Америк “соёл”-ын галзуурал

Хуучирсан мэдээ: 2017.10.06-нд нийтлэгдсэн

Америк “соёл”-ын галзуурал

Бээжин хотноо 89 насандаа таалал төгссөн Камбожийн эзэн хаан Нородом Сианукийн шарилыг өчигдөр эх оронд нь авчирсныг тус улсын үндэсний телевизээр мэдээлжээ.

АНУ-ын Лас Вегас хотын Мандала Бэй зочид буудлын эсрэг талд аравдугаар сарын 1-ний үдэш кантри хөгжмийн наадам болж байлаа. Кантри хөгжимд дуртай бүх насны 22 мянга орчим хүн цугласан хөгжмийн наадмын тасалбар бүгд зарагдсан байсан юм. Харамсалтай нь, дуу хуур, бүжиг наадам цуст аллагаар өндөрлөсөн. Зэвсэглэсэн, солиотой этгээд наадмын үзэгчид рүү гал нээсний улмаас 58 хүн газар дээрээ нас барж, 500 гаруй хүн шархадсан үйл явдал америкчууд төдийгүй дэлхий нийтийг цочроов.   

Олон хүнийг нэг дор буудаж хөнөөсөн, Америкийн түүхэнд хараар бичигдэх энэ цуст аллага АНУ-д Галт зэвсгийн тухай хуульд өөрчлөлт оруулах хэлэлцүүлийг дахин сөхөхөд хүргэж байна. Галт зэвсгийн хэрэглээ хамгийн өндөрт тооцогддог АНУ-д буу шийдмийг иргэд нь талх шиг худалдаж авдаг төдийгүй зэвсэгтэй харилцах харилцааг тэд соёл гэж үздэг. Бүр 2009 онд АНУ-ын Хууль зүйн институтээс гаргасан мэдээгээр жирийн иргэдийн гар дээр 310 сая ширхэг буу бүртгэлтэй байжээ. Харин жирийн иргэдийн гар дээр 46 сая ширхэг буу бүртгэгдсэнээр энэ төрлийн жагсаалтын хоёрдугаарт бичигддэг. Хамгийн сүүлд бараг арваад жилийн өмнө гаргасан судалгаагаар дэлхий дээр нийт 650 сая ширхэг галт зэвсэг байжээ. Швейцарьт төвтэй “Small Arms Survey”-гийн судалгаагаар буу, зэвсэг эзэмшдэг иргэдийн тоо 2007 оноос хойш нэмэгдсэн аж. Зэвсгийн үйлдвэрлэл хамгийн ашигтай бизнес хэвээр байгаа нь галт зэвсгийн учруулж буй хөнөөлийг улам ойртуулж байгаа нь мэдээж. Дээрх судалгаа мөн иргэдийн эзэмшилд байгаа галт зэвсгийн тоог нарийн гаргах аргагүйг баталсан. Учир нь, хууль бус зэвсгийн наймаа, бүс нутгуудын мөргөлдөөн улам гаарч байгаагаас бүртгэлгүй галт зэвсгийн тоо улам бүр нэмэгдсэн гэж үздэг ажээ.

ЗЭВСЭГЖСЭН АМЕРИК
 

Нэг хүнд ногдож буй галт зэвсгийн тоогоор АНУ дэлхийд тэргүүлдэг. Тэдний арван хүн тутмын дөрөв нь буу эзэмшдэг. Саяхны нэгэн судалгаанд америкчуудын 48 хувь нь гэртээ буу хадгалдаг гэж хариулсан байх жишээтэй.

Уг судалгааны дүнгээс харахад АНУ-ын буу эзэмшдэг иргэдийн дийлэнх нь буюу 66 хувь нь нэгээс олон буутай бөгөөд буугүй байхыг төсөөлөхөд ч бэрх гэж хариулсан байна. Энэ бол мэдээж гайхуулаад байх үзүүлэлт биш. Дээрх шалтгааны улмаас АНУ-д дэлхийн өөр аль ч оронд гардаггүй олон нийтийг хамарсан цуст аллага байнга гарах болсон. 

2007 онд Виржиниагийн технологийн коллежийн оюутан, солонгос гаралтай Сён-Хуй Чо гэгч сургуулийн кэмпт зэвсэглэн халдаж, 32 хүний амийг хөнөөсөн. 2012 онд Коннектикут мужийн Ньютаун хотын ‘Сэнди Хүүк’ хэмээх бага сургуульд нэгэн өсвөр насны хүү ээжийнхээ амийг хороож, дараа нь 26 хүнийг буудаж хөнөөсөн агаад тэдний 20 нь хүүхэд байсан билээ. 2016 оны зургадугаар сард Орландогийн ижил хүйстнүүдийн шөнийн клубт Омар Матин гэгч үзэн ядалтын сэдэлтэйгээр 49 хүнийг буудан хөнөөж, 58 хүнийг шархдуулсан.

Эдгээр аллагаас болж Галт зэвсгийн тухай хуулийг чангатгаж, өөрчлөлт оруулах шаардлага улам нэмэгдсэн боловч нөгөө талаар галт зэвсгийн эрэлт ч дагаад өсчээ. Харин АНУ Галт зэвсгийн тухай хуулиа чангатгах гэж яарахгүй байгаа юм.

Өнгөрсөн хоёрдугаар сард АНУ-ын ерөнхийлөгч Д.Трамп сэтгэцийн өөрчлөлттэй хүмүүст галт зэвсэг эзэмшүүлэхгүй байх хуулийн төсөлд гарын үсэг зурсан. 

АНУ-ын экс ерөнхийлөгч Барак Обамагийн засаг захиргаа Галт зэвсгийн тухай хуулийг чангатгахаар хэд хэдэн арга хэмжээ авсан ч Конгрессээс дэмжлэг авч чадаагүй.

Энэ мэтчилэн АНУ-д гарсан зэвсэгт халдлагууд дэлхийн улс орнуудад галт зэвсгийн хэрэглээг хязгаарлах сануулга болсон гэж болно.

Австралид 1987-1996 оны хооронд буутай этгээд олон нийт рүү дайрсан дөрвөн халдлага гарсны дараа иргэд галт зэвсэг эзэмших эрхийг эсэргүүцсэн тул парламент нь Галт зэвсгийн тухай хуулиа чангатгасан билээ.

ДЭМБ-аас явуулсан судалгаагаар галт зэвсэгт өртөж амиа алдсан хүмүүсийн тоогоор АНУ тэргүүлж байна. Өөр нэг судалгаагаар галт зэвсгийн улмаас АНУ-д жилд 1300 хүүхэд амиа алддагийг харуулжээ. Галт зэвсэг эзэмшигч америкчуудын дийлэнх нь биеэ хамгаалах зорилготой гэж тайлбарладаг боловч санамсаргүйгээс буу алдаж амиа алдсан тохиолдол олон бий гэнэ.

Мөн зувсэг хэрэглэн амиа хорлох явдал АНУ-д бусад өндөр хөгжилтэй орнуудаас найм дахин олон гардаг болжээ. Галт зэвсгээр үйлдсэн аллагын тоогоор дэлхийн улс орнуудаас Эл Сальвадор тэргүүлж байгааг судалгаа харуулдаг. Энэ улсад 100.000 хүн тутмын 90 нь бууны аман дор амиа алддаг гэсэн үг. 2010-2015 хооронд Гондурас улсад галт зэвсэгтэй холбоотой гэмт хэргийн гаралтаар эхэнд бичигдсэн бол Венесуэль, Эл Сальвадор өнгөрсөн таван жилд уг жагсаалтыг тэргүүлжээ. Энэ бүх аймшигтай үзүүлэлт, зэвсгийн хэрэглээ тэднийг өөрсдийг нь хөнөөсөөр байна.

Бэлтгэсэн Н.Энхтуяа

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж