Баянгол дүүргийн нэгдүгээр хороо буюу төмөр замын “Богд-Ар” хорооллын зүүн талд байрлах “Сөүл 14” байрны авто машины зам хэзээ мөдгүй нурахад бэлэн болжээ.
Газар дээр нь очиход 14 дүгээр байрны урд талын авто машины асфальт, бетонон зам нь элэгдэж, зарим хэсгээрээ доош суусан байдалтай харагдаж байлаа. Мөн цутгамал дамнуруу, арматур нь ил гарч, замын эргэн тойронд цууралт өгчээ.
Сөүл 14 барилгын дор 50 машины авто зогсоол байдаг гэнэ. Байрны оршин суугч болон СӨХ-ны ажилчид уг автомашины зогсоолоос болж зам доош сууж цууралт өгч байгаа талаар тайлбарлаж байсан юм.
Авто зогсоол руу орж үзвэл ямар ч гэрэлтүүлэггүй, таазандаа борооны уснаас хамгаалсан тор, төмөр их хэмжээгээр өлгөжээ. Учир нь борооны ус нэвтэрсний улмаас оршин суугчдын машиныг ихээр бохирдуулдаг, борооны ус нь цахилгааны утсанд хүрснээс болж гэрэл нь байнга шатдаг талаар иргэд хэлж байлаа.
Энэ талаар Баянгол дүүргийн нэгдүгээр хорооны Засаг дарга Ц.Уранбайгал дараах тайлбарыг өглөө.
“Газар доор бараг 2000 метр квадрат шахуу талбай байгаа. Ямар ч газрын зөвшөөрөлгүй, зөвхөн орон сууцныхаа доор зөвшөөрөлтэй. Барилгын хууль дүрэм зөрчөөд нийтийн эзэмшлийн авто зам доогуур автомашины зогсоол хийсэн байгаа юм. Энэ зогсоол нь цууралт үүссэний улмаас зуны улиралд борооны ус нэвчиж усанд автдаг. Хэзээ мөдгүй нурахад бэлэн байгаа. Баянгол дүүргийн мэргэжлийн хяналт, онцгой байдал хоёрт шалгуулахаар хүсэлт өгсөн. Дүгнэлт гарсны дараа дараагийн байгууллагуудад хандана” гэв.
2010 онд 67 айлын уг орон сууцанд Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас шалгалт хийж, мэргэжлийн байцаагчийн дүгнэлт гаргаж байжээ. Дүгнэлтэд “Зам талбайд эвдрэл үүссэн, дамнурууны арматур ил гарсан, хана таазны заадсаар бороо, цасны ус нэвчдэг зэрэг нь угсралтын явцад цутгалтын ажлыг технологийн дагуу гүйцэтгээгүй, барилгын норм дүрэмд тавигдах шаардлагыг хангаж ажиллаагүйгээс шалтгаалж үүссэн байна” гэжээ.
Ямартай ч хорооны зүгээс холбогдох газруудад хандаад байгаа юм байна. Тухайн авто зогсоолын дээд хэсэгт байнгын авто машины хөдөлгөөнтэй. Байрны иргэд машинаа тавьдаг. Зөвшөөрөлгүй барьсан авто зогсоолын улмаас тухайн хэсгийн оршин суугчид эрсдэлтэй нөхцөлд амьдарсаар байна.
Гэрэл зургийг Н.Батмөнх