Ж.Энхбаяр: АН-ын бүлэгтэй ямар ч тохироо хийгдээгүй

Хуучирсан мэдээ: 2017.10.05-нд нийтлэгдсэн

Ж.Энхбаяр: АН-ын бүлэгтэй ямар ч тохироо хийгдээгүй

Монгол инженер шөнийн хямд цахилгаанaaр дулаан хадгалж, өдөр нь ашигладаг ухаалаг систем Япончуудтай хамт бүтээжээ.

 

МАН-ын талцал хуваагдлыг УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр хэрхэн дүгнэж байгаа талаар байр суурийг нь сонслоо.
 

-МАН-ын бүлэг Засгийн газрын томилгооны асуудалд тохиролцож чадахгүй, хоёр хуваагдсан мэт харагдаж байна. Үүнд та тайлбар өгөхгүй юу?

-Намын Бага хурлын олонхийн шийдвэрээр У.Хүрэлсүхийг Ерөнхий сайдад нэр дэвшүүлсэн. УИХ дахь МАН-ын бүлэг болон Төрийн байгуулалтын байнгын хорооны хурлаар энэ асуудлыг 100 хувь дэмжсэн. Ерөнхий сайдад Үндсэн хуулиар заасан онцгой бүрэн эрх байдаг, тэр нь Засгийн газраа өөрөө бүрдүүлж, хариуцлагаа хүлээх тухай юм. Өмнө нь Үндсэн хуулийн Цэц дээр гарсан маргааны асуудлыг та бүхэн санах хэрэгтэй. Хэн нэгэн гишүүн, хэн нэгэн сайдыг огцруулах асуудлыг өргөн барих хууль эрх зүйн боломж хаагдсан. Ерөнхий сайд өөрөө танхимын сайд нартаа хариуцлага тооцох байдлаар УИХ-д оруулж ирэх ёстой. Хэрэв Ерөнхий сайдыг огцруулах шаардлага гарвал Засгийн газар бүрэн бүрэлдэхүүнээрээ огцордог. Энэ нь гүйцэтгэх засаглалыг бэхжүүлэх зорилгоор Ерөнхий сайдын эрх мэдлийг нэмэгдүүлсэн гэсэн үг. У.Хүрэлсүх гэдэг хүн 65-ын эв нэгдлийг хангах, хадгалах, ухаан гаргах чадалтай улстөрч учраас Засгийн газрын гишүүдийг удахгүй оруулж ирэх байх.

Манай 65-ын бүлэг хоёр, гурав хуваагдаж хуралдаад, хэн нэгнийг сайд, дарга болгоно гэж албан тушаал хувааж авах гээд байгаа асуудал байхгүй. Үүнээс хойш Монголын төрд шантааж хийдэг байдал, хэсэг бүлэг нөхдүүд фракц болчихоод тэдэн сайд авна гэж боддог асуудал байхгүй болохыг Ерөнхий сайд хэлсэн. Өөрөөр хэлбэл, эв нэгдэл гэдэг нэрийн дор аливаа хуувилдаан, муу бүхнийг халхлахгүй. Бүх зүйл хуулийн хүрээнд байна. Монгол Улсад төрийн албыг цэгцлэх, сахилга хариуцлагыг бэхжүүлэх, авлигатай тэмцэх чадвар бүхий хүчтэй Засгийн газар бүрдүүлэх нь нийгмийн захиалга болчихоод байна шүү дээ.

-Ерөнхий сайд нөгөө талтайгаа тохиролцохгүй бол намын бүлгийн 28 гишүүн чуулганы хуралдаанд “бойкот” хийх нь гэсэн хандлага байна. Энэ үндэслэлтэй юу?

-Бид Үндсэн хуулийн хүрээнд ажлаа явуулна. Хэсэг бүлэг хүмүүст сайдын суудал өгөх нь улс төрийн увайгүй үйлдэл юм. Энд увайгүй бөгөөд албан тушаал наймаалцах гэсэн цөөн хэдэн хүний эрх ашиг яваад байгааг Монголын ард түмэн мэдэж байгаа.

-Ерөнхий сайдыг томилоход чуулганы хуралдаанд оролцоогүй гишүүд мэдээлэл хийж, “давхар дээл”-тэй сайд томилохыг эсэргүүцэж байгаагаа илэрхийлсэн. Та энэ талаар ямар бодолтой байна?

-Цаг хугацаа харуулна. Ерөнхий сайдын оруулж ирэх нэрийг харзнаж байна. Энэ асуудалд тайлбар өгөх эрх надад байхгүй. Тэд ч дур мэдэн дүгнэх эрхгүй. Засгийн газраа бүрдүүлэх нь Ерөнхий сайдын бүрэн эрх юм.

-Ерөнхий сайд Ардчилсан намын бүлгийн дэмжлэгтэй томилогдлоо. Энэ нь түүнийг Ардчилсан намын бүлэгтэй сандал суудлын тохироо хийсэн мэт харагдуулж байна. Тийм байж болох уу?

-Ардчилсан намын бүлэгтэй ямар ч тохироо хийгдээгүй.

-Ардын намын гишүүд “Манай тал, нөгөө тал” гэж ярих боллоо. Энэ нь цаашид 32, 33-ын бүлэг байгуулагдах хэмжээнд хүрэх нь гэж яригдаж байна?

-32, 33-ын бүлэг гэж байхгүй. Манай Ц.Мөнх-Оргил, Д.Лүндээжанцан, Д.Хаянхярваа нарын гишүүд хуралдаа сууж, гүйцэтгэх засаглалын тэргүүнийг сонгосон. Цаашид ч хуралд оролцох гишүүдийн тоо нэмэгдэнэ гэдэгт итгэлтэй байна.

-Таныг шинэ Засгийн газарт сайд болно гэх яриа гарсан байна. Энэ үнэн үү?

-Ж.Энхбаяр гэдэг хүн ямар ч төрийн байгууллага, улс төрийн албан тушаалыг хаших чадвартай хүн гэдэгт өөртөө итгэлтэй байна. Гэхдээ миний үүрэг бол УИХ дотроо байгаа. УИХ дотор ажил хийх, санаачлах салбарын эрх зүйн зохицуулалтыг шинэчлэх, бодлого зорилт байна. Өнгөрсөн нэг жилийн дотор батлан хамгаалах салбар, үндэсний аюулгүй байдалтай холбоотой 7, 8 багц хуулийн ажлын хэсгийг ахалж ажиллалаа. Надад цаашид ч барьж хийх том ажлууд байна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж