“Цариг ярьж, цалин өсгөх боломжийг алдсан”

Хуучирсан мэдээ: 2017.10.05-нд нийтлэгдсэн

“Цариг ярьж, цалин өсгөх боломжийг алдсан”

Хэнээс ч хараат бус, зөвхөн хуульд захирагдаж шийдвэр гаргадаг хоёр байгууллагын шийдвэрийг эсэргүүцсэн МАН-ынхан улангасчээ.

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын 2017 оны төсвийн тодотголын нэгдүгээр хэлэлцүүлгийг хийж дуусган, хоёрдугаар хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр холбогдох байнгын хороодод  шилжүүллээ.

Төсвийн тодотголыг  хоёрдугаар хэлэлцүүлэгт шилжүүлэхийн өмнө гишүүд байр сууриа илэрхийлэв.

УИХ-ын гишүүн, УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны дарга Л.Энх-Амгалан: Тав дахь жилдээ төсөв хэлэлцэж байна. Өмнөх жилүүдэд  орлого нь биелдэггүй, зарлага нь давсан, алдагдал нь ихэссэн төсөв ярьдаг байсан.  Энэ удаад 498 тэрбум төгрөгөөр орлого нь өссөн төсөв ярьж байна. Дампуурсан эдийн засгийг босгож болдог юм байна гэдгийг нэг жилийн дотор харууллаа.

Олон улсын валютын сан /ОУВС/-тай нөхцөлүүдээ тохирч чадвал эерэг үр дүн гарч чаддаг.

Манай эдийн засаг жижиг, 10 тэрбумын эдийн засаг. Улс төрчид нь өөрсдөө эдийн засгаа боомилдог. Төмөр замаа тавьж чадахгүй хэдэн жил болов.

Монгол Улс сард 626 тэрбумын нүүрсний экспорт хийдэг байсан. Гэтэл Ерөнхийлөгчийн хариуцлагагүй мэдэгдлээс болоод Хятад улс хилээ хаагаад,  нүүрсний экспорт хоёр дахин буулаа. Сар бүр 320 тэрбумын нүүрсний боломжийг алдаж байна.

Багш нарын цалинг нэмэх боломжийг ингэж алдаж байна.

Найман жил бүдүүн, нарийн цариг гэж хэрэлдэж, цалинг хоёр дахин өсгөх боломжийг алдсан.

Улсын хэмжээнд 110 мянга орчим үйлчилгээний албан хаагч байна, багш, эмч нарын төлөөлөлтэй уулзсан. Аргагүй зовлон ярьж байгаа, шийдэх боломжтой. Шийдэх хүн нь энэ танхимд сууж байгаа 76. Улс төрийн эр зориг гаргаж чадвал хүсээд байгаа цалинг нь өгч чадна.

Эдийн засгийн өсөлтийг нэг хувьд хүргэхэд улс оронд ямар их боломж үүсгэдэг юм бэ гэдгийг бид хараад сууж байна. Хүүхдийн мөнгө өгч болж байна. Багш нарын цалинг нэмэхэд 1.2 их наяд төгрөг шаардлагатай. Том тоо. Гэхдээ салбар дотор нь зохицуулах боломж байгаа.

Эрүүл мэндийн салбар ч мөн ялгаагүй, салбар дотор нь зохицуулалт хийхэд эх үүсвэр гарч ирнэ. Байгууллагад нь хэдэн хүнтэй ажиллах вэ гэдэг эрх мэдлийг нь өгчихвөл дотроо зохицуулалт хийнэ.

Сургуулийн захиралд нь санхүүгийн эрх мэдлийг өгье.

УИХ-ын гишүүн Ч.Улаан: Төсөвт тодотголыг сайжруулах тал дээр хэр ажилласан бэ. Төсвийн алдагдал 10 орчим хувь байгаа нь сайн үзүүлэлт мөн үү.  2.7 их наядын алдагдал сайн үзүүлэлт мөн үү. Төлбөрийн баланс алдагдалтай болчхоод байна. Учир нь олдохгүй байгаа.

Оюутолгойн алтны агуулга уналаа гэлээ. Бид юуг нь тооцдог юм, юуг нь мэддэг юм.

Цаана нь бидэнд өгөх юмаа багасгах юм руу явж байна гэдгийг бодолцох хэрэг байна.

Уул уурхайн үнийн өсөлтөөс орж ирсэн нэмэгдэл орлогодоо гар хүрэхээ болъё. Төсвөө сайжруулахад зарцуулъя. Хэрэглээгээ хязгаарлая, хөрөнгө оруулалт, концессоо тэвчье. 

Татварын бус орлогоо дайчилъя,  100 гаруй тэрбумын боломж гараад ирнэ гэлээ.

Г.ДАРЬ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж