Нийслэлийн төр захиргааны байгууллагуудын ажлын цагийн хуваарь аравдугаар сарын 2-ны өдрөөс буюу энэ долоо хоногийн Даваа гаригаас 30 минутаар хойшиллоо. Өвөл цагийн хуваарьт шилжсэнээр ажил эхлэх цаг 08.30, дуусах цаг 17.30 болов.
Нийслэлийн Засаг дарга өнгөрсөн хавар замын ачаалал, түгжрэлийг бууруулах зорилгоор захирамж гаргаж, өөрийн харьяа байгууллагын ажлын цагийн хуваарийг дөрөвдүгээр сарын 15-наас аравдугаар сарын 1-нийг хүртэлх хугацаанд 08.00-17.00 цаг болгож, энэ хуваарийн дагуу нийслэлийн төр захиргааны байгууллагууд ажиллаж ирсэн. Эл захирамжид тусгасанчлан энэ долоо хоногоос 2018 оны дөрөвдүгээр сарын 15-ныг хүртэл нийслэлийн Засаг даргын тамгын газар, Захирагчийн ажлын алба, Автозамын газар, Аудитын газар зэрэг хэрэгжүүлэгч агентлаг, харьяа байгууллагууд өвлийн цагийн хуваарийн дагуу ажиллах юм.
Нийслэлийн төрийн байгууллагуудын ажлын цагт ингэж өөрчлөлт оруулсан нь өнгөрсөн хугацаанд замын хөдөлгөөний урсгалд хэрхэн нөлөөлснийг Замын хөдөлгөөний удирдлагын төв тусгайлан судалдаггүйг албаны эх сурвалж тайлбарлав.
Зарим төрийн албан хаагч ажлын эхлэх цаг сургууль, цэцэрлэгийн хичээл эхлэхтэй давхацдаг нь замын түгжрэлийг улам нэмдэг. Учир нь, ерөнхий боловсролын сургуулийн хичээл эхлэх цаг 08.00 бол цэцэрлэгийн хүүхдийг хүлээж авах цаг 08.30-09.00 цагт үргэлжилдэг.
Д.УУДАМ