй юу?
-Ирэх жилийн мөнгөний бодлого макро эдийн засагтай уялдаж, цаашид анхаарах асуудал руу чиглэсэн байдлаар өргөн баригдлаа. Үүнд нэгдүгээрт, үнийн тогтвортой байдлыг хангах. Ирэх 3-4 жилд инфляцыг найман хувьд барих заалт орж ирсэн. Хоёрдугаарт, мөнгөний бодлогын хариуцлагыг нэмэгдүүлэх. Гуравдугаарт, санхүүгийн зуучлалыг үр ашигтай болгох талаар эрсдэлд суурилсан хяналт шалгалтын тогтолцоог бэхжүүлж, хөгжүүлэх. Мөн төлбөр тооцооны хуулийг хэрэгжүүлэх журмыг батлах зэрэг асуудлыг тусгасан.
-Өмнөх жилүүдийн мөнгөний бодлогын үндсэн чиглэлд инфляцыг 7, 8 хувиас хэтрүүлэхгүй хадгална гэж тусгагддаг байсан. Энэ жил мөн адил зорилт тавьсан мэт харагдаж байна. Үүнд тайлбар өгөхгүй юу?
-Энэ жилийн хувьд инфляцыг бууруулахаас илүү тогтворжуулах нь хамгийн эхний зорилт болж тавигдсан. Ингээд тогтворжсоны дараа эдийн засгийн төлөв байдалтай уялдуулж, зугуухан бууруулах юм. Энэ зорилтод хүрэхийн тулд хэд хэдэн стратеги баримтална. Нэгдүгээрт, мөнгөний бодлогын шийдвэр хамтын шийдвэрт үндэслэнэ гэдэг. Ингэснээр мөнгөний бодлогын зөвлөлийн үүрэг оролцоо чухал үүрэг болж орж ирсэн. Өөрөөр хэлбэл мөнгөний бодлогын зөвлөлийн асуудал Монголбанкны тухай хуулийн төсөлд шинээр тусгагдсан. Дээр нь эдийн засгийн бодит эрэлтийг тодорхойлж чадах үзүүлэлтийг гаргаж, хариу үйлдэл үзүүлэх байдлаар мөнгөний бодлого шийдвэрээ гаргана гэдэг байдлаар томьёолсон. Нийлүүлэлтийн хүчин зүйлээс шалтгаалсан бол Монголбанк мөнгөний бодлогоо чангаруулах байдлаар оролдох нь зохисгүй, үр дүн муутай гэж тодорхойлж оруулж ирсэн. Жишээ нь байгаль цаг уурын нөлөөлөл, дэлхийн зах зээл дэх нефтийн үнэ ханшаас хамааралтайгаар бараа бүтээгдэхүүний үнэ өсөх юм бол мөнгөний бодлогоо чангаруулахаас өөр байдлаар шийдвэрлэхээр тусгасан.