Дундговь аймгийн Сайнцагаан суманд орших Тэвшийн говийн ордыг түшиглэн “Могул Энержи” ХХК 600 мегаваттын хүчин чадалтай цахилгаан станц барихаар болсон билээ. Бид уг төслийг хэрэгжүүлэгч “Могул энержи” ХХК-ийн хэрэгжүүлж буй төслийн удирдагч Б.Батмөнхтэй ярилцлаа.
-Монгол Улсын эрчим хүчний хэрэглээ сүүлийн хэдэн жилийн дотор хурдацтай нэмэгдсэн. Та бүхэн цахилгаан станцаа чухам яагаад Тэвшийн Говийн ордыг түшиглэж байгуулах болов? Энэхүү төслөө танилцуулахаас яриагаа эхлэх үү?
-Тэвшийн Говийн ордыг яагаад сонгосон бэ гэхээр, энэ орд нь өөрөө төвлөрсөн болон дэд бүтцээс алслагдмал оршдог. Маш их хэмжээний хүрэн нүүрсний нөөцтэй, бассейныхаа хэмжээгээр ойролцоогоор 2 тэрбум гэж үздэг. Манай “Могул Энержи” ХХК Тэвшийн Говийн талбайг 2009 онд эзэмшиж эхэлсэн. Энэ орд дээр бид дөрвөн жил гаруй хайгуулын ажил явуулж, нөөцийг нь шинэчлэн тогтоосон. Социализмын үед судалгаа нь хийгдээд нөөц нь тогтоогдчихсон байсан дээр бид их хэмжээний хөрөнгө оруулж нөөцийг нь өсгөх хайгуул хийж ордоо бэлдсэн. Энэ ордыг сонгосон хэд хэдэн шалтгаан бий.
Нэгдүгээрт, энэ орд маш их нөөцтэй хэдий ч эдийн засгийн эргэлтэд орохгүй бол ямар ч үр ашиггүй зүйл. Харин нутгийн иргэд түллээ гэхэд жилдээ 20-30 мянган тонноос хэтрэхгүй. Тэгэхээр энэ нь эдийн засгийн үр өгөөжөө өгч чадахгүй хөрсөн дор байгаа маш их хэмжээний баялаг юм. Тиймээс энэ ордыг эдийн засгийн эргэлтэд оруулснаар улс орны нийгэм, эдийн засгийн хөгжилд ахиц авчирна, үнэлгээ бий болно, улс орон болон орон нутгийн хөгжилд маш том далайцтай бүтээн байгуулалтыг бий болгоно гэж үзсэн.
Ингэж ашиглагдахгүй байгаа ордыг эдийн засгийн эргэлтэд оруулж байгаа нь энэ төслийн нэг том ач холбогдол нь юм.
Хоёрдугаарт, яагаад эрчим хүчний цахилгаан станц барих болсон бэ гэхээр Дундговийн бүс нутаг өөрөө уул уурхай нэг их хөгжөөгүй, төв суурин буюу Өмнөговийн бүсийн уул уурхайн районы дунд оршдог завсрын бүс болчихоод байгаа. Тэгэхээр энэ төсөл хэрэгжсэнээр аймаг, орон нутгийн хэмжээнд маш том нийгэм, эдийн засгийн нөлөө үзүүлнэ.
Гуравдугаарт, энэ газар маань өөрөө эрчим хүчний системийн хувьд маш оновчтой цэг болж байгаа юм. Юу гэвэл, Улаанбаатараас Оюутолгой, Тавантолгой руу эрчим хүчний шугам холбогдож байгаа. Эрчим хүчний систем өөрөө бүтэн хэлхээ байх ёстой юм байна л даа. Ингэснээр эрчим хүчний шугамын алдагдал, дамжуулах шугамын алдагдал, эрчим хүчний системийн үр ашигтай байдал, аваар ослын талаасаа, эрчим хүчний системийн тогтвортой байдал талаасаа маш ач холбогдолтой байдаг. Цаашилбал, социализмын үед Баянтээгийн цахилгаан станц байгуулах төсөл яригдаж байсан юм билээ. Солонгосын Засгийн газар болон тодорхой байгууллагуудаас Өвөрхангайн Баянтээг дээр жижиг тохируулах станц барья гэдэг шийдэл явж байсан. Тэр станц ашиглалтад орсноор эрчим хүчний систем битүү хэлхээнд орж, магадгүй төвийн бүсийн эх үүсвэрээр баруун бүсийг эрчим хүчээр хангах эрчим хүчний нэгдсэн битүү сүлжээ бий болох байв. Гэвч тухайн үедээ энэ ажил хэрэгжээгүй хаягдчихсан.
Тэгэхээр бидний энэ цахилгаан станц баригдсанаар яг тэр Баянтээгийн цахилгаан станц хөрсөн дээр бууж ирж байгаа юм.
Тэвшийн Говийн цахилгаан станц баригдсанаар Улаанбаатарыг Дундговиос цэвэр эрчим хүчээр хангах, мөн Өмнийн говийн бүсийн районуудад эрчим хүчний эх үүсвэрийг нийлүүлэх гэсэн хоёр үндсэн функцтэй ажиллах юм.
Өмнийн говьд маш олон нүүрсний уурхай байгаагийн ихэнх нь эрчим хүчинд холбогдоогүй, генератор болон дизелиэр ажиллаж байгаа нь эдийн засгийнх нь хувьд өндөр өртөгтэй тусдаг. Дээр нь эрчим хүчгүй учраас шинэ техник, технологи нэвтрүүлэхэд түвэгтэй байдаг. Уул уурхай нь өөрөө эрчим хүчний хямд эх үүсвэрээр цахилгаан экскаватор, цахилгаан тоноглолууд, шинэ технологиудыг хэрэглэж байж л үнэ өртөг нь буурдаг гэдгийг та бид мэднэ. Тэгэхээр Өмнийн говийн районыг эрчим хүчээр бүрэн хангах шаардлагатай юм. Ингэснээр уурхайнуудын олборлох зардал буурч, ахиуцтай ашиг хүртэж чадна гэсэн үг. Бид гаргаж байгаа зардлаа бууруулж чадах нь чухал юм.
-Танай компанийн эзэмшиж байгаа талбай цахилгаан станцын олон жилийн тогтвортой үйл ажиллагааг хангаж чадах уу?
– Мэдээж, цахилгаан станц хүрэн нүүрсний ордыг түшиглэж таарна. Манай компанийн эзэмшиж байгаа талбай бол 420-иод сая тонны нөөцтэй. Бассейнаараа бол хоёр тэрбум орчим тонн юм уу даа. Дундговь аймгийн төв Мандалговиос 25 километрийн зайд оршиж байгаа. Ийм их хэмжээний нүүрсийг хэн ч ашиглаж чадахгүй хэвтэж байна шүү дээ. Энэ төсөл бол 1,1 тэрбум долларын нийт өртөгтэй, Концессын гэрээний хугацаанд 25 жил үргэлжлэх урт хугацааны мега төсөл.
Бидний барих цахилгаан станц хүчин чадлынхаа 80 хувийг ашиглаж ажиллах тохиолдолд жилдээ гурван сая тонн нүүрс хэрэглэнэ. 300 мегаваттын хүчин чадлын 80 хувийн ашиглалттай ажиллах тохиолдолд жилд 1,7 сая тонн нүүрс хэрэглэнэ.
Энэ төслийг бид хайгуулын шатанд бэлдлээ, ТЭЗҮ-ээ боловсрууллаа, эрчим хүчний тусгай зөвшөөрлөө авах зэрэг ажлуудаа шат дараатай хийгээд явсан. Таван жилийн өмнө бид нар Эдийн засгийн хөгжлийн яамаар асуудлаа оруулж, төслөө танилцуулсан бөгөөд Засгийн газар тухайн үед манай төслийг концесст бүртгэж авсан. Тэгээд манайх концесс дээр шалгараад Концессын хуулийн дагуу станцаа барих эрхтэй болсон.
-Концессын гэрээ гэхээр хүмүүс улсаас баахан мөнгө авч бариад, улсад буцаагаад өгдөг гэсэн ойлголттой байдаг. Танай Концессын гэрээ арай өөр хэлбэртэй гэж сонссон юм байна. Энэ талаар?
– Концесс нь өөрөө барих шилжүүлэх, барих ашиглах шилжүүлэх зэрэг маш олон төрөл байдаг. Манайх бол барих, ашиглах, өмчлөх хэлбэртэй төсөл юм. Энэ нь юу гэсэн үг вэ гэвэл, бид өөрсдөө хөрөнгөө гаргаж бариад, ашиглаад, өмчлөөд явна гэсэн үг. Өөрсдөө эрсдлээ үүрээд явна гэсэн үг л дээ. Засгийн газраас ямар нэгэн хөрөнгө оруулалт хийхгүй, төсөвт ямар нэгэн сөрөг нөлөөлөл байхгүй. Харин бид татвараа төлөөд явах учраас төсөвт бол эерэгээр нөлөөлнө. Ийм ялгаатай концессын хэлбэр юм. Үүнийг улсын мөнгөөр бариад буцаагаад улсад өгдөг бусад төслүүдтэй хольж хутгаж болохгүй л дээ.
Хувийн компани өөрийн хөрөнгөөрөө, эрсдлээ хүлээгээд томоохон бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлж байна. Гадуур яригдаад байгаа 700 тэрбумын концесстэй манай гэрээ ямар ч хамаагүй зүйл гэдгийг хүмүүс ойлгох хэрэгтэй. Хөрөнгө оруулагч нар өөрсдийн хөрөнгөөрөө хайгуулаа хийгээд, судалгаагаа хийж, хөрөнгөө босгоод станцаа барих гэж байгаа асуудал болохоос төсвийн хөрөнгөөр нэг юм босгочихоод улсад шахах гэж байгаа асуудал огт биш юм. Өөрсдийн хөрөнгөөр станцаа барилаа, ашиглалтад орууллаа, эрчим хүчээ хямд үнээр худалдлаа, ингээд л боллоо.
– Концессын гэрээ хэзээ байгуулагдсан бэ?
– Бид хоёр засгийн нүүр үзсэний эцэст 2017 оны гуравдугаар сард Ж.Эрдэнэбатын Засгийн газрын үед Монгол Улстай Концессын гэрээ байгуулж дууслаа. Ингээд гэрээнийхээ дагуу ажиллаад явж байна.
Манай станц эрчим хүчээ түгээгээд эхлэх юм бол Улаанбаатар руу хямд эрчим хүч нийлүүлэх техник, эдийн засгийн бололцоотой. Техникийн гэдэг нь Мандалговиос Улаанбаатар руу шугам татчихсан. Тавантолгойгоос Мандалговь руу шугам орж байна. Энэ шугам орчих юм бол манайх шиг шууд шугамтай холбогдчихсон газар байхгүй. Дээр нь манайхаас Арвайхээр рүү холбогдох юм бол баруун бүс тэр чигтээ эрчим хүчинд холбогдох, эрчим хүчний битүү хэлхээ үүсэх ийм техникийн боломж бүрдэж байгаа.
Манай станц 600 мегаваттын хүчин чадалтай болохоор Өмнийн говийг, уурхайнуудыг нь эрчим хүчээр бүрэн хангаж, цахилгаан нэвтрүүлэх бололцоог асуудалгүй болгож, дээр нь илүүдэл цэвэр эрчим хүчээ Улаанбаатар руу хямдаар нийлүүлэх боломжтой юм.
Одоо манайх Диспетчерийн үндэсний төвтэй эрчим хүч худалдах, худалдан авах гэрээ хийж байна. Аравдугаар сарын сүүл гэхэд энэ гэрээг хийчихвэл бидний улстай байгуулах гэрээ хэлцлүүд дуусч байна гэж ойлгож болно.
Эрчим хүчний санхүүжилтийн 70:30 буюу 70 хувийг зээлээр, 30 хувийг өөрийн хөрөнгөөр гэсэн схем байдаг. Тэгэхээр бид дээрх гэрээгээ хийж дуусаад гадны санхүүжүүлэгч нартай санал солилцох асуудал руугаа тууштай ороод явчихна. Одоогоор бид хэд хэдэн компаниудтай санал солилцоод, хэлэлцээр хийгээд явж байна.
-Төслийн давуу тал юу вэ?
-Тэвшийн говийн цахилгаан станц нь агаарт хаягдах хорт бодис болон бохирдлын хэмжээг бууруулж, хамгийн сүүлийн үеийн технологийг ашигласан байгаль орчинд ээлтэй станц болно. Бидний сонгосон CBF гэдэг шинэ технологи нь уламжлалт технологитой харьцуулах юм бол агаарын хөргөлттэй, гурван хувийн ус ашигладаг. 4-р цахилгаан станц 100 тонныг ашиглаж байхад манайх 3 тонныг ашиглаж байх жишээний буюу маш бага усны хэрэглээтэй ийм цахилгаан станцын төсөл юм.
Тэвшийн Говийн цахилгаан станц нь илчлэг багатай, чанар муутай нүүрсийг уурхай дээр нь ашиглан эрчим хүчийг үйлдвэрлэж, харин илүү өндөр чанарын нүүрсийг экспортод гаргах боломжийг хангаж байгаагаараа нүүрсний нөөцийг зохистой ашиглах нөхцлийг бий болгоно. Дээр нь гаднаас авч байгаа цахилгаан эрчим хүчний импортыг багасгаж, улмаар зогсоох зорилготой юм.
Уурхайгаас шавхсан усыг ашиглах тул хөрсний цэнгэг усыг ашиглахгүй. Станц маань ямар ч хаягдалгүй байх болно. Өөрөөр хэлбэл, станцаас гарсан усыг боловсруулаад үнс дагтаршуулахад ашиглах буюу дараа нь үнсийг уурхай руу буцааж булж болно.
– Төслийн ажил хэзээнээс эхэлсэн бэ? Мэдээж, бэрхшээл тулгарч, шантрах үе байсан л байлгүй.
– Бид энэ ажлыг эхлүүлээд зургаан жил болж байна. Уг нь хоёр жилийн өмнө болчих байсан ч төрийн зүгээс Концессын ажлын хэсэг байгуулаад нэгхэн хуралдаад хэлэлцээр хийхгүй жил болчихож байгаа юм. Тэгснээ 600 мегаваттын цахилгаан станц гэж байсныг 300 болгочих гэх мэтээр засаг яаж боож болдгийг харуулсан л даа. Дараа нь эрчим хүч худалдах, худалдан авах гэрээгээ байгуулъя гэсэн чинь бас ажлын хэсэг байгуулаад нэг жил алга болчихож байгаа юм. Ингээд хоёр, гурван жилийг алдчихсан.
Сүүлдээ төслөө зогсоодог ч юм бил үү гэж бодож байлаа. Гэхдээ одоо бол дээр, доргүй үүнийг маш зөв төсөл юм байна гэдгийг ойлгосон л доо. Ялангуяа яам бол энэ станц байгуулагдсанаар бусад станцуудын ачаалал багасч, хотын утаа буурахад нөлөөлөх юм байна гэдгийг маш сайн ойлгосон. Дээр нь Өмнийн бүсэд байгаа уул уурхайн олон компаниудад өртөг зардал багатай ажиллах боломж олдож байгааг ойлгосон. Ганцхан жишээ хэлэхэд, уурхайд дизель эксковатораар хөрс хуулахад 5000 төгрөг байхад цахилгаан нь 1000 төгрөг байх жишээтэй. Ийм өндөр зөрүү гардаг юм.
– Хөрөнгөө босгоод барилгын ажлаа эхлүүллээ гэхэд хэдий хугацааны дотор үйл ажиллагаагаа эхлүүлэх боломжтой вэ?
– Уурхайн үйл ажиллагааг эхлүүлэхэд ойролцоогоор нэг жилийн хугацаа шаардагдана. Харин цахилгаан станцын хувьд барилгын ажлыг хоёр шатлалтай хийхээр төлөвлөж байгаа бөгөөд эхний 300 мегаваттын блокийг барьж дуусгахад ойролцоогоор 36 сар буюу гурван жилийн хугацаа шаардагдах болов уу.
Нэгдүгээрт, ордын хайгуул хийж, нөөцөө батлуулна. Дараа нь усны хайгуул, дагалдах ашигт малтмал зэрэг хайгуулын ажил хийгдэнэ. Дээр нь геофизикийн судалгаа, чичирхийллийн судалгаа гээд яваад байвал ажил бол дуусахгүй их л дээ. Энэ бол зөвхөн ордоо бэлдэх ажил нь. Гэтэл нөгөө талаас ямар цахилгаан станц барих юм бэ гэдэг асуудал байдаг.
– Уурхай болон станц дээр хэдэн хүний ажлын байр бий болох вэ? Том төсөл учраас бүхэл бүтэн суурин сүндэрлэх болов уу?
– Уурхай болон цахилгаан станцад бидний тооцоолсноор хамгийн багадаа 1500 хүний ажлын байр бий болно. Тэгэхээр 1500 ажлын байрны цаана 10 мянга орчим дагалдах ажлын байр бий болдог гэсэн тооцоо байдаг юм байна лээ. 1,1 тэрбум долларын бүтээн байгуулалт гэдэг бол маш том ажил. Багануурын уурхайтай хэмжээгээрээ ойролцоо уурхай байхын дээр цахилгаан станц байгуулагдана. Одооноос мэргэжилтнүүдээ бэлдэх шаардлагатай байгаагийн дээр яг үйл ажиллагаа эхлэх юм бол мэдээж эхний жил гаруйн хугацаанд жигдэртлээ гадны мэргэжилтнүүдийг оператороор ажиллуулна.
– Эрчим хүчний салбарын цаашдын хөгжил ямар байх төлөвтэй байна вэ? Сүүлийн үед сэргээгдэх эрчим хүчийг ашиглах талаар мэргэжилтнүүд ярих болсон. Энэ талаар таны бодол?
– Эрчим хүчний салбарт ажиллаж ирсэн хүний хувьд манайх сүүлийн хэдэн жил энэ салбарт бүтээн байгуулалт сайн хийгдэж ирсэн. Дулаан хангамж, эрчим хүчний хангамжийн асуудалд сүүлийн 3-5 жилийн хугацаанд томоохон шинэчлэл, өргөтгөлүүд явагдаад эрчим хүчний систем ерөнхийдөө найдвартай ажиллагаа руугаа хандаж байна. Гэхдээ хотоо тойрч олон станцуудаа өргөтгөөд байдаг нь жаахан буруу юм. Бид эрчим хүчний станцуудаа Улаанбаатар хотоос зайдуухан байгуулж, уул уурхайн ордуудаас эрчим хүчээ аваад, цахилгаанаар халаадаг зуух, тоноглолуудаа бариад явах юм бол агаарын бохирдол, утааг бууруулахад бодитой алхам болох байх.
Нэмж хэлэхэд, манай эрчим хүчний хэрэглээ өсч байгаа. Гэхдээ маш их хэмжээний өсөлтүүд байгаа ч цахилгаан шугаманд холбогдох боломжгүйгээсээ болоод хөгжиж чадахгүй байна. Дээр нь, цахилгаан эрчим хүч хямдраад эхлэхээр хүмүүс цахилгаан халаалтыг сонгоод эхэлнэ. Тэгэхээр утаа хэзээ арилах вэ гэвэл, хямд үнэтэй цахилгаан орж ирсэн цагт л энэ биеллээ олох юм.
Эрчим хүчний салбар бусад салбараасаа таван жилийн өмнө явах ёстой гэдэг. Тэгэхээр бид хэн ч тоохгүй байгаа ордуудаа өөд нь татаж, эдийн засгийн эргэлтэд оруулан эрчим хүчээ үйлдвэрлэж, ашиглаж, экспортлох боломжтой юм байна гэдгийг ойлгох хэрэгтэй. Үнэндээ бидний хэрэглэдэг цахилгаан эрчим хүч Хятадын нэг жижиг тосгоны хэмжээнд байдаг. Тэгэхээр бид том станцууд бариад эрчим хүчээ экспортлох боломж бий.
Бидэнд нүүрсний маш их нөөц байна. Бид нар өнөөдөр ховор элемент олборлоод экспортлож чадахгүйгээс хойш нүүрсээ ашиглаад, зөв технологиор байгаль орчинд ээлтэй эрчим хүчээ үйлдвэрлээд экспортлох юм бол Хятад Улс манайхаас авч л таарна. Тэгэх юм бол манайд томоохон орлогын нэг эх үүсвэр бий болох магадлалтай. Ер нь бид энэ ашиглагдахгүй байгаа хүрэн нүүрсний ордуудаа эрчим хүчний эх үүсвэр маягаар ашиглах нь хамгийн оновчтой арга байх. Гэхдээ түүндээ ус зэргээс эхлээд хэрэглэх технологиудаа сайн бодолцох хэрэгтэй.
Сэргээгдэх эрчим хүчний тухайд, өнөөдөр системд холбогдоод ажиллаж байгаа ийм төрлийн станцууд хасах баланстай ажиллаж байгаа. Салхин сэнс л гэхэд 210 төгрөгөөр нийлүүлээд, буцаагаад авахаараа 50-60 төгрөгөөр авдаг байх жишээний. Энэ нь манай улс ногоон эрчим хүч, байгальд ээлтэй эрчим хүчний системүүдийг маш сайн дэмждэг хуультай болохоор хүмүүс тэрийг нь ашиглаад бизнес хийгээд байна уу даа гэж харагддаг.
Мөн салхин сэнс, нарны панель зэргийн хувьд цөлжилт үүсгэдэг юм байна лээ. Би Хятадын хэд хэдэн мужаар явж, тэдгээрийн үйл ажиллагаатай танилцаж, судалсан. Хятадууд салхин сэнс, панелийг удаан ажиллуулах юм бол цөлжилт үүсгэдэг юм байна гэж ярьж байсан. Учир нь, салхин сэнсийг нэг бол бороо хур их ордог чийгшил ихтэй газар, эсвэл далай дээр байршуулдаг юм байна лээ.
– Аймаг, орон нутгийнхан төслийг хэрхэн хүлээж авч байгаа вэ?
– Манай төслийг аймаг, орон нутгийнхан их сайхан хүлээж авч байгаа. Хэрвээ бидний энэ төсөл хэрэгжээд, эдийн засгийн үр ашгаа улс оронд өгөөд эхлэх юм бол дараа нь төр ба хувийн хэвшлийн хамтын ажиллагааны загвар төсөл болох юм. Дээр нь Дундговь аймгийн хөгжилд маш их ашиг тустай. Олон хүн ажлын байраар хангагдаж, үүнийг дагаад нутгийн иргэдийн амьжиргаа дээшилнэ.
– Ярилцсанд баярлалаа. Та бүхэнд амжилт хүсье.