Шинэ засгийн даалгавар – Чингис бондын өр

Хуучирсан мэдээ: 2017.10.05-нд нийтлэгдсэн

Шинэ засгийн даалгавар – Чингис бондын өр

Болж буй улс төрийн нөхцөл байдлын талаар УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбат сэтгүүлчдэд байр сууриа илэрхийллээ.

2017 оны гуравдугаар сарын 21-нд Засгийн газраар баталгаажсан Хөгжлийн банкны бондын төлбөрийг төлөхгүй бол дефолт зарлах хэмжээнд хүрлээ гэгдэж байсан цаг саяхан. Тухайн үед Монгол Улсын зээлжих зэрэглэл буурч, улсын төсөв бондын өрөө төлөх хэмжээнд хүрэхгүй байсан учраас Ж.Эрдэнэбатын Засгийн газар хямд, урт хугацаатай бондоор сольж, санхүүжилт хийж байсан. 2008 онд 2,2 тэрбум ам.доллартай тэнцэж байсан Монгол Улсын гадаад өр 2016 онд 11 дахин  буюу 24,26 тэрбум ам.доллартай тэнцэх хэмжээнд хүрсэн нь өрийн хэмжээ жил ирэх бүр нэмэгдэж байгааг илтгэнэ. Эрх баригч 65-ын бүлэг Засгийн газраа унагаж, дараагийн Засгийн газраа бүрдүүлэх гээд улс орны эдийн засагт санаа зовох завгүй байгаа бололтой. Гэтэл ердөө гуравхан сарын дараа бид Чингис бондын эхний төлбөрийг хийх үүрэгтэй.

Чингис бондын 500 сая ам.долларыг төлж чадах уу?

Монгол Улсын Сангийн сайдын үүрэг гүйцэтгэгч Б.Чойжилсүрэнгийн хэлснээр Монгол Улсын нийт өр 24 орчим тэрбум ам.доллар, Засгийн газрын өр 23,8 орчим их наяд төгрөг болжээ. Энэ өрийн эхний хэсгийг 2018 оны нэгдүгээр сард төлнө. Эхний ээлжинд ‘Чингис’ бондын 500 сая ам.долларыг төлөх учиртай. Аравдугаар сарын 2-ны Даваа гаригт нээгдсэн УИХ-ын намрын чуулганаар 2018 оны төсөв хэлэлцэх, тэр дундаа бондын эргэн төлөлтийг хэрхэн төлөх чухал шийдвэр гаргах цаг үе хэдий ч Засгийн газар бүрдээгүй, унаж буй Засгийн газрынхаа өргөн барьсан 2018 оны төсвийн төслөө буцаагаад татчихлаа.  Яг ийм цаг үед 2018 онд эдийн засаг хэрхэх, бондын өрийг яаж төлөх гээд олон асуулт шинэ Засгийн газрын өмнө тулгарч байна. Шинэ Ерөнхий сайд томилогдсоныхоо дараа бондын өрийг бондоор солихгүй гэж мэдэгдсэн нь ч олон нийтийн анхаарлыг татаж буй нь мэдээж.
 

Яг нэг жилийн өмнө МАН-ын Засгийн газар 2016 оны төсөвт тодотгол оруулахдаа 2017-2018 оны төсвийн төсөөллийн тухай хууль, Төсвийн тогтвортой байдлын тухай хуулиудад өөрчлөлт оруулсан. Ингэхдээ өрийн хязгаарыг нэмэгдүүлж, ДНБ-д эзлэх өрийн дээд хэмжээг 2016 онд 88, 2017 онд 90, 2018 онд 97,5, 2019 онд 105, 2020 онд 100, 2021 онд 90, 2022 онд 80, 2022 онд 70, 2024 онд 60 хувиас хэтрүүлэхгүй байхаар хуульчилсан.

Монгол Улсын Засгийн газрын өр, төлбөрийн судалгааГ ТАНИЛЦУУЛЪЯ

(Нээлттэй нийгэм форумаас гаргаВ)
 

 

Тодруулбал, МАН үнэмлэхүй олонх байх хугацаанд өрийн хэмжээ нэмэгдэх байдлаар тооцсон гэсэн үг. Засгийн газар дахин шинэ бонд гаргах гэж байгаа талаар ч яригдаад эхэлсэн. Сангийн сайдын үүрэг гүйцэтгэгч Б.Чойжилсүрэнгийн хэлснээр ‘Чингис’ бондын эхний төлөлтийг төлөх хэд хэдэн хувилбар гаргасан байгаа гэнэ. Бондын өрийг шинэ бондын өрөөр төлөх, Монголбанкны нөөцөөс төлөх гэх мэт нууц хувилбар бий гэх. Хэрэв Монголбанкны валютын нөөцөөс өр төлбөр ам.долларын ханш савлах эрсдэлтэй гэдгийг ч тэд тооцоолж буй. Чухам шинэ Ерөнхий сайд У.Хүрэлсүх ямар бодлого баримтлахаас өрөө төлж чадах уу, эсвэл өнгөрсөн жилийн өрийг өрөөр дарах уу гэдэг тодорхой болно. Харин түүнээс өмнө 2018 оны төсвийн төслөө өргөн барих, хуулийн хугацаанд нь батлах асуудал эргэлзээ, хүлээлтийн дунд байгааг мартаж болохгүй.

‘Чингис’ бондын үлдэгдэл төлбөрийг 2022 онд төлж дуусгана
 

УИХ-ын 2012 оны аравдугаар сарын 25-ны өдрийн 52 дугаар тогтоолын дагуу Засгийн газар 1,5 тэрбум ам.долларын бондыг Олон улсын санхүүгийн зах зээлд арилжаалжээ. 2014 оны гуравдугаар улирлын байдлаар 46,3 сая ам.доллар буюу 82,7 тэрбум төгрөгийг хүүгийн төлбөрт төлсөн байна.
 

‘Чингис’ бондын хүү, үндсэн төлбөр төлөх хугацаа

2018 оны эхний сард Монгол Улс 500 сая ам.доллар дээр хүүгийн төлбөр болон 61,56 сая ам.доллартай хамтад нь төлнө. Дараагийн үндсэн төлбөр нь 2022 онд бөгөөд нэг тэрбум ам.долларыг 51,25 сая ам.долларын хүүтэй төлөх юм. Өөрөөр хэлбэл, 2020 оны сонгуулийн үр дүнд байгуулагдсан Засгийн газар ‘Чингис’ бондыг төлж дуусгана гэсэн үг. Сануулахад, ‘Чингис’ бондыг авсан эхний жил хүүгийн төлбөр төлөөгүй бөгөөд 2013 оноос эхлэн 60-71 орчим сая ам.долларын хүүг жил бүр төлж иржээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж