Тооны нэрэн дэх элдэв сонин

Хуучирсан мэдээ: 2017.10.05-нд нийтлэгдсэн

Тооны нэрэн дэх элдэв сонин

Ардчилсан нийгмийн гол үнэ цэнэ бол олонхийн зарчим байдаг. 10 хүн “үгүй” гэж байхад нөгөө талд 11 хүн “тийм” гэвэл “за тийм ээ л” гэсэн үг.

-Эх хэлнийхээ элдэв сониноос хуучилъя-66-

Хүн хорвоо дээр үүсээд эхлээд гар, хуруу, ам, толгой мэт эрхтнээ, дараа нь хуруугаа ашиглаж нэг, хоёр, гурав… гэж тоонд, араас нь өнгө, хоол мэтээ нэрлэдэг гэнэ ээ. Энэ үнэн байж магадгүйг төрөл хэлнүүдийн эрхтэн, тоо, өнгө, хоолыг нэрлэсэн ойролцоо үгс батална. Үүнийг орчин цагийн монгол хэлний “хамар”, “чих”, “нүд”, “нэг”, “хоёр”-ыг эрт цагт юу гэж хэлж байсныг алтай язгуурын түрэг хэлээр нотлон тайлбарлая.

Орчин цагийн түрэг хэлэнд чихийг “кулак”, хамрыг “бурун”, нүдийг “гөз” гэдэг. Харин эртний монгол хэлэнд энэ хэдийг ийм маягийн дуудаж байсны баталгаа өнөө цагт үлдсэн байна. Жишээ нь, “Хулхи нь буусан нохой шиг…, мань эрийн хулхи нь буучихжээ.” гэсэн хэллэгүүд чихийг “хулхи” гэдэг байсныг гэрчилж байх юм. Харин тэмээний хамраас уяж хөтлөх дээсийг нэрлэх бурантагт нөгөөх хамар буюу “бурун” бий. Өөр нэг хөдлөшгүй баримт нь “нусан бурантаг”. Амьтан, хүний аль альд нь байгаа “бурантаг” хамартай л холбогдоод байгаа нь илт байгаа биз?

Нүдийг эрт цагт “хүс”, “хөс” маягийн дуудаж байсныг “хөрөг зураг”-ийн “хөр” гэрчилнэ. Хамгийн тод мөр нь “хүснэгт”-д бий. “Хүс-нэг-т” гэдэг нь үгийн утга, бүтэц бүрэлдэхүүнээрээ “нүд-бүр-т” гэсэн үгтэй яг ижил. Яагаад гэвэл “хүс” нь нөгөөх “нүд”. Эртний “гөз” хүс, хөр гэсэн элдвийн хэлбэрээр эртнээс өнөөд түүчээлсээр байгаа нь энэ. Харин орчин цагийн “бүр” бол эрт цагийн “нэг”. Эртний ч гэлээ утгаа алдалгүй энэ цагт ирж чадсан эсэхийг нэгийг нь нөгөөгөөр нь орлуулаад л шалгачихна. Жишээ нь, “хүүхэд бүрд өгөөрэй’, “нэг бүрчлэн засаарай” гэдэг нь “хүүхэд нэг бүрд өгөөрэй”, “нэг нэгээр нь засаарай” гэсэн утга. Орчин цагийн түрэг хэлэнд ч “нэг”-ийг “бир” гэдэг нь маргахын аргагүй үнэнг нотолно. 

Морин хууранд “хоёр”-ын эртний хэлбэр бий. Манай баруун аймгийнхан хоёр чавхдаст морин хуураа “икэл” гэнэ. Эртний энэ үгийн “ик-” язгуур өнөөгийн төв халх аялгууны хоёр хүн гэсэн утгатай “ихэр” гэж үгэнд үлдсэн. “Ик-” гэх язгуур “хоёр” гэсэн утгатайг одоогийн түрэг хэлний “ики” буюу “хоёр” гэдэг үг нотолно. Сонирхуулахад “хоёр” гэж үгийн өөр нэг хэлбэр нь жирэмсний “жир” юм. Жирэмсэн хүн гэдэг бол хүүхэд, эх хоёр шүү дээ. “Хорь”-ийг түрэг хэлэнд “еирми”, түүний ойрын төрөл казах хэлэнд “жирми” гэдэг нь үүний баталгаа.

Хүн төрөлхтний анхны үгсийн нэг болсон эрхтэн, тооны нэрэнд энэ мэт элдэв янзын сонин содон зүйл их бий. 

“Егөөтэй 99 тайлбар” номын “Эртний нэгийг бүрээс, хоёрыг морин хуураас оллоо” өгүүллийн хэсгээс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж