"Оргил"-ыг үнэгүйдүүлж байгаад зарлаа гэв

Хуучирсан мэдээ: 2017.10.05-нд нийтлэгдсэн

"Оргил"-ыг үнэгүйдүүлж байгаад зарлаа гэв

"Оргил"-ыг үнэгүйдүүлж байгаад зарлаа гэв

 

“Оргил рашаан сувилал”-ын 115 ажилтан төрөөс  мөнгөн төлбөр олгохыг шаардаж өнөөдөр /2017.10.05/ мэдээлэл хийлээ. Тэд нэг жилээс дээш хугацаатай тэтгэмжийг төр өгөх ёстой гэж үзэж байгаа юм.  Сувиллыг нь 15 тэрбум 25 сая төгрөгөөр Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газар /ТӨБЗГ/-аас өнгөрсөн мягмар гаригт /2017.10.03/ хувьчилжээ.   


Өнгөрсөн хавраас эхэлж “Оргил рашаан сувилал”-ыг хувьчлахаар нээлттэй дуудлага худалдааг гурван удаа зарласан ч нэг ч байгууллага, хувь хүн оролцоогүй  тухай өмнө нь ТӨБЗГ-аас мэдээлж байсан. Тэгвэл дөрөв дэх дуудлага худалдааг зохион байгуулахдаа   хувьчлалын доод үнийг арван хувиар бууруулсан байна. Тодруулбал, 12.1 тэрбум төгрөгөөс нээлттэй дуудлага худалдааг эхлүүлж, 15 тэрбум 25 саяар заржээ.  Дуудлага худалдааны эцсийн шатанд “үйл ажиллагааны чиглэлийг өөрчлөхгүй” гэсэн болзлыг хасчээ. Энэ нь  “Оргил рашаан сувилал”-ын эмч, ажилтны ажлын байрны баталгаа алдагдах эрсдэлтэй болсон гэсэн үг юм. Үүнийг тус сувиллын ажилтнууд эсэргүүцэж,  байгууллагыг нь худалдсан 15 тэрбум төгрөгөөс 950 саяыг нь өөрсдөд нь зориулж, 12 сар ба түүнээс дээш сарын цалинтай тэнцэх мөнгөн тэтгэмжийг өгөхийг төрөөс шаардлаа.  Гэхдээ энэхүү мөнгөн тэтгэмжийг  ажлаас чөлөөлөгдсөн эсэхээс үл хамааран 115 хүнд тэгш хуваарилан олгох ёстойг “Оргил рашаан сувилал” ТӨХК-ийн эмчилгээ эрхэлсэн дэд захирал Ө.Хүрэлтогтох онцлов. 

Оргил рашаан сувилал” ТӨХК-ийн эмчилгээ эрхэлсэн дэд захирал Ө.ХҮРЭЛТОГТОХ

Мөн иргэдийн талархлыг хүлээсэн алдагдалгүй, ашигтай ажиллаж байсан төрийн өмчит байгууллагыг зохион байгуулалттайгаар үнэгүйдүүлж хувьчилсныг “Оргил рашаан сувилал” ТӨХК-ийн их эмч Б.Оюунчимэг шүүмжиллээ. Тэрбээр “Ашигтай ажилладаг байгууллагыг төр өөрөө бодлогоор дампууруулж зарлаа” гэсэн юм.

“Оргил рашаан сувилал”-д тасралтгүй 25-38 жил ажиллаж, 36 сарын нэг удаагийн буцалтгүй тусламж авах шаардлагыг нь ханган ирэх онд тэтгэвэрт гарах гурван ажилтан байжээ.

Тус сувиллын нийт хөрөнгө нь 5.2 тэрбум орчим төгрөг. Хувьцаа нь 159 мянга 1930 ширхэг. Хувьцааны нэрлэсэн үнэ нь 1000 төгрөг. Эдийн засгийн үзүүлэлт нь 2016 оны байдлаар цэвэр ашиг нь 3.7 сая. Орлого нь 28 сая төгрөг байсан юм.

Гэрэл зургийг Н.БАТМӨНХ

 

 

 

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж