Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Даваасүрэн Монгол, Ираны эрдэмтдийн хамтарсан Ил Хант Улсын түүхийг судлах төслийн хоёрдугаар шатыг эхлүүлэхээр Монгол Улсад ажиллаж буй Ираны Гадаад хэргийн яамны Олон улсын боловсрол, судалгааны төвийн дэд захирал, Элчин сайд И.Даманпак тэргүүтэй төлөөлөгчдийг өчигдөр /2017.10.04/ хүлээн авч уулзав.
Монгол, Ираны эрдэмтдийн хамтарсан Ил Хант Улсын түүхийг судлах төслийн нэгдүгээр шат 2015–2016 онуудад амжилттай хэрэгжиж, Ираны архив, номын сан, судалгааны төвүүдэд хадгалагдаж буй 13–14 дүгээр зууны үеийн гар бичмэлүүдийг олж тогтоох, нэгдсэн жагсаалт гаргах зэрэг ажлуудыг эхлүүлсэн нь ихээхэн үр дүнтэй ажил болсон юм. Энэхүү төслийг үргэлжлүүлэн тэртээ 14 дүгээр зууны үед Персийн эмч, эрдэмтэн Рашид Аль-Дин Хамаданийн Чингис хаан болон түүний удмынхны талаар голлон туурвисан “Судрын чуулган”-ыг хоёр орны эрдэмтэд цаашид хамтран судлах юм.
Эх сурвалж: ГХЯ