Б.Батсайханыг 29-р сургуулийн захирлаар томилжээ

Хуучирсан мэдээ: 2017.10.06-нд нийтлэгдсэн

Б.Батсайханыг 29-р сургуулийн захирлаар томилжээ

Б.Батсайханыг 29-р сургуулийн захирлаар томилжээ

29 дүгээр тусгай сургуулийн захирал Б.БАТСАЙХАН

Ерөнхий боловсролын 29 дүгээр тусгай сургуулийн захирал асан Б.Батсайханыг эргүүлэн албан тушаалд нь томилжээ. Тэрбээр өнгөрсөн хавар сурагчидтай зүй бусаар харьцаж, охидод бэлгийн хүчирхийлэл үзүүлсэн хэрэгт холбогдон, шалгагдаж байсан юм.

Б.Батсайханыг ажилдаа хариуцлагагүй хандсан гэж үзэн, нийслэлийн Засаг даргын захирамжаар 2017 оны дөрөвдүгээр сарын 26-ны өдөр ажлаас нь чөлөөлсөн. Гэсэн ч Б.Батсайхан уг захирамжийг хууль бус гэж үзэн, хоёр сарын дараа буюу зургадугаар сард Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд гомдол гаргажээ. Анхан болон давж заалдах шатны шүүхээс түүний ажлаас чөлөөлөгдсөн шалтгааныг ‘Үндэслэлгүй’ гэж үзсэн байна. Ингээд нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхээс Б.Батсайханыг албан тушаалд нь эргүүлэн томилох шийдвэрийг гаргажээ.

Тэгвэл шүүхийн энэ шийдвэрийг үндэслэн Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдын үүрэг гүйцэтгэгч Г.Чулуунбаатар өчигдөр /2017.10.05/ тушаал гаргаж, Б.Батсайханыг албан тушаалд нь эргүүлэн томилсон байна.

Энэ томилгооны талаар Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамнаас “Бага дунд боловсролын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.3 дахь хэсэгт зааснаар тусгай сургууль нь Боловсрол соёл шинжлэх ухаан спортын яамны харьяанд ажиллахаар хуульчлагдсан. Иймд Боловсрол соёл шинжлэх ухаан спортын сайдын 2017 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн тушаалаар Б.Батсайханыг 29 дүгээр тусгай сургуулийн захиралаар томилсон. Тус яам нь шүүхийн шийдвэрийг хэрэгжүүлсэн болно” гэсэн тайлбар өглөө.

Тодотгоход, тусгай сургууль өмнө нь нийслэлийн Засаг даргын тамгын газарт харьяалагддаг байсныг 2017 оны тавдугаар сарын 11-ний өдрөөс эхлэн салбарын яаманд харьяалуулах болжээ. Энэ нь 29 дүгээр тусгай тусгай сургуулийн захиралтай холбоотой маргаан гарсны дараа шийдэгдсэн гэсэн үг.

Эргэн сануулахад,

Нийслэлийн прокуророос 2017 оны зургадугаар сарын 30-нд ‘Б.Б.Батсайхан болоод 29 дүгээр тусгай сургуулийн багш нар дохионы хэлээр хичээл заадаггүй, хангалттай дадлага туршлага эзэмшээгүй, сурагчдад чанаргүй боловсрол эзэмшүүлдэг, ажлын байранд согтууруулах ундааны зүйл хэрэглэдэг, сурагчдыг хэл амаар доромжилдог, зэрэг зүй бус асуудал гаргадаг болох нь тус сургуулийн сурагчдаас авсан мэдүүлэг, Боловсрол, соёл шинжлэх ухаан, спортын яамны шалгалтын дүн, нийслэлийн Боловсролын газраас хийсэн судалгааны дүн зэргээр нотлогдон тогтоогдлоо’ гэсэн тогтоол гаргаж байсан юм.

Түүнийг охидод бэлгийн хүчирхийлэл үзүүлсэн гэх үйлдэлд холбогдох эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгосон ч бусад зүй бус авир гаргадаг байсан нь мөрдөн байцаалтын явцад тогтоогдсон тухай прокурорын байгууллагаас мэдээлж байсан.

Мөн тухайн үед Б.Батсайханыг ажлаас чөлөөлөх тухай нийслэлийн Засаг даргын захирамжийг танилцуулсан Засаг даргын орлогч Ш.Анхмаа “29 дүгээр сургууль дээр үүссэн нөхцөл байдлыг шалгах Ажлын хэсгийн дүгнэлтийг үндэслэн захирал Б.Батсайханыг чөлөөлсөн’ гэж гол шалтгааныг тайлбарлаж байсан. Харин нийслэлийн Засаг даргын тамгын газрын хуулийн хэлтсийн дарга А.Даваажаргал “Б.Батсайханыг сургууль дээр үүссэн асуудалд бус харин хөдөлмөрийн гэрээ зөрчсөн гэдэг дүгнэлтээс үүдэн чөлөөлсөн” гэж мэдээлж байсан юм.

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж