Дэлхийн багш нарын эрхийг хамгаалах өнөөдөр/2017.10.05/ тохиож байна. Энэ өдөр Монголын багш нарын онц их хурал боллоо. Тус хурлыг “Багшдаа тусалъя” Монголын багш нарын нэгдэл хамтран зохион байгуулж байгаа юм. Тус хуралд хөдөө орон нутгаас 552 багш, нийслэлийн есөн дүүргээс 438 багш болон орчим үйлдвэрчний хорооноос 200 орчим хүн оролцжээ. Онц их хурлаар багшийн цалин нэмэгдүүлэх гарц шийдлийг ярилцаж, мөн Багшийн хөгжлийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах мөн багш мэргэжлийн үнэлэмж, бодлого тулгамдаж буй асуудлын хүрээнд багш нар байр сууриа илэрхийлэв. Энэ үеэр багш нар цалингаа нэмүүлэх нэн шаардлагатай байгааг илэрхийлэн улс орон даяар сануулах ажил хаялт зохион байгуулж, цаашдаа тэмцлийн хурц хэлбэр болох хугацаагүй ажил хаяна гэдгээ хэлж байлаа.
“Засгийн газарт хоёр ч удаа цалин нэмэгдүүлэх шаардлагыг хүргүүлсэн ч дорвитой шийд хэлэхгүй байгаа тул дахин шаардлага хүргүүлж, чимээгүй суулт хийнэ. Цаашид арга хэмжээ авахгүй бол хугацаагүй ажил хаяна” гэж Багшийн цалин нэмүүлэх түр хорооны ерөнхий зохицуулагч Ц.Мөнхтуяа хэлж байлаа.
“Багшдаа тусалъя эцэг эхчүүдийн холбоо” төрийн бус байгууллагын УЗ-ийн гишүүн Б.Батмөнх “Багш нарын цалин амьдралд нь хүрэлцэхгүй байгаа энэ үед сэтгэл тайван байж түмэн олны хүүхэд хүмүүжүүлнэ гэдэг хүндрэлтэй. Багш нарыг дэмжиж тусалья, мэргэжил арга зүйн зөвлөгөө өгье гэсэн үүднээс энэхүү ТББ-ыг байгуулсан. Бид нарын зорилго бол багш цалинг нэмэгдүүлэхэд туслах, мөн боловсролын стандартыг дээшлүүлэх, хүүхдүүдийг хүмүүжүүлэхэд арга зүйн зөвлөгөө өгөх зэрэг олон шат дараалсан үйл ажиллагааг хийнэ гэв”
Э.Сосорбурам