Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт х“ЛСД” гэх мансууруулах бодисыг хууль бусаар олж авч, бусдад зарж борлуулж байсан Нидерландын Вант Улсын иргэн Вандэр Харст Фридтжоф, түүний эхнэр Монгол Улсын иргэн Г нарыг цагдаа нар илрүүлэн баривчилжээ.
Энэ хэрэгт дээрх хоёр этгээдээс гадна Монгол Улсын долоон иргэнийг холбогдуулан шалгаж цагдан хорих 461 дүгээр ангид саатуулж, мөрдөн байцаалтын ажиллагааг эхлүүлсэн байна.
Тодруулбал, Монгол Улсын Эрүүгийн хуулийн 20.7.2-т зааснаар тэдэнд эрүүгийн хэрэг үүсгэж хар тамхи, мансууруулах бодис хууль бусаар олж авч, бусдад зарж борлуулсан гэх үндэслэлээр шалгаж буй аж.
Вандэр Харст Фридтжоф гэгч нь Нидерландын Вант улсаас шуудан илгээмж ашиглан энэхүү мансууруулах бодисыг олон удаагийн үйлдлээр Монгол Улсад оруулж ирж зарж борлуулж байсан нь урьдчилсан байдлаар тогтоогдсоныг Цагдаагийн ерөнхий газрын Хэвлэл мэдээллийн төвөөс мэдээлэв. Мөн эд мөрийн баримтаар “ЛСД” гэх нэршилтэй мансууруулах бодис, каннабисын төрлийн мансууруулах үйлчилгээтэй ургамлыг илрүүлэн хурааж авчээ. Хар тамхи, мансууруулах бодисын төрөлд орох “ЛСД” гэх нэршилтэй бодис нь олон улсад 1988 онд илэрч бүртгэгдсэн бөгөөд хүний биед хүчтэй үйлчлэл үзүүлж, булчин сулрах, хөлрөх, тавгүйтэл, сэтгэл санааны гүн хямралд орох зэрэг шинж илэрч, тунг хэтрүүлэн хэрэглэсэн тохиолдолд шууд үхэлд хүргэх аюултай юм.
Д.УУДАМ