“Сэтгүүл зүйн шүүмж судлал орхигдож байна”

Хуучирсан мэдээ: 2017.10.05-нд нийтлэгдсэн

“Сэтгүүл зүйн шүүмж судлал орхигдож байна”

Дуучин Женнифер Лопес даваа гаригийн үдэш хайрын хот Парист зад шоуджээ.

Монголын ууган сургууль болох Монгол Улсын Их сургууль байгуулагдсаны 75 жилийн ой тохиож байна. Ойн хүрээнд МУИС-ийн Сэтгүүл зүй, олон нийтийн харилцааны тэнхимийн профессор, шинжлэх ухааны доктор (Sc.D), Соёлын гавьяат зүтгэлтэн Маулетийн Зулькафильтэй ярилцлаа.


-МУИС хэзээнээс сэтгүүлч бэлтгэж эхэлсэн бэ. Сэтгүүлч бэлдэж байгаа бусад сургуулиас МУИС юугаараа ялгаатай вэ?

-1960 онд анх 32 хүнийг МУИС-ийн сэтгүүл зүйн ангид элсүүлсэн. Энэ нь тухайн үед Монголд олон нийтийн мэдээллийн систем бүрэлдэн бий болсонтой холбоотой. Хэвлэл мэдээллийн хэрэгслийн тоо ч нэмэгдэж байсан. МАХН-ын Төв хорооноос дотооддоо сэтгүүлч бэлдэх хэрэгтэй гэсэн шийдвэр гарсны дагуу 1960 оны есдүгээр сарын 1-ний өдөр 30 элсэгч авсан. 1964 онд сэтгүүл зүйн анхны төгсөгчид төгссөн түүхтэй. 

Бид 2001 оноос сэтгүүлч-олон улсын сэтгүүлч гэсэн хос мэргэжлээр сэтгүүлч бэлтгэж, өнөөдрийг хүртэл тэр чиглэлээ үргэлжлүүлж байна. Оюутнууд гуравдугаар курсээсээ радио, телевиз, PR /Пи-Ар/, тогтмол хэвлэл, рекламын чиглэлээр сонгон мэргэшиж байна. Манай сэтгүүл зүйн ангийг жил бүр 40-60 оюутан төгсдөг. Сэтгүүлчийн мэргэжил гэдэг олон шинжлэх ухааны зааг дээр оршдог, олон янзын шинжлэх ухааны мэдлэгийг шаарддаг. Аль ч салбарт ажиллах, хөрвөх чадвартай мэргэжил. Манай шавь нар үндсэн сэтгүүлчийн мэргэжлээрээ ажиллахаас гадна их дээд сургуулийн багш судлаач, байгууллагуудын олон нийттэй харилцах алба, реклам сурталчилгаа PR /Пи-Ар/-ын чиглэлээр ч амжилттай ажиллаж байна. Манай сургуулийг төгссөн нийт оюутнуудын 85 хувь нь ажлын байртай болдог. Энэ үзүүлэлт манай сургуулийн чанар, чансааг төвөггүй илтгэнэ. 

-Өнөөдөр олон их дээд сургууль сэтгүүлч бэлтгэж байна. Та сэтгүүл зүйн сургалтын өнөөгийн байдлын тухайд та юу гэж бодож байна?

-Сэтгүүл зүйн сургалт жилээс жилд сайжирч байгаа. Өнөөдөр манай сургуульд хэрэгжүүлж байгаа стандарт сэтгүүл зүйн сургалтын төлөвлөгөө бол дэлхийн хамгийн шилдэг сэтгүүлч бэлдэх үндсэн аргуудын нэг юм. Гэхдээ баримт бичиг сайн байлаа гээд бүтчих асуудал биш .Үүнд хоёр хүчин зүйл нөлөөлж байгаа юм. Материал техникийн бааз сайн байх ёстой, нөгөө талаас маш сайн багшлах боловсон хүчин байх ёстой. Онол практик хосолсон багштай, материаллаг баазтай байж сайн сэтгүүлч, сайн боловсон хүчин гарна. 

Цаашдаа сургалтын чанарыг сайжруулахын тулд багшлах боловсон хүчний асуудлыг өндөр түвшинд авч үзэх шаардлагатай. Зүгээр нэг багш байх хангалтгүй, багш судлаач байх ёстой. Хоёрдугаарт, сэтгүүл зүйн шүүмж судлалыг хөгжүүлэх хэрэгтэй. Өнөөдөр шүүмж их орхигдсон байна. Шүүмж судлал хөгжихгүй байгаа нь хоёр шалтгаантай. Маш их хөдөлмөр гаргаж, асар их юм уншиж, судалж бичсэн судалгааны бүтээлийг үнэлэх, дэмжих сэтгэлгээ, механизм алга байна. Нөгөө талаар манай практик сэтгүүлчид болон хэвлэл мэдээллийн байгууллагууд шүүмж хүлээж авах сэтгэлгээ огт бүрдээгүй. Шүүмж бичсэн хүнийг муулах, доромжлох тохиолдол гардаг. Ийм байхаар хэнд шүүмж бичих санаа төрөх вэ дээ. 

Сэтгүүл зүйн сургалтад гадаад харилцаа орхигдож байна. Монголын сэтгүүл зүйг гадаад орны судлаачид сонирхдоггүй учраас энэ тал доголдолтой. Гадаадаас багш нарыг урьж хичээл заалгах, сэтгүүл зүйн оюутнуудыг гадаад руу явуулаад тодорхой хэмжээний туршлага судлуулж, мэргэжил дээшлүүлэхэд нь анхаарах юм бол ахиц дэвшил гарна. 

Өөр нэг зүйл бол сэтгүүлч бэлтгэдэг их дээд сургуулиудын тоо олон байх нь зах зээлийн шалгуур ч гэсэн 20 гаруй их дээд сургууль сэтгүүлч бэлтгэнэ гэдэг ахадсан тоо. Жил бүр 300-400 сэтгүүлч төгсөхөд сайндаа л 50-60 нь мэргэжлээрээ ажилладаг. Миний бодлоор Монгол Улсад чанартай 5-6 сургууль сэтгүүлч бэлдээд, сургууль бүр өөрийн гэсэн онцлох хөтөлбөртэй баймаар санагддаг. үгээр. Зарим нь сэтгүүлч орчуулагч, нөгөө нь сэтгүүлч рекламын бэлдвэл боловсон хүчний чанар сайжирна. 

Хуучин ур чадварын шалгалт нэмж авч сэтгүүл зүйн ангид авьяастай, хүсэл сонирхолтой, сэтгэлгээ сайтай оюутнуудыг элсүүлэн авдаг байсан. Ур чадварын шалгалт гурван шалгаруулалттай. Эхнийх нь эссе бичих, хоёр дахь нь найруулга зүйн алдаатай өгүүлбэр өгч, зөв болгож засуулах, гуравдугаарт сонины материал өгөөд мэдээ бичүүлэх зэргээр шалгаруулдаг байсан. Харин өнөөдөр зөвхөн ерөнхий эрдмийн хичээлийн дүнг харгалзан элсүүлдэг болсон нь учир дутагдалтай юм. 

-Монголын сэтгүүл зүйн салбар дэлхийн нийтийн хэмжээнд ямар үнэлгээтэй яваа бол?

-Манайхан хагас чөлөөт хэвлэлтэй, муу байна гэж шүүмжлэн ярьцгаадаг. Үүнийг би муу зүйл гэж огтхон ч боддоггүй. Урд, хойд хоёр том хөрш хоёулаа чөлөөт хэвлэлгүй орнууд. Хоёр том гүрний дунд орших нүүдэлчний соёлтой, 2.9 сая хүн амтай манайх шиг жижиг улс маш богино, ердөө 20 хүрэхгүй жилийн дотор хагас чөлөөт хэвлэлтэй болно гэдэг чамлахааргүй амжилт.

Өнөөдөр дэлхийн сэтгүүл зүйн хөгжлийг тодорхойлох дөрвөн хандлага ажиглагдаж байна. Нэгдүгээрт, мэдээлэл бусад салбараас хурдацтай даяаршиж байна. Хоёрдугаарт, төвлөрөл нэлээд эрчимтэй явагдаж байна. Манайд том групп, компаниуд 4-10 төрлийн хэвлэл мэдээллийн хэрэгсэл гартаа авчихсан байх жишээтэй. “Монгол ньюс”, “Хас медиа”, ”Чингис медиа”, “Оллоо”, Скай медиа гэх мэт хэвлэл мэдээллийн хэрэгслүүд төвлөрөх хандлага руугаа орсон. Энэ бол дэлхий дахинд явагдаж байгаа үзэгдэл юм.

Гуравдугаарт, ижилсэх хандлагыг нэрлэж болно. Нэг хэвлэл мэдээллийн хэрэгсэл нь хэд хэдэн хэвлэл мэдээллийн хэрэгслийн шинжүүдийг өөртөө агуулдаг болсон. Бүх мэдээллийн хэрэгсэл тоон технологид шилжиж байна. Дөрөвдүгээрт, интернэт орж ирснээр хүн бүр нэг зэрэг олон мэдээллийн хэрэгсэл хүлээн авах боломжтой болсон.

Хуучин байсан тогтвортой уншигчид задарч нэгэн зэрэг маш олон мэдээллийн хэрэгсэлд хандах, төрөлжих хандлагатай болж байна. Хүн бүр өөрт байгаа мэдээллийг сэтгүүлч дуудалгүйгээр интернетээр шууд цацах боломжтой болсон. Энэ бол мэргэжлийн үүднээс авч үзвэл энэ нь цоо шинэ үзэгдэл юм. 

-Цахим сэтгүүл зүй хүчээ авч хойшид цаасан хэвлэл улам бүр хумигдана гэж зарим хүн үзэж байхад уламжлалт сэтгүүл зүй удаан хугацаанд хадгалагдана гэж дүгнэх нь бий. Энэ талаарх таны бодлыг сонсъё? 

-Энэ бол харьцангуй ойлголт. Гэхдээ бид нэг зүйлийг хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. Цахим сэтгүүл зүй бол хүссэн хүсээгүй хүч түрэн орж ирж байгаа. Хүмүүсийн ихэнх нь цахим сэтгүүл зүйгээс мэдээллээ авч байгаа. Гэвч анх радио бий болоход тогтмол хэвлэл унтарна, үгүй болно гэж ярьж л байсан. Тогтмол хэвлэл оршсоор л байна. Дараа нь телевиз бий боллоо, радио, тогтмол хэвлэлийн аль алийг нь цаашид дэлгэрэхгүй гэх болсон. Өнөөдөр цахим сэтгүүл зүй үүссэнээр уламжлалт сэтгүүл зүй хаягдана гэж ярьж л байна. Гэхдээ уламжлалт хэвлэл мэдээллийн хэрэгслүүд орчин үетэйгээ хөл нийлэн оршсоор л байна шүү дээ. Хэвлэл мэдээллийн хэрэгслүүд нэг нь нөгөөгийнхөө дутууг нөхөөд явж байна. Гэхдээ тогтмол хэвлэл уншигчдын тоо жилээс жилд багасч байгаа. Уншигчдын нас, боловсролоос шалтгаалаад янз бүр. Жишээ нь, өдөр тутмын сониныг настайвтар хүмүүс уншиж байхад, цахим орчинд залуучууд олон байна. 

-Та ямар уран бүтээл туурвиж байна вэ. Хэр олон номтой болсон бэ?

-Би 36 жил багшлахдаа 40 гаруй ном бичсэн. Тал хувь нь сурах бичиг. Есөн номоо гадаадад хэвлүүлж гаргасан. Сүүлийн гурван жилийн хугацаанд арван боть ном гаргаж, МУИС-ийнхаа 75 жилийн ойн босгон дэр “Оны шилдэг багш”-аар шалгарсандаа баяртай байна. Энэ бол миний хөдөлмөрийн үнэ цэнэ. 

-Баяр хүргэе. Ингэхэд та МУИС-ийн “бүтээгдэхүүн” үү, эсвэл өөр сургууль төгссөн үү. МУИС-т багшлах санал аваад ямар санагдаж байсан бэ, хэрхэн хүлээж авав?

-Баян-Өлгий аймгийн нэгдүгээр 10 жилийн сургуулийг 1975 онд төгсөөд Эрхүүгийн их сургуулийн бэлтгэлд нэг жил, үндсэн ангид таван жил суралцаж сэтгүүлчийн мэргэжил эзэмшээд 1981 онд сургуулиа төгсөж ирсэн. Төгсөж ирээд л 23 насандаа багшилж эхэлсэн дээ. Сургуулиа төгсөөд ирэхэд “Үнэн” сонины нэгдүгээр орлогч, ‘Тоншуул’ сонины ерөнхий эрхлэгч байсан Г.Дэлэг багш маань надад сургуульдаа багшлах санал тавьсан. Би 1991 онд тэнхимийн эрхлэгч болж, 24 жил энэ албыг хашсан. Нийтдээ 36 жил МУИС-ийн сэтгүүл зүйн тэнхимтэй ажил, амьдралаараа холбоод явж байна. 

Э.Сосорбурам

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж