Эрх баригчдын хэрүүл Н.Энхбаярт л ашигтай

Хуучирсан мэдээ: 2017.10.05-нд нийтлэгдсэн

Эрх баригчдын хэрүүл Н.Энхбаярт л ашигтай

“Тэсрэх бөмбөг”-ний хажууханд байнгын айдастай амьдардаг айлууд байна гэж сонсоод тэр зүгийг зорилоо.

“Ардчилсан нам У.Хүрэлсүх болон түүний багийг дэмжиж ажиллана”. Энэ бол шинэ засгийн танхимд хэн багтахаас үл хамаараад “харанхуй”-гаар У.Хүрэлсүхийг дэмжихээр болсон УИХ дахь цөөнхийн бүлгийн дарга Д.Эрдэнэбатын өнгөрөгч Мягмар гаригт /2017.10.03/ хэвлэлийнхэнд өгсөн мэдээлэл.

Үндсэндээ У.Хүрэлсүхийг Ардчилсан нам захиалж, МАН тодруулж, УИХ дахь цөөнх Ерөнхий сайдаар өчигдөр томиллоо. Үүнийг сануулж, Ч.Санжмятав  өчигдрийн чуулганы хуралдаан дээр У.Хүрэлсүхэд хэлсэн үг нь “Хүүхдийн мөнгийг заавал үргэлжлүүлэн 100 хувь олгоорой. Та бол цөөнх шүү. АН-тай нийлж олонх болж байгаа шүү”.

Харин эсрэгээрээ түүнийг томилох чуулганы хуралдаанд МАН-ын бүлгийн 28 гишүүн орж ирээгүй нь У.Хүрэлсүхийн тоолуур өчигдрөөс гүйж эхэлсний, мөн “Амь насаа алдахаас ч айхгүй байна” гэх түүний үг, Ө.Энхтүвшин гишүүний мэдэгдэл эрх баригч намынхан эвлэлдэж, нэгдэхээсээ өнгөрсний илрэл  гэж харагдаж байна.  

У.Хүрэлсүхийн ард бүлгийнх нь 33 гишүүн, нэмээд экс Ерөнхийлөгч Н.Багабанди байгаа гэх мэдээлэл бий. Гэвч, Ж.Эрдэнэбатын эсрэг кноп дарсан шигээ У.Хүрэлсүхийг долоовор хуруудахгүй гэж тэдэнд баттай итгэхэд бас хэцүү. Учир нь, Ч.Улаан, Х.Болорчулуун, Ц.Даваасүрэн, А.Сүхбат гээд эрх мэдлийн төлөө тахиа донгодохоос өмнө У.Хүрэлсүхээс гурвантаа урваж чадах л хүмүүс.

Ч.Улаан бол эрх мэдлийн төлөө Н.Энхбаяраас ч, М.Энхболдоос ч урвасан. У.Хүрэлсүхээс урвах нь цаг хугацааны л асуудал. Тиймээс У.Хүрэлсүх өнөөдөр хадаастай сандал дээр л хавчигнана гэсэн үг.

У.Хүрэлсүхийг Ерөнхий сайд болгосон гэх МАН-ын бүлгийн 33 бүгдээрээ сайдын сэнтийг сэрүүн зүүдлээд эхэлжээ. Шадар сайдын болон Засгийн газрын хэрэг эрхлэх газрын даргын суудлыг Д.Сумъяабазар мөрөөдж явна. Түүний тухай мэдээлэл санаатай, санамсаргүйгээр түгж байгаагаас харвал У.Хүрэлсүх Ерөнхий сайд болгож өгсөн Ерөнхийлөгчид өгч буй хариу “бэлэг’ нь энэ биз. Д.Сумъяабазарын төрсөн дүү нь Ардчилсан намын гишүүн, Ерөнхийлөгчийн хуурай дүү гэгддэг Асашорюү Д.Дагвадорж. Өнгөрсөн Ерөнхийлөгчийн сонгуулиар ‘Аса явуулын станц’ гэгдтэлээ Х.Баттулгын төлөө зүтгэсэн гол хүн.

Ураг төрөл барилдсан Монголын улс төрд аль ч засагт тал алддаггүй авгай, нөхөр, ах дүүс гэж байна. Энэ нь тэдний гэхээсээ сонгогчийн боловсролгүй сонгогч бидний л үйлийн үр. Шулуухан хэлэхэд Монголын төрийн эрх мэдэл өнөөдөр уяачдын холбооноос бөхийн холбоонд шилжиж байна гэвэл бодит үнэнтэй нийцэх биз.

Хэдий Ардчилсан нам У.Хүрэлсүхийг захиалж гаргаж ирсэн ч бас унагааж, улс төр хийж  чадна. Учир нь, Монгол ардын намынхан засгаа өөрсдийнхөө гараар хэдэнтээ огцруулж, намаа задартлаа хэрэлдэж л байвал Ардчилсан намд ашигтай гэж АН-ынхан үзэж байгаа. Тэр утгаараа 2020 оны сонгуульд ялалт байгуулна гэж  дүрдээ итгэсэн Ардчилсан намынхан эртнээс тойргоо хуваагаад, тордож услаад эхэлсэн гэх.

Гэвч, Ардчилсан нам засаглаж чаддаггүйгээ аль хэдийн баталчихсан. Ардын нам ч ялгаагүй засаглаж чадахаа байсныг ард түмэн бүгдээрээ харцгааж байгаа. АН, МАН-ын нэр хүнд адилхан уруудах тусмаа энэ нь Н.Энхбаяр гэдэг хүнд л илүү ашигтайгаар эргэж мэдэхээр болжээ.

АН, МАН-аас залхсан иргэд аль хэзээнээс гуравдагчийн эрэлд мордсоныг болон өнгөрсөн Ерөнхийлөгчийн сонгуулиар МАХН-аас нэр дэвшсэн С.Ганбаатар М.Энхболдыг бараг л ялах дөхсөн, Х.Баттулгын ялалтын тодорхой хувь нь С.Ганбаатарынх гээд энэ бүгдийг нэтгээд тооцвол ирэх 2020 онд Н.Энхбаярын нам ялбал яана билээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж