Нөөцөөс өрөө төлбөл ханшаа алдана

Хуучирсан мэдээ: 2017.10.05-нд нийтлэгдсэн

Нөөцөөс өрөө төлбөл ханшаа алдана

Засгийн газраас өнгөрсөн есдүгээр сарын 29-ний өдөр 2018 оны төсөв, төсвийн хүрээний мэдэгдлийг өргөн барьсан. Гэвч УИХ-ын чуулганы өчигдрийн хуралдаанаар шинэ Ерөнхий сайд томилогдохын өмнө Засгийн газраас өргөн барьсан 2018 оны төсвөө буцаан татсан. Энэ талаар Сангийн сайдын үүрэг гүйцэтгэгч Б.Чойжилсүрэнгээс тодрууллаа.


-2018 оны төсвийг яагаад буцааж татах болов. 

-Засгийн газар огцорч, сайд нар үүрэг гүйцэтгэж байгаа. Төсвийн тухай хуулиар ирэх оны төсвийг тухайн жилийн аравдугаар сарын 1-ний дотор өргөн барих ёстой байдаг. Түүний дагуу 2018 оны төсвийн есдүгээр сарын 29-нд өргөн барьсан. Дараагийн Засгийн газар гарч ирээд өөрсдөө бодлого тодорхойлно. Засгийн газар төсвөөр дамжуулж, бодлогоо хэрэгжүүлдэг. Өөрөөр хэлбэл, дараагийн Засгийн газарт бодлого хэрэгжүүлэх, төсөвт суулгах боломж олгож байгаа.

Шинэ Засгийн газар бүрдээгүй байна. Хуульд зааснаар ирэх арваннэгдүгээр сарын 15-нд 2018 оны төсөв батлах ёстой. Хугацаандаа төсөв баталж амжих уу?

-Цаг хугацааны хувьд хүндрэлтэй асуудал байгаа. 2018 оны төсөв хугацаандаа батлагдсан байх ёстой.

-2018 он гараад бондын үндсэн төлбөр төлж эхэлнэ. Энэ өрийг  төлөх ямар боломж байна?

-Сангийн яамнаас хэд хэдэн хувилбар төлөвлөсөн байгаа. Нууцын зэрэглэлтэй учраас тодорхой мэдээлэл өгөх боломжгүй.

-Шинэ Ерөнхий сайд бондын өрийг бондоор төлөхгүй гэх утгатай зүйл хэлсэн. Бондын өрийг бондоор төлөхгүй бол өөр боломж бий юу?

-Шинэ Ерөнхий сайд юу бодож ярьсныг нь мэдэхгүй байна. Миний хувьд хэд хэдэн хувилбар бий. Бондыг бондоор төлөх нь нэг боломжит хувилбар мөн. Сүүлийн хоёр улирлын туршид Монголбанкны валютын нөөц 350 орчим сая ам.доллараар нэмэгдсэн. Гэхдээ бид валютын нөөцөөс бондын өрийг төлбөл буцаагаад ханшаа барьж чадахгүй байх эрсдэл үүснэ.

-БНХАУ-ын ‘Экзим’ банкны 500 сая ам.долларыг буцаах эрсдэл үүссэн гэсэн мэдээлэл яваад байна. Энэ үнэн үү?

-Тэр бол ташаа мэдээлэл. Хэлэлцээр үргэлжилж байгаа учраас мөнгийг бүгдийг нь ашиглах боломжтой.

-2018 онд эдийн засаг ямар байх бол гэсэн хүлээлт маш их байна. Засгийн газар тогтворгүй байх, шинэ Засгийн газар бүрдэх хугацаа гээд хөрөнгө оруулалт, бусад зүйлс зогсонги байдалд орлоо гэсэн шүүмжлэл бий?

-Засгийн газрын үйл ажиллагаанаас л шалтгаална. Сайн ажиллаж чадах юм бол хоёр, гуравдах хөршүүдтэйгээ хэрхэн ойлголцож, хамтарч ажиллахаас л шалтгаална.

-УИХ-ын чуулганаар 2017 оны төсвийн тодотголыг хэлэлцэж байна. Төсвийн алдагдал өндөр байна гэсэн шүүмжлэлийг УИХ-ын гишүүд хэлж байгаа. Үүн дээр тайлбар өгөөч?

-Төсвийн алдагдал  их байна гэсэн шүүмжлэл гардаг. Алдагдлыг багасгахын тулд төсвийн зардлыг огцом бууруулах шаардлага гарна. Өөрөөр хэлбэл, ахмадуудын тэтгэвэр, цалинг нэмэх биш хасах шаардлага үүснэ.

-Шинэ Ерөнхий сайд томилох чуулганы хуралдаанд та болон танай намын хэсэг гишүүд оролцоогүй. МАН доторх үл ойлголцол хэзээ цэгцрэх бол?

-Удахгүй цэгцрэх байлгүй дээ. Зарчмын хэдэн асуудал байгаа гэдгийг тайлбарласан байх. МАН дотор гарын үсэг зурсан, зураагүй гэсэн үл ойлголцол үүссэн. Гэхдээ богино хугацаанд ойлголцох байх. Миний хувьд МАН-ын гишүүд дотроо сүртэй хагаралдсан зүйл байхгүй гэж харж байгаа. Шинэ Ерөнхий сайд зарчмын хувьд МАН-ын бүлэгт ямар зарчмаар ажиллахаа тайлбарлаагүй, АН-ын бүлэгт тайлбарласан байсан.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж