Каталончууд Испаниас салан тусгаарлахын төлөө бүх нийтийн санал асуулга явуулж, Каталон даяар эсэргүүцлийн хөдөлгөөн өрнөж байна.
Каталон гэж хаана байдаг, ямар учиртай хүмүүс вэ? Тэд юу хүсэж байгаа вэ?
КАТАЛОНД ЮУ БОЛООД БАЙНА ВЭ?
Аравдугаар сарын 1-ний ням гаригт Каталонд бүх нийтийн санал асуулга явагдав. Каталоны тусгаар тогтнолыг дэмжигч түр засгийн газрын мэдээлснээр бүх нийтийн санал асуулгын ирц 42.6 хувьтай байж, санал өгсөн 2.26 сая хүний 90 хувь нь салан тусгаарлах үйл явцыг дэмжиж буйгаа илэрхийлжээ. Гэхдээ үүнд Испанийн талаас тавьсан цагдаагийн хориг саадын улмаас саналаа өгч чадаагүй, эсвэл хураалгаж, эвдүүлсэн хайрцаг дахь саналын тоог оруулаагүй дүн гэнэ.
Испанийн ерөнхий сайд Мариано Рахой дээрх үр дүнг хүлээн зөвшөөрөхгүй гээд, каталончууд хууль ёсны дагуу бүх нийтийн санал асуулга явуулаагүй гэж буруутгаж байгаа юм.
Олон жилийн турш эрх чөлөө, тусгаар тогтнолынхоо чөлөө тэмцсээр ирсэн каталончуудын тэмцлийг хөлбөмбөгийн “Барселона” клуб дэмжиж буйгаа илэрхийлэв. Каталан үндэстнийг дэлхийд хамгийн тодоор сурталчилдаг гэх тэд гэхдээ Каталоны зорилго биелбэл Испанийн Ла лигт тоглох боломжгүй болно.
Каталоны тусгаар тогтносон улс болж, Европын холбоонд элсэх гэсэн зорилгыг Испани мэдээж сайшаахгүй байгаа. Үндсэн хуулийн хүрээнд олгогдсон автономит эрх мэдлээ хэтрүүлж буй явдлыг таслан зогсоохоор Испанийн засгийн газар цагдаагийн хүч ашигласан юм. Каталончууд ч тусгаар тогтнолынхоо төлөө нэгдэж, жагсаж, эсэргүүцлээ илэрхийлсээр байна. Энэ асуудал өдрөөс өдөрт даамжирч, өргөжиж байгаа нь Мадридын санаа зовних асуудал болжээ.
Испани улс бол хуваагдашгүй бөгөөд нутаг дэвсгэрийн халдашгүй дархан байдлын батлан даагч нь зэвсэгт хүчин байна гэж Үндсэн хуульдаа заасны хувьд Каталон тусгаар тогтнолоо зарлан тунхаглахад хүрвэл Испанийн засгийн газар Барселоны төв рүү танк илгээж болзошгүй гэсэн үг юм.
КАТАЛОНЧУУД ЯАГААД ТУСГААР ТОГТНОХЫГ ХҮСЭВ?
Каталоны тусгаар тогтнолын хөдөлгөөн тэдний баялаг өв соёл, улс төрийн итгэл үнэмшил болоод эдийн засгийн давуу байдлаа өөрсдөө захиран зарцуулах гэсэн хүслээс эхтэй гэгддэг.
Каталон Испаниас авч байгаагаасаа илүүтэйг өгч байгаа гэж ихэнх каталончууд шүүмжлэлтэй ханддаг. Испанид эдийн засгийн хямрал нүүрлэсэн он жилүүдэд тусгаар тогтнолын талаарх яриа, эрмэлзэл улам бүр өдөөгдсөн гэж болно.
Испанийн нийт хүн амын 16 хүрэхгүй хувийн эзэлдэг каталончууд өнгөрсөн жил тус улсын дотоодын нийт бүтээгдэхүүний 19 хувийг дангаар бүрдүүлжээ. 2016 онд эдийн засгийн хэмжээ нь 212 тэрбум еврод хүрсэн нь Финлянд ба Португалийн эдийн засагтай дүйх юм.
Испаничууд сарын дундаж орлого 28.600 евро бол Каталонд түүнээс 4600 еврогоор илүү. Гэхдээ Каталоны өрийн хэмжээ ДНБ-ий 35 хувьтай тэнцэх бол Испанийн улсын өр 2.8 хувьтай тэнцэж байна.
КАТАЛОН ХААНА БАЙДАГ ВЭ?
Пиренейн уулсаар Францаас тусгаарлагдсан, Испанийн зүүн хойд хэсгийн гурвалжин маягийн хэлбэртэй Пиренейн хойгт Каталон оршдог. Нийт 7.5 сая хүн амтай. 948 засаг захиргааны нэгжтэй, хамгийн том нь болох Барселонд 1.6 сая хүн аж төрдөг.
Каталончууд өөрсдийн гэсэн арвин намтар, баялаг түүх, хэл соёлтой үндэстэн. Сальвадор Дали, Антонио Гауди, Жоан Миро, Ферран Адриа, Пеп Гуардиола гээд каталончуудын төлөөлөл болсон алдартнууд бий.
Испанийн бүрэлдэхүүнд багтдаг 17 өөртөө засах мужийн нэг болох Каталон өөрийн гэсэн цагдаагийн хүчинтэй, боловсрол, эрүүл мэнд, нийгмийн халамжийг дур мэдэн шийдэх эрх мэдэл бүхий засгийн газартай. Гэхдээ тусгаар улс болж, Европын холбоонд элссэнээр эдийн засгийн бие даасан байдлаа өсгөж чадна гэж үздэг аж.
С.ЦЭЛМЭГ