Монголын зохиолчдын эвлэлийн 16 дугаар Их хурал өнөөдөр /2017.10.06/ Монголын хүүхдийн урлан бүтээх төвийн их танхимд болж байна.
Дөрвөн жил тутамд зохион байгуулдаг уг хурлаар Монголын зохиолчдын эвлэлийн Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга болон удирдах зөвлөлийн гишүүдийг хурлын нийт гишүүдийн санал хураалтаар тодруулдаг билээ.
Их хуралд 285 зохиолч оролцож байгаа бөгөөд яг одоогоор Төлөөлөн удирдах зөвлөлийн ажлын тайланг хэлэлцэж байв.
Хурлын хоёр дахь хэсэгт Монголын зохиолчдын эвлэлийн Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга болон удирдах зөвлөлийн гишүүдийг сонгох гэнэ.
Өнгөрсөн дөрвөн жилд Монголын зохиолчдын эвлэлийн Төлөөлөн удирдах зөвлөлийг зохиолч Ц.Буянзаяа Уудирдах зөвлөлийн 15 гишүүнтэйгээр удирдаж байсан юм.
Зохиолчдын эвлэлийн удирдлагын суудалд Соёлын гавьяат зүтгэлтэн, яруу найрагч А.Эрдэнэ-Очир, Ц.Хулан болон Төрийн шагналт зохиолч болон Д.Төрбат тэргүүтэй хэд хэдэн хүн өрсөлдөх магадлалтай байгааг зохиолчид хэлж байлаа. Гэхдээ одоогоор хараахан тэдний нэрс албажиж, тодроогүй байна.
Зохиолч, яруу найрагч П.Батхуяг: Зохиогчийн эрхийн асуудлын тухай хэлэлцлээ
-‘Өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд Монголын утга зохиолын салбарт ямар ахиц, дэвшил гарав. Бидний өмнө ямар бэрхшээл байгаа тухайгаа зохиолчид чин сэтгэлээ хэлэлцэж байна. Тэр дундаа Монголын утга зохиолын үнэт зүйл болсон зохиогчийн эрх, оюуны өмчийн асуудлыг илүү бодитойгоор төр засгийн төвшинд тавих шаардлагатай байна гэдэг дээр дуу нэгтэйгээр санал нийллээ. Монголын зохиолчдын оюуны бүтээлд дур мэдэн халдах тохиолдол олонтоо давтагдах болсон. Энэ бүх асуудлыг мэргэжлийн байгууллагын хувьд хэрхэн шийдвэрлэж, хууль хяналтын зүгээс ямар зохицуулалт хийх тухай хэлэлцлээ” хэмээн зохиолч, яруу найрагч П.Батхуяг ярилаа.
Төрийн шагналт, Соёлын гавьяат зүтгэлтэн, зохиолч Д.Төрбат:
Энэ сайхан хишиг буяныг залуус маань авч явах цаг болсон
-Өнөөдөр Монголын утга зохиолын нэр хүндийн тухай асуудал яригдаж байна. Монголын утга зохиол 2220 жилийн настай. Бидний түүх эхэлсэн цагаас Монголын утга зохиол эхэлсэн учир ингэж хэлж байгаа юм. Монголын зохиолчдын эвлэлийн 90 жилийн ой ойртлоо. Энэ байгууллагын даргаар Сономбалжирын Буяннэмэх, Дашдоржийн Нацагдорж, Цэндийн Дамдинсүрэн, Дашзэвэгийн Сэнгээ, Сономын Удвал зэрэг сайхан зохиолчид ажиллаж, удирдаж, өдийг хүргэсэн. Энэ сайхан хишиг буяныг залуус маань авч явах цаг болсон гэж боддог. Гэхдээ утга зохиолын чанар чансааг нэлээд харгалзаж үзэх хэрэгтэй. Төр ч гэсэн үүнд анхаарах ёстой. Монголын утга зохиол дэлхийн топ таван хэл дээр гарахгүй бол монголдоо л үлдэнэ. Тийм учраас том утга зохиолыг том байлгахын төлөө чармайх нь чухал. Их сургуулиудад утга зохиолын орчуулгын анги нээгээсэй гэж би бодож явдаг юм. Холыг санахгүй бол ойрт зовлон гэдэг шүү дээ.
А.Сүрэн
Гэрэл зургийг Э.Энхбат