“Шулуухан хэлье, цалин нэмэх боломжгүй”

Хуучирсан мэдээ: 2017.10.05-нд нийтлэгдсэн

“Шулуухан хэлье, цалин нэмэх боломжгүй”

Зам, тээврийн сайд А.Гансүх, Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э. Бат-Үүл нар өнөөдөр хамтран ажиллах “Санамж бичиг” байгуулав.

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын 2017 оны төсвийн тодотголыг хэлэлцэж байгаатай холбоотойгоор гишүүд асуулт тавьж, хариулт авч байна.

УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан: Төсвийн алдагдлыг бууруулах бололцоо байхгүй юм уу. 2017 оны төсвийн алдагдлыг 9.9 хувиар тооцжээ.

2017 оны төсвөөс гадаадын зээлийн хүүгийн төлбөрт хэдэн тэрбумыг төлж байна вэ. 2018, 2019 онд хүүгийн төлбөрт хэдий хэмжээний зардал гарч байна. Олон улсын валютын сан/ОУВС/-гийн хөтөлбөртэй тохирсноос юу нь хэрэгжээд, юу нь хэрэгжихгүй байна вэ.

УИХ-аас Эдийн засгийн хүндрэлээс гарах хөтөлбөр батлаад гурван жилийн нүүр үзэж байна, хэрэгждэггүй. Хэрэгждэггүйн хүндрэл юу вэ.

Нийгмийн гурван талт зөвшилцөл хийгдэх ёстой. Энэ зогсчихлоо. Ажил хаялт хийж байгаа багш, эмч нартай уулзсан. Төсөв хүндрэлтэй гэдэг ганц зовлон яриад суумааргүй байгаа, боломж бий юм билээ. Эмнэлгийн тарифыг өндөр болгоод өгвөл зохицуулалт хийх. Багш нарын зэрэглэлийг дотор нь зохицуулах боломжтой. Ингэж зохицуулалт хийсэн нөхцөлд цалин өсөх боломж байна. Судалж үзэв үү?  

Сангийн сайдын үүрэг гүйцэтгэгч Б.Чойжилсүрэн: Төсвийн алдагдлыг бууруулах шаардлагатай  гэдэгтэй санал нэг байна. Алдагдлыг бууруулахын тулд зарлагаа бууруулах, эсвэл орлогоо огцом өсгөх.

ОУВС-тай тохирсон хөтөлбөрөөр энэ онд төсвийн алдагдлыг 9.9 хувь байхаар тооцсон. Алдагдлыг аажмаар бууруулах шийдэлд хүрсэн. Энэ дагуугаа явж байна.

Засгийн газар ОУВС-тай тохирсноо биелүүлээд явсан. Ажлын хэсэг эхний үнэлгээ хийхээр ирээд амжилттай гэж үнэлгээ өгсөн.

Бүх макро эдийн засаг алдагдсан, төсвийн тэнцлийн алдагдал их байгаа. Үүнээс гарах арга зам нь Засгийн газар өнөө маргаашдаа экспортыг огцом нэмэх шаардлагатай . Ингэвэл өрийн дарамтад орохгүй байх онолын боломж байгаа.

ОУВС-гийн хөтөлбөр хэрэгжүүлснээр Засгийн газрын гадаад, дотоод бондын хүүгийн төлбөр буурч эхэлсэн.  2016 оны есдүгээр сард ажил хүлээн авах үед бондын хүүгийн төлбөр жилийнх нь 17 орчим хувьтай байсан бол одоо 12 хувь болж буурсан.

Нийгмийн зөвшилцлийн тухайд хүндрэл байхгүй. Шулуухан хэлэхэд 2018 онд цалин нэмэхгүй байхаар ОУВС-тай тохирсон.  2019, 2020 оноос төсвийн байгууллагынхны цалинг үе шаттай нэмэхээр тооцоолж байгаа.

Эрүүл мэндийн сайдын үүрэг гүйцэтгэгч А.Цогцэцэг: Эмч нарын цалинг нэмэх тооцоог гаргаж үзсэн.  Цалинг 30 орчим хувиар нэмэхэд 54.5 тэрбум шаардлагатай. Манай салбар Эрүүл мэндийн даатгал, улсын төсөв хоёроос санхүүждэг.  Боломж бол байгаа. Яаж гаргаж ирэх вэ гэхээр эрүүл мэндийн даатгалын сангаас өгч байгаа санхүүжилтийн тодорхой хувийг эрүүл мэндийн салбарынханд нь урамшуулал хэлбэрээр үлдээх.

Жилдээ улсын төсөвт 54 тэрбум төгрөг оруулчих юм бол 30 хувиар нэмчих гаргалгаа бий гэсэн хариулт өглөө.

Чуулганы нэгдсэн хуралдаан үргэлжилж байна.

Г.ДАРЬ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж