Арабын нэгдсэн Эмират Улсын Абу Даби хотноо аравдугаар сарын 14-19-ний өдрүүдэд болох “Дэлхийн ур чадвар”-ын тэмцээнд Монгол Улсаа төлөөлж зургаан залуу оролцоно. 44 дэх удаагийн “Дэлхийн ур чадвар” тэмцээнд оролцох баг тамирчдад Монгол Улсын далбаа гардуулах ёслолын ажиллагаа өнөөдөр /2017.10.05/ Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам /ХНХЯ/-нд боллоо. Мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төв, политехник, коллежийн суралцагчдын дунд зохион байгуулагдаж, эх орондоо шилдгээр шалгарсан зургаан залуу дэлхийн бусад орны залуустай ур чадвараараа өрсөлдөх юм.
Дэлхийн ур чадварын тэмцээнд мужааны төрлөөр оролцож буй Н.Эрдэнэмөнх “Миний хувьд 2014 онд мужааны улсын аварга шалгаруулах тэмцээнд оролцож, хоёрдугаар байр эзэлж, Солонгос улсад бэлтгэл хийж байсан. Тухайн үед найзтайгаа өрсөлдөөд найз маань дэлхийн ур чадварын тэмцээнд явж байсан бол энэ жилийн тэмцээнд би түрүүлж, явах гэж байгаадаа баяртай байна. Ямар ч гэсэн найзынхаа авсан оноог ахиулж, амжилт гаргахын тулд бүх хүчээ дайчилна” гэж сэтгэгдлээсээ хуваалцсан юм.
Хөдөлмөрийн зах зээлд хамгийн эрэлт хэрэгцээтэй мэргэжил эзэмшиж буй Мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төвийн суралцагчид Дэлхийн ур чадварын тэмцээнд оролцсоноор Монгол Улсын техник, технологийн дэвшил ямар шатанд байгааг тодорхойлдог юм байна. Тэмцээнд оролцох багийн ахлагч, ХНХЯ-ны Мэргэжлийн боловсролын сургалтын хэлтсийн дарга А.Халиунаа “Энэ жил тэмцээнд гагнуурын төрлөөр анх удаа оролцож байгаа. Мэргэжлийн боловсрлын салбар, Монгол Улсын техник, технологийн дэвшил аль шатанд явааг бид дэлхийд харуулж байгаа. Тиймээс өнгөрсөн жилийн амжилтаа ахиулна гэсэн зорилготойгоор Абу Дабиг зорьж байна” гэлээ.
Монгол Улс ур чадварын тэмцээнд 2015 онд есөн төрлөөр анх удаа оролцож 60 орноос 42-р байр эзэлж байсан бол энэ жил мужаан, өрөг угсралт, гагнуур, цахилгаан, сантехник, тогооч зэрэг зургаан төрлөөр өрсөлдөхөөр Монголын баг тамирчид өнөөдөр Абу Дабиг зорьж байна. Дэлхийн ур чадварын тэмцээн нийт 50 мэргэжлийн төрлөөр өрсөлддөг бөгөөд цаашид олон мэргэжлийн төрөлд оролцох, сурагчидынхаа амжилтыг бататгахад ХНХЯ, мэргэжлийн холбоод, аж ахуй нэгжүүд дэмжлэг үзүүлэх нь чухал гэдгийг цахилгааны төрөлд оролцож буй Л.Төгөлдөрийн багш ЦС-4-ийн Металл судлал, гагнуурын лабораторийн эрхлэгч С.Батсайхан онцолсон.
Монголын ур чадварын тэмцээний ерөнхий зохион байгуулагч нь Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам. Түүнээс гадна Германы олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэгийн “Түншлэлд суурилсан мэргэжлийн боловсрол, сургалтын төсөл”, Оюутолгой компани, Монголын зочлох үйлчилгээний холбоо, Хүнс, технологийн политехниз коллежийн дэмжигч байгууллагаар ажилладаг юм байна.
Ш.ЧИМЭГ